Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Чойжамц: Монгол Улс дайн байлдаанд шууд хамрагдахаас байнга татгалздаг

Г.Ганчимэг Монголын мэдээ
2017 оны 8 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

“Чухал хүн” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирал, хошууч генерал Ядмаагийн Чойжамцыг урилаа. Тэрбээр монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд үүрэг гүйцэтгэх үйл явцыг цаасан дээрх төсөл байхаас нь эхлээд ажиллаж, бодит ажил хэрэг болгосон хүндтэй хүмүүсийн нэг. Мөн батлан хамгаалах салбарын цаашдын бодлогод жинтэй хувь нэмэр оруулах эрхэм билээ.

 -Та энхийг сахиулах үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог хүний нэг. Анх Монгол Улс энхийг сахиулагчдаа илгээж байхад ямар хүндрэл бэрхшээлтэй байв. Одоо ямар болсон бэ. Хууль, эрхзүйн орчин бүрдээгүй, дүрэм журамгүй байх үеэс нь та оролцсон байдаг?

 -Энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэрэг оролцож эхэлсэн нь нэлээд түүхтэй. Яагаад гэвэл, 1990-ээд оны эхээр нийгэм, улс төрийн нөхцөл өөрчлөгдөж, улс орны өөрийгөө хамгаалах асуудлыг Үндсэн хуулиараа тунхаглачихсан тохиолдолд зэвсэгт хүчин ямар байх вэ, зэвсэгт хүчнээр цаашид ямар үүрэг гүйцэтгүүлэх вэ гэдэг асуудал өөрийн эрхгүй гарч ирсэн.

Ийм тохиолдолд буюу 1990-ээд оны дундуур судалгааны байгууллагуудаар ардчилсан орны зэвсэгт хүчин тайван цагт ямар үүрэг гүйцэтгэж болдог юм бэ гэдэг хэсэгчилсэн судалгаануудыг хийлгэсэн байдаг юм. Түүний нэг нь Стратегийн судалгааны хүрээлэнд ажиллаж байсан бэлтгэл дэслэгч генерал Ч.Пүрэвдоржоор “Монголын цэрэг НҮБ-ын цэнхэр дуулгатны үүрэг гүйцэтгэж болох уу” гэдэг асуудлаар судалгааны ажил хийлгэсэн.

Тухайн үед Монгол Улс эдийн засгийн хувьд маш түвэгтэй нөхцөлд байсан. Хоёрдугаарт, зэвсэгт хүчин, цэрэг ямар байдалтай яаж байх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байлаа. Гуравдугаарт, бодлогууд шинэчлэгдэж байсан. Эрхзүйн орчнууд шинэчлэгдэж байсан үе. Ийм тохиолдолд тэр судалгааг Батлан хамгаалах яам, холбогдох удирдах байгууллагууд анзааралгүй өнгөрчихсөн байдаг юм.

-Гэхдээ л энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэрэг ямар үүрэг гүйцэтгэж болох эсэхээр судалгааны ажил хийлгэж байсан нь том олз юм даа?

-Энэ нь судалгааг огт орхиогүй, үргэлжлүүлэн хийсэн байдаг юм. Цэргийн нэгж, бие бүрэлдэхүүний бэлтгэл гэдэг бол өндөр зардалтай, маш их ачаалалтай хийгддэг. Тиймээс үүнийгээ яаж хангах вэ гэдэг асуудал өөрийн эрхгүй гарч ирсэн. Үүний нэг хэсэг нь яах аргагүй НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох замаар цэргийнхээ нэг хэсгийн сургалт, бэлтгэлийг алдагдуулахгүй байх боломж байж болох юм гэж тухайн үеийн цэргийн удирдлагууд үзсэн л дээ.

Ингээд 1990-ээд оны сүүлээр “Цэргийн номлол” гэж 1990-ээд эхээр батлагдсан баримт бичгийг “Төрийн цэргийн бодлогын үндэс” болгож шинэчлэн найруулах үйл явц болсон юм. Тэр үед би Батлан хамгаалах яамны Ёслолын удирдлага төлөвлөлтийн газрын дарга байлаа.

Энэ бодлогын баримт бичигт Монголын зэвсэгт хүчний тайван цагийн үүрэгт НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох асуудал байж болох юм гэдгийг оруулах саналыг тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Монголын нэр хүндтэй стратеги судлаач, Элчин сайд Р.Болд гаргаж, ажлын хэсэгт байгаа бид “Энэ их зөв зүйтэй санал болов уу” гээд дэмжиж оруулж байлаа. Тиймээс эрхзүйн үндэс нь тэндээс эхэлсэн гэсэн үг. Энэ эрхзүйн акт маань 1998 онд УИХ- аар батлагдаад гарангуут дараагийн процессууд явагдаж эхэлсэн. 

Цэргийн ажиллагаанд явж байгаа хүмүүс маш их ачааллыг тэсвэрлэх хэрэгтэй.

-Ингээд ямар ямар үйл явц өрнөв?

-Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яамны хамтарсан ажлын хэсэг томилогдож ажилласан. НҮБ-тай ямар мэдээлэл солилцдог юм бэ, яаж цэргээ сургадаг юм бэ, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах бэлтгэлийг яаж хангадаг вэ гэдгийг судлах ажлыг хийсэн юм. Энэ ажлын хэсэгт би Батлан хамгаалах яамаа төлөөлөн оролцож ажиллаж байлаа. Яг үүнтэй зэрэгцээд дотоодын эрхзүйн актуудад өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Тэр үед ганцхан Батлан хамгаалах тухай хууль л байлаа.

Энэ хуулийг шинэчлэн найруулж, Зэвсэгт хүчний тухай хууль болгон өөрчлөх, энэ хуульдаа зэвсэгт хүчний тайван цагийн үүрэгт энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох үүргийг оногдуулах, дараа нь НҮБ-д цэрэг, цагдаагийн ажилтнуудыг оролцуулах тухай хуулийг 2000-аад оны эхээр батлан гаргах үйл явц эрхзүйн хүрээнд өрнөсөн.

Засгийн газрын тогтоол, Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайдын тушаал гарч, хамтарсан ажлын хэсэг байгуулаад үүнийгээ ажил хэрэг болгож байлаа. Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний жанжин штабт сургалт хариуцсан мэргэжилтэнтэй, дараа нь түүнийгээ нэгж болгон өргөтгөж үе шаттайгаар явсан.

Тэгээд 2000-аад оны эхээс эхлэн Монголын зэвсэгт хүчний зарим анги, байгууллагуудаас ялангуяа томилгоотой ангиудаас гадаадын цэргийн хээрийн сургуулилтуудад оролцож эхэлсэн дээ. Монголын офицеруудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын ажилтан, бусад цэргийн хүчний удирдлагын тасгуудад ажиллах офицеруудыг бэлтгэх үйл явц шат дараатай өрнөсөн.

-Гэхдээ тэр үед энэ ажил маш хэцүү, хүнд нөхцөлтэй байсан гэсэн?

-Үүнийг ойлгодог хүн гэж байсангүй. Хоёрдугаарт, манайд англи хэлтэй офицер бараг гарын таван хуруунд тоологдож байсан үе. Хамгийн анх 1999 онд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааны жагсаалтад бүртгүүлнэ гээд 100 гаруй хүнтэй хороо ороод, цэргийн ажиглагч 4-5 гээд санал явуулж байсныг санаж байна.

Гэтэл яг хэрэг дээрээ үүнийг гаргана гэхэд хэлний бэлтгэл, сургуулилт, зэвсэг техник, ахуй хангалт зэрэг нь маш их зардал, хүч хөрөнгө, идэвх чармайлт шаардсан ажил байсан юм. Тал талаасаа анхаарал тавьсны хүчинд анхны цэргийн ажиглагч нарыг 2002 онд явуулж байлаа.

Англи хэлний зохих мэдлэгтэй байсан учраас эмч байсан хүнээ татаж аваад, хоёр офицерыг цэргийн ажиглагчаар явуулж байлаа. Дараа нь 2003 онд анхны багийг олон улсын цэргийн ажиллагаанд явуулсан. Нью-Йоркийн хоёр өндөрт халдлага болсноос үндэслээд олон улсыг хамарсан терроризмын эсрэг эвсэл албан бусаар байгуулагдсан юм. Үүнд улс орон болгон хүчин чармайлттай оролцож эхэлсэн.

Ингээд 2001 онд Афганистанд олон улсын цэргийн үйл ажиллагаанд Монголын цэрэг орж байсан бол 2003 онд Иракт НҮБ-ын зөвшөөрлөөр орж байсан. НҮБ-ын аюулгүй байдал, хамгаалалтын асуудал сөхөгдөж байсан үе. Үүнд бид хамгийн анхны цэргийн багийг явуулж байлаа. Тэр үед багаа явуулахад тооцоо хийх, тээвэрлэлт гээд маш их туршлага дутагдсан. Тухайлбал, агаараар 200-аад хүнийг тээвэрлэнэ. Дагалдах бүх зэвсэг, техник, хувцас хэрэглэлийг тээвэрлэнэ гэдэг бол бидний хувьд цоо шинэ ажил байсан.

-Энэ бүх зүйлийг Монгол Улс өөрөө гаргах уу? 

