Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Nokia 8 гар утас “Bothie” хэмээх шинэ хэлбэрийн сэлфиг танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Нэгэн үе дэлхийд ноёлж байсан Нокиа брэндийг дахин сэргээхийн тулд нэгэн компани Android системтэй, шинэ “Nokia 8” ухаалаг утсаа зах зээлд гаргаж байна.

Тэд зургаан сарын өмнө Nokia 3310 загварыг шинэчлэн зах зээлд гаргасан юм. Финландын Nokia брэндийг дахин гаргахаар ажиллаж байгаа компани нь HMD Global нэртэй бөгөөд Нокиагийн хуучин ажилчдын баг ард нь ажиллаж байгаа юм.

Тэдний шинээр танилцуулж байгаа Nokia 8 гар утас нь Андроид системтэй, хөнгөн цагаан эх биетэй, Carl Zeiss камертай, 5.3 инчийн дэлгэцтэй, 7.9 мм зузаан. Ерөнхийдөө Apple, Samsung зэрэг өнөөдрийн гол үйлдвэрлэгчдийн гар утастай өрсөлдөхүйц үзүүлэлттэй гэхэд болно. Харин 2017 оны гол трэнд болсон хүрээгүй дэлгэц байхгүй нь түүний гол дутагдал байж магадгүй. Дэлгэцийнхээ дээд ба доод хэсэгт том хэмжээтэй талбай үлдээсэн байна.

Carl Zeiss брэндийн 13 Мп хос камерыг ардаа байрлуулсан Nokia 8-ын бас нэг өвөрмөц чадвар нь 360 хэмийн дуу хоолойг бичдэг. Өөрөөр хэлбэл видео дүрс бичиж байхад орчны дуу чимээг бүхэлд нь жигд бичинэ гэсэн үг юм.

Нокиагийнхан мөн анх удаа “Bothie” хэмээх нэртэй хэрэглээ гаргаж ирж байгаа нь сэлфигийн сайжруулсан хувилбар ажээ. Энэ нь камерны ар ба урд талын хоёр камер зэрэг ажиллаж, хоёр талын дүрсийг зэрэг буулгах чадвартай гэсэн үг юм. Ингэж буулгасан фото эсвэл видеог Фэйсбүүк, Youtube сүлжээнд шууд хуваалцах боломжтой юм байна.

Өмнөх Nokia 3, 5, 6 загварууд нь хямд үнэтэй зах зээлд чиглэгдэж байсан бол Nokia 8 нь $599 үнэтэйгээр есдүгээр сарын эхээр гарах гэнэ.

Тэд Apple, Samsung компаниудын шинэ гар утас танилцуулах хугацааны завсарт Nokia 8-аа гаргахаар төлөвлөжээ.

HMD Global энэ загвараа Apple, Samsung-ийн ноёлдог үнэтэй гар утасны зах зээлд анх удаа нэвтрэх гэсэн оролдлого гэж үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian