Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Цэцэгмаа: Эрчүүдэд сэтгэлийн дэм, урмын үг их хэрэгтэй

Г.Ганчимэг Монголын мэдээ
2017 оны 8 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Архийг зарим хүн идээний дээж хэмээн хүндэтгэдэг бол нөгөө нэг нь чөтгөрийн ундаа гээд нэг нүдээрээ ч үзэхгүй. Алтан наран алаггүй ч аавын хөвгүүд адилгүй учир архинд хандах хандлага нь бас ондоо. Ёс учраас ёроолыг нь гаргаж, дуртайдаа духандаа хүргэн дугтарсаар архичин гэдэн “ажил”-тай болсон нь ч цөөнгүй.

Амьдралдаа ийн алдаж эндэж яваа нэгнийг эхийн сэтгэлээр тосож аваад чадахаасаа чадахгүйгээ хүртэл араас нь дагаж, өврөөс нь түшихээр сэтгэл шулуудсан нэгэн сайхан багшийг бид “Чухал хүн” булангийнхаа зочин хойморт урьсан юм. Түүнийг зарим нь багш аа хэмээн хүндэтгэн дууддаг бол зарим нь ээж ээ хэмээн “эрхэлнэ”. ШШГЕГ-ын харьяа Согтууран мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын сургагч багш Ноосойн Цэцэгмаатай доорх яриаг өрнүүллээ.

-Ажиглаад байхад та фейсбүүктэй их нөхөрлөдөг бололтой. Гэхдээ дийлэнх пост нь цаанаа л нэг сургамжилсан өнгө аястай юм. Олон шавьтай хүн арга ч үгүй биз.

-Өө, би онч үгсийг их маягийн тавина шүү дээ. Сэтгэлийн дэм өгч, урам хайрласан үгэнд хүн их баярладаг. Авах хүнд үг ганцдахгүй. Ер нь үг хүнийг амьдруулж, бас үхүүлэх шидтэй шүү дээ. Гэхдээ би “Аав хүнийг уурлуулбал Алтайн уулс нурах мэт, ээж хүнийг гомдоовол эхтэй булаг ширгэх мэт” гэхчилэнгээр дандаа хүнд ухаарал хайрлаж, нэгийг бодогдуулсан онч үгсийг их тавьдаг. Фейсбүүк хол байгааг нь дэргэд байгаа юм шиг уулзуулж, ганцаараа байгаа нэгэнд бол сэтгэлийн хань юм даа.

-Таны шавь нар аймаг болгонд бий байх. Удахгүй шавь нар чинь цугларна гэж сонссон?

-Миний багш зохиолч, яруу найрагч Ж.Цогтсугар. Багш маань “Монголчууд архинаас татгалзаж байна” нэвтрүүлгийг хөтөлдөг. Энэ сарын 19-нд “Багшаа алдаршуулъя” цэнгүүнийг багш маань ШШГЕГ-ийн “Төр хур” амралт сувилалд зохион байгуулах гэж байгаа юм. Монгол Улсын 18 аймаг, гурван том хотоос ирсэн хүмүүс ширхэг ч архины шилгүй их гоё арга хэмжээг зохион байгуулна гээд төсөөлөөд үз дээ. Тэд маань согтууруулах ундаанаас ямар ч хамааралгүй болсон хүмүүс.

-Ёстой мундаг юм аа. Гэхдээ яаж. Айл гэрт архи уудаг ганц хүн байхад л ямар хэцүү, хүндрэлтэй байдаг билээ. Гэтэл тийм олон хүнийг архинд донтох өвчнөөс нь салгаж чадсан гэхээр нэг л санаанд багтахгүй юм. Магадгүй зарим нь бүр итгэхгүй байх л даа. Ямар гээчийн нууц жор хэрэглэчих вэ?

-Хамгийн гол нь хүнтэй ажиллах арга эвээ л сайн олох юм уу даа.

-Ингэхэд та яагаад заавал архинд донтсон хүмүүстэй “ноцолдсон” юм бэ. Таны чин сэтгэлийн угаас хийхийг хүсэж байсан ажил уу. Эсвэл цэрэгжилттэй газрын жишгээр даргын тушаалыг л үг дуугүй дагав уу?