-Тэгнэ шүү дээ. Ингээд 2004 оноос бид Афганистанд цэргийн сургагчдын баг явуулж эхэлсэн. Их бууны цэргийн сургагчдын багийг явуулж байлаа. Энэ бүхэн маань яах аргагүй туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлсэн. Энхийг сахиулагчдын ээлж зургаан сар болоод л солигддог. Ажиллагаанд явуулахын өмнө баг бүрдүүлж аваад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах ажлыг хийнэ.

Мэдээж, цэргийн ажиллагаанд явж байгаа хүмүүс маш их ачааллыг тэсвэрлэх хэрэгтэй. Цаг агаарын маш их өөрчлөлтөөс эхэлнэ шүү дээ. Энд өвөл болж, цаг агаарын температур -25 градусс байхад тэр очих газарт нь +35, +45 градус байх жишээний. Наад зах нь температурын зөрүү 40-50 градус болж байгаа биз. Ингэхээр хүний физиологид маш их өөрчлөлт гардаг. Хүний сэтгэхүйд бас их өөрчлөлт орно. Ирак, Афганистан маш их сул шороотой газар.

Дээрээс нь энд ч дэлбэрэлт, тэнд ч цуваа тэсэрч, халдлага боллоо гээд байнгын сэтгэл зүйн дарамтад орно. Ийм тохиолдолд бие бүрэлдэхүүнийг оюун санаа, сэтгэл зүй, бие бялдар, мэргэжлийн хувьд бэлтгэлтэй явуулах хэрэгтэй. Наад зах нь гарцаагүй халдлагад өртсөн тохиолдолд хүнээс өрсөөд зэвсэг техникээ ашиглан өөрийгөө хамгаалах чадвар суусан байх хэрэгтэй шүү дээ. Тэр үеийн цэргээ бэлтгэж байсан загварчлал одоо хүртэл энхийг сахиулагчдын бэлтгэлийг хангах сургалтын модуль болоод явж л байна.

-Та бараг анхны багийг авч явсан уу, үгүй юу?

-Үгүй ээ. Энэ бүхний үндсийг бүрдүүлэх удирдлагын багт би ажиллаж байлаа. Хамгийн анхны хэдэн хууль тогтоомж, шийдвэрүүдийг гаргах үйл явцад голлон оролцсон. Дараа нь энхийг сахиулах цэргийн баг бэлтгэхэд Жанжин штабын орлогч даргын хувьд ямар ачаалал авч, зэвсэг техниктэй оролцох вэ, хүнээ яаж бэлтгэн тээвэрлэх вэ гэдэг анхны суурийг суулгах ажилд гар бие оролцож явлаа.

Манай улс хамгийн анх 2006 онд Серра-Леонд цэргийн баг оруулж байсан. Үүний дараа 2005 оноос Косовод НҮБ-ын зөвшөөрөгдсөн ажиллагаанд Бельги, Люксембургийн багтай хамтраад үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс бид одоо НҮБ-ын ажиллагаанд оролцох дадлага туршлага хуримтлууллаа. Сүүлдээ буюу 2005 оноос батальоны хэмжээнд НҮБ-ын ажиллагаанд оролцуулах судалгаа, төсөв, томьёоллуудыг бэлтгэж эхэлсэн.

Ингээд 2009 оны эцсээр хамгийн анхны батальон Чадад явсан юм. Тэгээд 2011 оноос Суданд явсан даа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн энэ үйл явцын бэлтгэл 10-аад жилийн тэртээ эхэлж байлаа.

-Он цаг улирах тусам түүх болж үлдэнэ шүү дээ. Саяхан л энхийг сахиулагчдаа явуулж эхэллээ гэж ярьж байсан даа. Одоо нэгэнт багагүй хугацааг туулж, чамлахааргүй туршлага хуримтлуулжээ? 

-Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс НҮБ-ын үйл ажиллагаанд оролцъё гэдэг байр суурь давуу байгаа. Инженерийн эвсэл нисдэг тэрэгний баг ч юм уу гээд цаашид дэс дараатай явуулахаар төлөвлөж хийж байгаа ажил олон. НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоно гэдгийг зарим хүн ганц хүн л хийгээд байдаг ажил юм шиг ойлгодог тал бий.

Энэ нь тийм биш. Үүнд Батлан хамгаалах яам жинтэй хувь нэмэр оруулдаг. Сургуулилт бэлтгэл, үйл ажиллагааг нь хангахад Зэвсэгт хүчний жанжин штаб чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын байгууллагатай харилцахад Гадаад хэргийн яам маш том үүрэгтэй. Эрүүл мэндийг нь хамгаалахад Эрүүл мэндийн яам чухал үүрэгтэй гээд энэ ажил цар хүрээгээ улам тэлж байна. Х

үчний байгууллагууд Хилийн цэрэг, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар уялдаа холбоотой ажиллаж, төлөөллүүд нь ч энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Анх явж байсан үетэйгээ харьцуулбал одоо танигдахааргүй болсон. Явж байгаа багуудыг харахад ихэнх нь англиар халтар хултар ярьж байна.

