Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд харах үйлчилгээнд 5,275 хүүхдийг хамруулна

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 8 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Жил бүрийн өдийд сургууль, цэцэрлэгийн зовлон эхэлдэг. Сайд дарга нар нь сургууль, цэцэрлэгийн тоо хэдээр нэмэгдэж байгаа гэх асуултад булагддаг бол эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж сугалаанд найддаг дүр зураг үргэлжилж байна.

Энэ жилийн хувьд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг улсын хэмжээнд 81.5 хувьд хүргэснээр 252,753 хүүхэд хамрагдах тооцоог салбарын яамнаaс хийгээд буй. Энэ нь өмнөх оныхоос 9,321 хүүхдээр нэмэгдсэн тооцоо юм.

Мөн улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1,422 цэцэрлэг ажиллана. Ерөнхий боловсролын 798 сургуульд нийт 575,879 сурагч суралцах бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад хүүхдийн тоо 23,926-аар нэмэгджээ. Ингэхдээ 798 төрийн болон төрийн бус өмчийн сургууль ажиллах гэнэ.

Энэ жил нэгдүгээр ангид 73,545 хүүхэд элсэн суралцаж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 11,300-аар нэмэгдэж байгаа юм.

Харин 96 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцах тооцоотой байгаа нь 7,100 орчмоор буурсан үзүүлэлт юм.

ЕСӨН БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГТ 212 ХҮҮХЭД ХАМРАГДАНА

Цэцэрлэг хүрэлцэхгүйгээс гэртээ үлддэг, мөн сургуулийн хүрэлцээ муугаас гурван ээлжээр хичээллэдэг байдал жил бүр давтагддаг. Тэгвэл энэ жил улсын хэмжээнд 1,250 ор бүхий 14 цэцэрлэгийн барилгыг ирэх сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар болжээ. Улаанбаатар хотод 2,377 ор бүхий төрийн бус өмчийн 36 цэцэрлэг шинээр нээгдэнэ. Мөн Улаанбаатар хотод байгууллагын есөн цэцэрлэгт 212 хүүхэд хамрагдах юм.

Сургуулийн хувьд 2,240 суудал бүхий дөрвөн төрийн өмчийн сургуулийн барилга есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орох юм. Насан туршийн боловсролын төвд дүйцсэн хөтөлбөрөөр суралцагсдын тоо 9,263 болохоор байна. Үүнээс Улаанбаатар хотын Насан туршийн боловсролын 10 төвд суралцагчийн тoo 1.155-д хүрч 147 суралцагчаар нэмэгдэх юм.

Энэ талаар БСШУС-ын сайд Г. Чулуунбаатар “Сугалаанаас өөр хувилбар байхгүй. Электрон бүртгэлийн үйл ажиллагаа олон хоног дугаарладаг асуудлыг хязгаарлаж чадсан. Сугалааг нийтэд ил тод, зөв зохион байгуулах учиртай. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд гэрээр хүүхэд харах үйлчилгээ болон хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь өгөх замаар шийдэхэд анхаарч ажиллана.

Мэдээж өмнөх жилүүдийн нэгэн адил бүх хүүхдээ цэцэрлэгт бүрэн хамруулж чадахгүй. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэхийн тулд салбар яам бүх боломжоо дайчлан ажиллах болно. Чөлөөт орон зайд хувьсах зардлыг нь нэмэх замаар хувийн хэвшлийн цэцэрлэгүүдээ тор дэмжин ажиллах хэрэгтэй байна. Бас хувийн хэвшлийн болон төрийн бус өмчийн байгууллагуудын барьчихсан цэцэрлэг, барилгын объектыг түрээсээр болон худалдан авах замаар хангамжаа нэмэгдүүлэхэд салбар яам анхаарна” гэв.

Улсын хэмжээнд гурван ээлжтэй сургууль 2015-2016 онд 24, 2016-2017 онд 32 байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд 27 сургуулийн 227 бүлгийн 9,139 сурагч гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс III ээлжинд хичээллэх сургуулийн тоо есөөр буурч байгаа хэдий ч бүлгийн тоо таваар, сурагчдын тоо 433-аар нэмэгдэхээр байгаа юм.