-Эгч нь ШШГЕГ-ын харьяа Согтууран мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ажилладаг. 2010 онд би Тамхи, архинаас шалтгаантай эмгэг өвчин судлалын төв болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран зохион байгуулсан сургалтад суусан юм.

Ер нь манай байгууллага, хамт олон ерөөсөө л хүний төлөө байдаг. Та эмчлүүлэгч, байгууллага хоёрын хооронд гүүр болж чадах хүн гэж хэлээд намайг сургалтад суулгахаар явуулсан. Түүнээс хойш хамт олныхоо хүлээлгэсэн итгэлийг алдахгүй үүргээ биелүүлэхийг хичээсээр, архины хамааралтай хүмүүст “Сэтгэл зүй, оюун санааны есөн дэвшил” хөтөлбөр сургалтыг явуулсаар байна.

-Амьдрал дээр архинд донтсон хүн үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй юм шиг ээ. “Би архичин биш” гээд л агсам тавиад байдаг шүү дээ?

-Архинд донтох өвчнөө эмчлүүлж буй хүн маань 14 хоногийн турш дотоод журамд баригдаж амьдардаг. Халуун усанд орж, цагаан хэрэглэлтэй оронд унтана. Амарч тайвшрахаараа арай ондоо болно. Түүнээс биш анх ирэхдээ маш их үгүйсгэлтэй ирдэг. Цагдаа, ар гэрээ харааж зүхэн, хашхичсаар орж ирнэ.

Өөрийгөө архинд донтох өвчтэй болсон байна гэдгээ ойлгож мэдэхгүй, огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. За тэгээд хамгийн эхний арга хэмжээ нь “Сэтгэл зүй, оюун санааны есөн дэвшил” гээд миний сургалт байдаг юм. Монгол эр хүний сэтгэхүйн онцлогт суурилсан энэхүү хөтөлбөрөөр тэднийг эргэж хөл дээрээ босоход нь тусалдаг.

-“Сэтгэл зүй, оюун санааны есөн дэвшил”-ээр чухам юуг заадаг юм бол?

-Эхлээд хүн өөрөө чин сэтгэлээсээ архинаас татгалзах хэрэгтэй. Ингэж шийдэж сэтгэл зүйгээ удирдан жолоодож чадсан хүн л архинд донтох өвчнөөсөө салж чадна. Ийм эргэлт буцалтгүй шийдвэрийг өвчтөнөөр өөрөөр нь гаргуулах ёстой. Дараа нь өөрийгөө хайрлах ёстой гэдгийг ойлгуулдаг. Өөрийгөө хайрлаж байгаа хүн архи уухгүй шүү дээ. Миний энэ сургалтаас гадна төрх зан үйлийн хичээл ордог хоёр сэтгэлзүйч байгаа. Тэд “Ахиж дэвших 12 алхам”-ыг заадаг юм.

Мөн нийгмийн ажилтан гээд дөрвөн хүний хүч хөдөлмөр, гараар дамжиж байж эм тариагаар л асуудлыг шийдэх биш сэтгэл зүйгээрээ хүн бодол санаагаа өөрчилдөг. Хүний тархи оюунтай ноцолдож, дотоод сэтгэлийг нь уудлаад ирэхээр тэр хүний мэдрэмж аяндаа өөрчлөгдөж байгаа нь анзаарагддаг. Би үүнийг долоон жилийн турш явуулсан сургалтаасаа ажиглаж байна. Зөвхөн ийм сургалтаар архинаас гарсан олон хүн бий.

Үр дүн гарч, архинаас гарсан хүмүүс янз бүрийн салбарт ажиллаж байна. Зарим нь бүр БНСУ-д хүний зэрэгтэй ажиллаж амьдарч байгаа. Хаана ч байсан бүгдээрээ эргэх холбоотой явдаг нь сайхан. Бүгд байгууллага, багш, нийгмийн ажилтан, эмч, сувилагчтайгаа байнга утсаар ярина шүү дээ.

-Зарим нь өөрсдөө архинаас гаръя гэж шийдсэн ч чаддаггүй. Заримыг нь ар гэрийн хүмүүс нь яаж ч ноцолдоод дийлдэггүй шүү дээ. “Арай ч ингээд гудамжинд гаргачхаж болохгүй дээ” гээд л өр өвдөж байгаа нь анзаарагддаг. Иймэрхүү байдлаар аргаа олохгүй асуудал бэрхшээлтэй амьдарч байгаа гэр бүл магадгүй энэ ярилцлагыг уншаад тантай уулзахыг хүснэ байх. Таныг хаанаас яаж олж уулзах вэ?