Удирдлага нь үйл ажиллагаагаа англиар чөлөөтэй удирдан төлөвлөж, олон үндэстний багтай ажиллаад явах чадвар, өргөн мэдлэгтэй болчихсон. Ардчилсан орнуудын цэргийн сургуулиар боловсрол эзэмшчихсэн байна. Хоёрдугаарт, маш их туршлага хуримтлуулсан гэдгийг түрүүнд дурдсан даа. Ажиллагааны өмнөх сургалт, ажиллагааны явцад хүмүүсээ бэлтгэн оролцуулах, ёс зүй, оюун санаа, сэтгэл зүй, бие бялдрын тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн маш их туршлагыг хуримтлуулжээ. Анх Ирак руу цэргээ явуулах гэж байхдаа онгоцонд хуягт тээвэрлэгчдээ ачиж чадахгүй АНУ-аас сургагч багш нар урьж ажиллуулж байлаа шүү дээ. 

-Тэгэлгүй дээ, энгийн хүн бол хурдхан шиг ачаа бараагаа бөөгнүүлж аваад л нисчихнэ шүү дээ. Харин зэвсэг, техник, цэрэг гээд чихэнд хүртэл хүнд сонсогдож байна? 

-Бүх ачаа НҮБ-ын кодтой. Ийм буунд ийм код хэрэглэнэ. Энэ бууны сум тийм кодтой. Үүнийг тэнд, тэрийг энд гэх мэтээр тусгай стандарт мөрдөн үйл ажиллагаа гүйцэтгэн зэвсэг техникээ ачдаг. Энгийн хүн бол хэдэн ачаагаа бөөгнүүлж аваачаад нисчих юм шиг боддог байлгүй. Гэтэл тийм биш.

Тусгай зориулалтын зэвсэг техникээ ачаад олон улс дамжин ниснэ. Очсон улс болгоноосоо дипломат зөвшөөрөл авдаг. Дипломат албаны хүмүүс болоод Батлан хамгаалах, цэргийнхэн маш нягт хамтын ажиллагаатай байж үр дүн гарна.

-Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхийн тулд цэрэг офицеруудын өрсөлдөх чадвар маш их өөрчлөгдсөн байх. Наад зах нь “Би англи хэл сурахгүй бол болохгүй юм байна” гээд хичээх нь ойлгомжтой? 

-Цэрэг, офицерууд маш их өөрчлөгдсөн. Нийт бие бүрэлдэхүүний дотор “Би англи хэлний төвшнөө зайлшгүй сайжруулж ахиулах хэрэгтэй юм байна”, хоёрдугаарт “Мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх хэрэгтэй юм байна шүү”, гуравдугаарт “Бие бялдрын хувьд ачаалал дааж байх ёстой юм байна”, дөрөвдүгээрт “Би эрүүл байх ёстой. Тэнд очоод өвдөж болохгүй. Хэрэв өвдвөл би багтаа болон өөртөө хүнд байдал үүсгэх нь”, тавдугаарт “Ар гэрт ямар ч асуудал гарсан би сэтгэл зүйн хувьд тогтвортой байх ёстой юм байна шүү” гэдгийг ойлгоод өөртөө шаардлага тавьдаг болчихсон байна.

Тухайн үедээ бид албадаж, үүнийг сургалтаар зохицуулахыг оролдож байсан. Гэтэл өнөөдөр бүх офицер ахлагч нар хэнээр ч хэлүүлэлгүй өөрсдөө үүнийг ойлгодог болжээ. Одоо аль ч цэргийн анги дээр гадаадын хүн дагуулаад очвол чөлөөтэй ярилцаж ойлголцоно. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс бүр төв байранд нь дэд хурандаа эмэгтэй хоёр жил алба хаагаад ирж байна шүү дээ.

Сонгон шалгаруулалтад тэнцээд уригдан ажилласан юм. Суданд байгаа цэргийн багийн командлагчийн орлогчоор Монголын нэг генерал тавигдсан шаардлагыг нь хангаад томилогдон ажилдаа орж байна шүү дээ. Бид анх цэрэг бэлдээд явуулж байсан.

Дараа нь офицеруудыг цэргийн ажиглагчаар бэлтгэж байсан бол одоо удирдлагын бүрэлдэхүүнд нь Монголын офицерууд шалгараад оролцож байна гэдэг маань өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголын цэрэг, офицерууд НҮБ-ын олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон туршлага, чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж байна гэсэн үг. Тийм ч учраас сэтгүүлчид “Монгол цэрэг НҮБ-ын цэрэг боллоо” ч гэдэг юм уу “Монгол цэрэг дэлхийн цэрэг боллоо” гэж бичээд байгаа болов уу. Би үүнийг нэг их буруутгадаггүй. Яагаад гэвэл, би маш олон газар цэргээ эргэж очсон.