Ж.Азжаргал: ХҮҮХЭД АСРАГЧ НАРАА ИЛҮҮ ЧАДАВХЖУУЛНА

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 113 мянган хүүхэд байдгийн 78 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой, үлдсэн 22 хувь нь гэртээ харах хүнгүй үлддэг байна. Тэгвэл Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр эдгээр хүүхдийн 70-80 хувь нь энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгаа аж.

Энэ талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгаалал урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Азжаргалаас тодруулахад “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр нийт 5,496 хүүхэд хамрагдсан. Эдгээр хүүхдээс 297 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үйлчилгээнд олгогдох хувьсах зардал 2017 онд хоёр дахин нэмэгдэж орж байгаа.

2016 оны жилийн эцсээр 5,275 хүүхэд хамрагдсан хүүхдийн квотоор 2017 оны төсөл батлагдсан. Аймаг орон нутгийн хагас жилийн байдлаар 5,190 хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсанаас хөгжлийн бэрхшээлтэй 203 хүүхэд хамрагдсан. Энэ жил Хүүхэд харах үйлчилгээний зардалд улсын төсвөөс нийт 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Хүүхэд харах үйлчилгээний стандарт чиглэлийг сайжруулах, хүүхэд харах үйлчилгээ зөвхөн хүүхэд харах биш хуулийнхаа дагуу хоёр наснаас сургуульд шилжих нас хүртэлх насны хүүхэд хамрагдана гэж заасан учир тус хугацаандаа ЕБС-дэлсэн суралцахын өмнөх бүх бэлтгэл хийгдэх ёстой.

Ирэх жилд хүүхэд асрагч нараа илүү чадавхжуулж, чанартай хоол хүнсээр хангах чиглэлээр ажиллаж байна. Энэ онд аймаг, орон нутаг, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын баталсан 5,275 хүүхдийн квотоороо хамрагдана. Хүүхдээ үргэлжлүүлэн хүүхэд харах үйлчилгээндээ явуулах уу. СӨБ-ын үйлчилгээнд өгөх үү гэдэг нь эцэг эхийн сонголт. Хэрэв дахин хүүхэд харах үйлчилгээнд явуулах бол бүртгүүлнэ” гэлээ.

ДҮРЭМТ ХУВЦАС 60-120 МЯНГА, СУРАХ БИЧИГ 2,720 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Боловсрол, соёл, урлагийн газрууд баталсан нэгдсэн загварын дүрэмт хувцсыг сурагчид өмсөнө. Албан ёсны мэдээллээр Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн, стандарт шаардлагыг хангасан дүрэмт хувцасны үнэ 60-120 мянган төгрөгөөр зах зээлд борлогдож байна.

Сурах бичгийн тухайд бага ангийн хүүхэд бүрийн сурах бичгийг төрөөс хариуцдаг бол дунд, ахлах ангид амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, ерөнхий боловсролын сургуульд гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг төрөөс хариуцдаг.

2017 -2018 оны хичээлийн жилд бага ангийн сурагчид 100 хувь, дунд ангийн сурагчид дунджаар 39 хувь, ахлах ангийн сурагчид дунджаар 38 хувь нь төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангагдана.

Энэ хичээлийн жилд нийт 1,240,900 сурах бичиг хэвлэж нийлүүлэхийн одоогийн байдлаар бага ангийн бүх сурах бичиг сургуулиудад хүргэгдсэн байна. Дунд, ахлах ангийн шинэ сурах бичиг болон нөхөн хангалтын сурах бичгүүдийг ирэх сард багтаан сургуулиудад хүргэх гэнэ. Энэ хичээлийн жилийн хувьд ХI-XII ангийн сурах бичгийн зах зээлийн дундаж үнэ 2,720 төгрөг байна. Сурах бичгийн нэгдсэн худалдаа Багшийн хөгжлийн ордонд энэ сарын 21-нээс ирэх сарын 15-ны хооронд зохион байгуулагдана.

Харин Төрийн өмчийн их, дээд сургуулийн удирдлагад сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн сургуулийн нэг кредит цагийн төлбөр 40,000-96,600 төгрөгийн хооронд буюу сургалтын төлбөрийн дундаж 1,932,600 төгрөг байна.

Зураг