-Дээр хэлсэнчлэн манай байгууллага хүний төлөө л ажилладаг. Айлд архи уудаг ганц хүн байхад л ямар их асуудал дагуулдаг билээ. Гэтэл манай байгууллагын 46- хан ажилтан улсын хэмжээний архинд донтох өвчтэй хүмүүстэй ажилладаг. Энэ бол хүнд хөдөлмөр. Монголд ганцхан байгаа байгууллага. Гэхдээ манай байгууллагын нөхцөл бололцоо ч их сайжирсан. Бүх өрөөндөө засвар хийж, эмч сувилагч нар маань бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ хүмүүсийн төлөө нойр, хоолгүй ажиллаж байна.

Манай байгууллагын ажилтнууд их мундаг. Сувилагч нь сувилагчаа, эмч нь эмчийнхээ ажлыг хийдэггүй. Бүгдээрээ л энэ хүмүүсийн тархи оюунтай ноцолдож, нийгмийн ажилтан болцгоосон. Аймгууд ч манай байгууллага руу хүнээ их чиглүүлж байгаа. Харамсалтай нь зарим нэг орон гэргүй, очих хань ижилгүй хүмүүс гарч ирээд л дахиад архиа уучих гээд байдаг. Үүн дээр зарим аймаг их мундаг зохион байгуулалт хийсэн.

Тухайлбал, Өмнөговь аймгийг нэр дурдаж болно. Тус аймгийн сүмийнхэн очих орон гэргүй, хань ижилгүй хүмүүсийг сүмийнхээ дэргэд авч амьдрах орон байраар хангаж байх жишээний. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар архигүй Хэнтийн төлөө маш сайн ажилласан.

-Таны ажлын хамгийн бахархалтай хэсэг нь хэзээ байдаг бол?

-Өвчтөнүүд маань бүх сургалтаа дуусгасны дараа би өөрчлөгдсөн шүү гэдгээ илэрхийлж “Эдгэрлийн баяр”- ыг хийдэг. Манай Нийгэм, сэтгэлзүйн алба энэ арга хэмжээг зохион байгуулдаг юм. Түүн дээр чин сэтгэлийн үгээ хэлж байгаа хүмүүсийг хараад бидний ажлын үр дүн юм даа л гэж боддог. Шавь нар, хүүхдүүд минь үнэхээр мундаг, бахархахгүй байхын аргагүй байдаг шүү.

-Та түрүүнд шавь нар маань байнга эргэх холбоотой байж, утсаар ярьдаг гэж байсан?

-Тийм ээ. Эмч ээ, миний биед тийм өөрчлөлт өгөөд байна. Одоо яах вэ. Багш аа би таныхаа зааж сургаснаар сайн явж байгаа шүү гээд тулгамдсан асуудал, сэтгэлийн үгээ хэлж, өөр хоорондоо ярьж зөвлөдөг юм. Сувилагч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан ер нь бүгдтэй нь энэ мэтээр залгаад ярихад нээлттэй. Зарим нь “Энэ ч хүүгээ сайхан болгочих юмсан”, “Тэр ч дүүгээ архинаас гаргачих юмсан” гээд дагуулаад ирдэг.

Энд ирж өөрийгөө эмчлүүлсэн хүн эргээд найзыгаа эсвэл хамаатныхаа хүнийг дагуулаад ирдэг шүү. Өөрөө архинаас гарсан хүн “Энэ миний жинхэнэ найз байгаа юм. Ээж аавыгаа өнгөрснөөс хойш жаахан гундаад байна. Найзыг маань архинаас ангижруулж өгөөч” гэдэг хүсэлт тээгээд ирдэг. Тэр бүхэнд л бид эрвийх дэрвийхээрээ тусална шүү дээ.

-Ер нь ямар хүмүүс архинд донтдог юм бол. Зарим нь “Архи сэтгэлийн эд. Арчаагүй залхуудаа архинд орлоо” гэдэг ч бас тийм биш бололтой?