Очсон газрын гадаадын командлагч нар монгол цэрэгт ам сайтай байдаг. “Танай цэрэг хариуцсан үүргээ ягштал биелүүлдэг”, “Сахилга дэг журмын хувьд маш сайн”, “Танай цэрэг маш сайн тэсвэр хатуужилтай”, “Мэргэжлийн ур чадвар маш сайн” гэдэг. Энэ бол яах аргагүй өнгөрсөн 10 жилийн туршлагын үр дүн. Энхийг сахиулах үйл ажиллагаанд монгол цэргээ оролцуулахаар зүтгэсэн удирдах баг, удирдах байгууллагуудын хүчин чармайлт үр дүнгээ өгчээ.

Батлан хамгаалахын салбартай холбогдохгүй мэргэжил гэж байхгүй. 

-Уучлаарай, зарим иргэн цэргийнхэн өөрсдөө дурандаа л гадаад руу яваад байгаа юм шиг ойлгодог. Тиймээс улс орны төсөв мөнгө хэцүү байхад заавал энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Мөрөөрөө байхгүй бараг өөртөө гал дуудаад улс орноо эрсдэлд оруулаад дэмий гэх өнцгөөр бас хардаг л юм билээ?

-Энгийн хүмүүс тэгэж л ойлгож байгаа байх. Зарим нь бүр Солонгост гэрээт ажилтнаар явдагтай адил хэмжээнд дүйцүүлэн ойлгоод байх шиг. Гэтэл энэ чинь тийм биш. Шал өөр. Цэрэг бол хэзээ ч өөртөө ажил сонгодоггүй шүү дээ. Цэрэг бол төр засгийнхаа өгсөн үүрэг даалгаврыг ёслон хүлээж аваад л гүйцэтгэдэг. Монгол Улс 1990-ээд оноос хойш бие даасан гадаад бодлоготой, түүн дотроо энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг баримталж байна.

Дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа. НҮБ-ын гишүүнийхээ хүлээсэн үүргийг Монгол Улс бага ч гэсэн биелүүлнэ гэдгээ байнга тунхаглаж байдаг. Төр засгийн бодлогыг хэрэгжүүлэгч нь цэрэг байхгүй юу. Тийм учраас засаг төр НҮБ-тай гэрээ хэлцэл хийгээд Африкт явуулж байгаа ажиллагаанд бид ингэж оролцох боломжтой гэхэд НҮБ-аас ирж бүх зэвсэг техник, цэргийн бэлтгэлийг шалгаад “Боломжтой” гэж үзвэл эргээд мэдэгддэг. Ийм тохиолдолд цэрэг төр засгийн шийдвэрээр явж байгаа шүү дээ.

Олон улсын цэргийн үйл ажиллагаанд ингэж оролцсоноор “Гай дуудлаа”, “Бай болголоо” гэдэг хүмүүс бий гэдгийг мэднэ. Угаасаа олон үндэстний цэргийн үйл ажиллагаанд Монголын зэвсэгт хүчин, цэргийнхний барьдаг бодлого бол дайн байлдаанд шууд хамрагдах үйл ажиллагаанаас байнга татгалзаж ирсэн. Цэргийн албан хаагчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа юм.

Ялангуяа Ирак, Афганистанд аль болох дайны бус ажиллагаанд оролцдог. Хамгаалалт, сургалтын ажиллагаанд оролцож байдаг. Өөрөөр хэлбэл, гаднынхны анхааралд өртөхүйц хүнд хүчир ажиллагаа, дайн байлдаанд оролцуулдаггүй.

-Дайны төлбөр гэдэг нэг ойлголт бий. Тийшээ явсан хүмүүст нөхөн төлбөр өгдөг болов уу?

-НҮБ-ын үйл ажиллагаанд оролцсоноор оролцож байгаа цэрэг болгонд, техник болгонд НҮБ нөхөн төлбөр олгодог. Үүнийг нь зарим хүн цалин гэж ойлгоод байдаг. Биш байхгүй юу. Монгол Улсын Засгийн газар Суданд 850 хүнтэй баг явууллаа гэхэд сар бүр 850 хүнд нөхөн төлбөр олгож байгаа.

Буу зэвсэг бүх зүйл нормативтай. Энэ зардал бол тэр хүмүүсийг эргээд ирэхэд нь эрүүл мэндийг хамгаалах, ажиллагааны дараах сургалтад зориулагдах ёстой. Одоогоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хувь хүн болгонд нөхөн төлбөрийн 70 хувийг өөрт нь эргүүлээд өгч байгаа. 

-Энгийн иргэнд бол зургаан сарын хугацаатай аль нэг улсад ажиллаж, амьдраад ирэхэд ямар ч асуудалгүй. “Нэр төртэйхэн шиг ажил үүргээ гүйцэтгэе” гэж хичээж явтал зургаан сар харвасан сум шиг өнгөрнө. Харин цэргийн хүнд ялангуяа энхийг сахиулагчид бол байнгын сэтгэл зүйн дарамтан дунд өнгөрүүлж байгаа. Бэлтгэл сургуулилтаа сайтай явж байгаа хэдий ч очоод юу болохыг таашгүй. Магадгүй дэлбэрэлтэд өртөж бэртэх эсвэл гаднаас харахад эрхтэн бүтэн, эрүүл саруул юм шиг байвч сэтгэцийн өөрчлөлтөд орчихсон байх зэрэг эрсдэл бий байх. Бодит явдлаас сэдэвлэсэн ийм кино хүртэл байдаг шүү дээ. Энхийг сахиулаад ирсэн хүмүүсээ дараа нь яаж хэвийн амьдрал руу шилжүүлдэг юм бол? 

-Дайн байлдаанд ороогүй ч гэсэн цэргийн ажиллагаа болгон эрсдэлтэй. Тээвэрлэлтийн явцад ч осол гарч болно. Сургуулилтын үед ч осол гарч болно. Нэг талдаа хувь хүний сахилга зөрчсөнөөс осол эндэгдэл гарч болох ч цэргийн хэрэглэж байгаа багаж зэвсэг, техник болгон бүгдээрээ эрсдэл шүү дээ. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байхад эрсдэл бий юу гэвэл бий.

Ялангуяа, Афганистанд эргэн тойронд дэлбэрэлт тэсрэлт болж, халдлага гарна. Энд өртчих магадлал байхыг үгүйсгэхгүй. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн баг ч гэсэн ялгаагүй. Босогчид босоод алан хядах үйл ажиллагаа явуулбал түүнд өртөхгүй гэх баталгаагүй шүү дээ.

-Ийм нөхцөлд өрсөн зэвсэг хэрэглэж болно биз дээ?

-НҮБ-ын дүрмээр зэвсэг хэрэглэх эрх нь хязгаарлагдаж байдаг. Чам руу шууд халдлага үйлдээгүй тохиолдолд чи зэвсэг хэрэглэх эрхгүй. Амь насанд чинь шууд аюул заналхийлсэн тохиолдолд л магадгүй зэвсэг хэрэглэж болно. Ингэхээр эрсдэлт өртөх магадлал өндөр. Нөгөөтээгүүр, хүн байгаль, цаг уур, нийгэм, шашин, соёлын ялгаанаас болоод өөрөө ч мэдэлгүй сэтгэл зүйн дарамтад орж стрессдэж байдаг. Ялангуяа Африкт эрүүл ахуйн нөхцөл тийм ч таатай биш.

Эрүүл ахуйн тааруу орчинд янз бүрийн өвчинд өртөх магадлал өндөр. Дээрээс нь малиар гэдэг шумуулаар дамжиж халддаг өвчний халдварыг авчих вий гээд л байнгын айдастай. Багийн эмч нь “Алив, чи үүнийг уу” гээд хоол идэхийн өмнө байнга албадан эм уулгаад байдаг. Өөрөө бол уумааргүй санагдаж болно. Иракт байнгын дэлбэрэлт болдог учраас тэнд үүрэг гүйцэтгэж байсан залуусаас чихний хэнгэрэг нь цоорчихсон хүн ч бий. Цэргийн эмнэлэг хяналтдаа авч эмчилгээ хийж байгаа.

Монгол Улс аюулгүй байдлын бодлогоо зөв тодорхойлж цараатай хандах хэрэгтэй.

-Нэг ёсондоо энэ чинь бодлогын асар том ажил шүү дээ. Монгол Улсын тусгаар тогтнолын нэг хэсэг энд явж байгаа. Манай улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар 1990 оны эхтэй харьцуулахад одоо огт өөр болчихсон гэдэг нь тодорхой. Дэлхийн жишигтэй харьцуулахад аль талд нь яваа бол. Мэдээж ахиц дэвшил гарсан байгаа. Гэхдээ зайлшгүй анхаарал хандуулах зүйл ч байгаа болов уу?

-Монгол Улс 70 жил хуучнаар ЗХУ-аар өөрийнхөө аюулгүй байдлыг хангуулж, хамгаалуулж байсан гэж хэлэхэд болно. Гэхдээ мэдээж, өөртөө хүлээсэн үүрэг хариуцлагатай л даа. Харин 1990- ээд оноос хойш өөрөө бие даасан статустай, бие даасан эдийн засагтай, бие даасан бодлогоо явуулдаг боллоо. Үүнээс үүдээд Монгол Улсын аюулгүй байдлын бодлогод анхны концепцийн өөрчлөлтүүд гарсан юм.

Бид аль болох зэвсэглэл хэрэглэхээс татгалзаж, энхтайванч байр сууриа илэрхийлээд байгаа. Нөгөө талдаа, гадаад бодлогоороо бид энхийг эрхэмлэсэн бодлого барина. Дэлхий нийтийн энхийг эрхэмлэх явцад дэмжлэг үзүүлнэ. Хоёр хөрштэйгөө найрсаг харилцана. Олон тулгуурт харилцааг хөгжүүлнэ гэх мэтчилэнгээр ярьж байгаа.

Тиймээс Монгол Улс 1990-ээд оноос батлан хамгаалах салбартаа өөрийгөө хамгаалах бодлого барьж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд энэ бодлогыг үечилсэн байдлаар сайжруулаад тодорхой нөхцөл байдлаас үүдээд аажимдаа тодотгол хийгээд явж байгаа л даа. Саяхан гэхэд өнгөрсөн онд батлагдсан “Орон нутагт тулгуурласан батлан хамгаалах бодлого”-ыг баримтална гэдгээ илэрхийлж байна.

-Ихэнх судлаач “Манай улс хоёр том хөрш улстай. Тиймээс аюулгүй байдалдаа санаа зовохын ч хэрэггүй. Орос, Хятад хоёроор хамгаалуулчихна” гэх утгатай зүйл яриад байдаг. Энэ нь хэр үндэслэлтэй вэ?

-Сүүлийн 10-аад жил дэлхий дахинд өрнөж байгаа үйл явцаас харахад аюул занал гэдэг агуулгын хувьд маш томоор өөрчлөгдсөн. Аюул занал гэдэг бол хажуу талын улс дайсагнаад ороод ирнэ гэдгээс шал өөр болчихлоо. Уламжлалт бус аюул занал буюу хэдхэн хүн орж ирээд эдийн засгийг бүхэлд нь савлуулж бужигнуулдаг болсон байна. Хар тамхи, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүнсний аюулгүй байдал, кибер халдлагаар улс орнуудыг тамирдуулж байгаа жишээнүүд ч бий.

Нөгөөтээгүүр, гадаадын улс орнуудын тухайн улсад нөлөөлөх гэсэн бодлогоор төрийн засаглалын хүчийг сулруулж, эдийн засгийг тамирдуулах үйл явц дэлхий дахинд илэрхий болчихлоо. Дэлхийг хэрсэн иймэрхүү гэнэтийн аюул заналын сүлжээнүүд хэдийнээ бий болчихсон байна шүү. Бид хэтэрхий тайван нөхцөлд олон жил амьдарч ирсэн учраас үүнийг нэг их анзааралгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байгаа юм.

Тиймээс Монгол Улс аюулгүй байдлын бодлогоо зөв тодорхойлж цараатай хандах хэрэгтэй. Тухайлбал, 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа их олон зүйлийн ач холбогдлыг бууруулж өөрчилсөн. Дэлхий дахинд өрнөж буй үйл явц, өөрчлөлтүүдийг мэдэрч үүнийгээ эргэн харж, судалгааны байгууллагуудаа үүн дээр ажиллуулах хэрэгтэй.

-Батлан хамгаалахын салбартай холбогдохгүй мэргэжил гэж байхгүй юм байна?

-Тэгэлгүй яахав. Батлан хамгаалахын салбартай холбогдохгүй мэргэжил гэж байхгүй. Ер нь энэ салбартай холбогдохгүй үйл явц ч ховор доо. Жишээлбэл, социализмын үед улс орноо батлан хамгаалах нөөцийн цувраажилт гэдэг зүйлийн суурийг маш сайн тавьсан байдаг. Гэтэл одоо энэ нь алга. Янз бүрийн гэнэтийн болон байгалийн эрсдэл гарлаа гэхэд л эхний ээлжинд өртсөн иргэдээ яаж хооллож, юугаар хувцаслаж, ямар орон байраар хангах юм бэ.

Тийшээ хүрч очих тээвэр, шатахууны нөөцийг яаж зохицуулах вэ гэдгээ тооцоолчихсон байх ёстой. Энэ зун ган боллоо. Ирэх өвөл хүндэрнэ, яаж давна аа л иргэд санаа зовоод сууж байна. Үүнд аймаг, сум болгон бэлэн байх ёстой. Энэ чинь улс орны аюулгүй байдлыг хангах бодлогын салшгүй нэг хэсэг нь байхгүй юу.

-Та бас цэргийн сэтгүүл зүйгээр мэргэшсэн хүн. Бусад мэргэшсэн сэтгүүл зүйгээсээ цэргийн сэтгүүл зүй ямар ялгаатай вэ. Монголд цэргийн сэтгүүлчид байна уу?

-Би “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл үндэсний аюулгүй байдлыг хангахад ямар үүрэгтэй вэ” гэдэг сэдвийг судалж, магистр хамгаалсан байхгүй юу. Тайван цагт энхийг сахиулах үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн салбар асар их үүрэг гүйцэтгэдэг юм билээ. Мэдээллийг үнэн зөв хүргэхээс эхлээд маш их ач холбогдолтой. Хэрэв ажигладаг бол дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэргэдээ цэргийн сэтгүүл зүйгээр мэргэшсэн тоймчидтой байдаг.

Тэд дэлхий дахинд өрнөж буй үйл явцыг байнга ажиглаж юунаас үүдэлтэй вэ, одоо яах гэж байна вэ, ямар үр дагавартай вэ гэдгийг олон нийтэд маш сайн мэргэжлийн төвшинд хийсэн үнэлэлт дүгнэлтэй хүргэж байна. Тухайлбал, Хойд Солонгост цөмийн пуужин харвахад 15 минутын дараа Сөүлд цохилт өгнө. Гэтэл манайхан гадаад мэдээний орчуулагчаараа ийм мэдээг зүгээр л орчуулуулаад тавьчихдаг.

Уг нь мэргэшсэн сэтгүүлчид манай улсад яаж нөлөөлөх юм бэ, тэнд ажиллаж амьдран ар гэрээ тэжээж байгаа монголчууд яах вэ, цөмийн зэвсэгт өртсөн хүнс Монголд ороод ирвэл яах вэ, тэнд болж байгаа эдийн засгийн савлагаа манай улсад нөлөөлөх үү, үгүй юу гэх зэрэг асуудлыг хөндөж үйл явдлын гүнд ордог байвал зүгээр.

Нөгөөтээгүүр, манай нөхцөлд цэргийн сэтгүүлч бэлтгэх нь тулгамдсан асуудал хараахан биш. Яагаад гэвэл манайд өдөр болгон цэрэг дайны үйл явдлаар хүний анхаарал татах хэрэгцээ нь бага. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа, мэргэшсэн хүмүүсээ энэ чиглэлээр давтан сургахад л болно. Эргээд энэ чинь хүний амьдрал, хувь заяаны асуудал шүү дээ. Баахан цэргийн сэтгүүлч бэлтгээд эргүүлээд хааш нь шингээх вэ. Одоо ажиллаж байгаа хэддээ сургалт явуулахад л болно.

-Сургалт гэснээс Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захиралтай уулзсаных жилд хэчнээн оюутан ямар мэргэжлээр элсүүлдэг юм бол, төгсөөд ажлын байр нь хэр олдоцтой байдаг юм бол гэдгийг асуугаасай гэж хүлээж байгаа эцэг эхчүүд байхыг үгүйсгэхгүй?

-Манай сургууль жилд 400-500 оюутан элсүүлж байна. Түүний 80 орчим хувь нь I, II курсдээ шигшигдээд сайн сурлагатайнууд нь гадаадын цэргийн сургуульд явдаг. Үлдсэн оюутнуудын 100 орчмыг нь дотоодын цэргийн сургуулиудад авдаг. Цаана нь 200-300 оюутан энгийнээр төгсдөг юм. Энэ жил 265 оюутан энгийнээр төгслөө. Манай сургуулийн төгсөгчдөд ажлын байр харьцангуй олдоцтой. Иргэний байгууллагууд ч авах их дуртай байдаг юм.

Нэгдүгээрт, төлөвшил сайтай гэж үздэг.
Хоёрдугаарт, гүйцэтгэх чадвар сайтай.
Гуравдугаарт, боловсролын хувьд арай түлхүү төрийн байгууллагадаа бэлтгэгдсэн.

Төрийн захиргаа, инженер техникийн боловсон хүчнүүд төгсдөг. Бид жил болгон төгсөгчдийнхөө ажил эрхлэлтийн байдалд судалгаа хийж үздэг л дээ. Ерөнхийдөө 70-75 хувь нь төгсөнгүүтээ л ажлын байртай болчихсон байдаг юм. Энэ жилийн элсэлтийн онцлог бол сургалтын хөтөлбөртөө кибер халдлагын төрөлжсөн анги нээж байгаа. Жилийн жилд чанартай оюутан элсүүлэхийн тулд сурлага сайтай, аль болох бие бялдрын хөгжил сайтай хүүхдүүдийг авдаг. Энэ жилээс эхлээд манай сургуулийн оюутнууд цэргийн алба хаадаг болж байгаа.

Зураг