-Энэ чинь өвчин шүү дээ. Манай Монголын сор болсон урдаа барьдаг, чадварлаг хүмүүс ч архинд орчихсон байдаг. Заавал ажилгүй, ядуу, эсвэл арчаагүй хүн л архинд ордог юм биш.

-Ажил төрөлтэй, нэр төртэй, амжилтаар халгиж цалгиж яваа ч архинд орчихсон хүмүүс байдаг. Гэр бүлийнхэн нь ч асуудал бэрхшээлээ шийдэх гэхээр олны хэл амнаас айгаад гэх үү ичээд гэх үү чимээгүй тэрүүхэн тэндээ шаналаад явдаг хүмүүс ч бий. Айхавтар агсам согтуу тавиад, хэрэг зөрчилд холбогдоод явна уу гэхээр бас үгүй. Тэгсэн мөртөө уух л дуртай болчихсон хүмүүс байдаг. Тэд хэзээ ч эр зориг гарган ирж эмчилгээ хийлгэхгүй шүү дээ. Эцэст нь Монголын нэг сайхан гэр бүл бутарч сарнина. Ийм асуудалтай хүмүүсийг яавал дээр вэ?

-Өөрийнхөө саналаар ирж эмчилгээнд орох хүн цөөхөн л дөө. Дийлэнх нь Шүүхийн шийдвэр гарч байж албадангаар ирдэг. Манай байгууллага Төв аймгийн Баян суманд байдаг. 1900- 1950 лавлахаас утас аваад бидэнтэй ярьж болно. Манай багш, сэтгэлзүйч, нийгмийн ажилтантай холбогдож байгаад хувь хүмүүс бас ирж болно шүү дээ.

Миний багш Ж.Цогтсугар хэлдэг юм. Албадан эмчилгээний үүдэнд том том жийп машинууд ирээд “Би энэ ч хүнээ өөрчилье”, “Тэр ч хүнээ өөрчлөх юм шүү” гэж зорьж ирдэг болох цаг хэзээ юм бол доо гэж. Одоо манай байгууллагын нөхцөл бололцоо сайжирч, зөвөөр ойлгодог хүн олон болсон.

-Ер нь архинд донтох өвчтөн хурдан эдгэрэхэд хамгийн хэрэгтэй зүйл нь юу байдаг юм бол?

-Эрчүүдэд маань жаахан сэтгэлийн дэм, урмын үг хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, зарим эмэгтэй хүн хэтэрхий их би-гээр өвчилчихсөн байна. Би л энэ амьдралыг авч явж байна. Би л их мөнгө олж байна. Чи юу чаддаг юм. Хэзээ юу олж ирж байсан юм гэх мэтээр. Энэ чинь эргээд эр хүний үнэт чанарыг алдагдуулж байна гэх үү дээ. Яадаг юм бэ, эхнэр нь ажилтай, орлоготой, илүү цалинтай байгаа л биз.

Мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй зүйл чинь танай гэр бүлийн амар тайван, элэг бүтэн, аз жаргалтай, урт удаан амьдрал шүү дээ. Үүнийгээ л битгий устгаарай. Орчин үед эрчүүдээс гадна эмэгтэйчүүд бас мансууран согтуурч, архинд донтох өвчтэй болж байгаад сэтгэл маш их эмзэглэдэг. Сүүлийн үед архинд орсон эмэгтэйчүүдийн нас залуужиж байна. Эмэгтэй хүн өөрийгөө татаж авч, биеэ гоё авч явах хэрэгтэй шүү дээ. Ер эрэгтэй, эмэгтэй аль нь ч байлаа гэсэн сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй.

-Танаас ажлаа л хийж байна гэх хандлагаас илүүтэйгээр чин сэтгэл л илүү мэдрэгдэж байна. Ийм хүн ч одоо ховорхон болсон доо?

-Хүн сэтгэлзүйгээрээ ядарна гэдгийг би биеэрээ туулж мэдэрсэн. Хар багаасаа ханилсан хань маань 10 жилийн өмнө өвчний улмаас бурхан болсон. Бидний залуу нас хайр сэтгэл гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч гэр бүл болж байлаа. Сайхан ханиа мөнх бусад алдчихаад гурван жил ганцаараа уйлж явсан. Тэр үедээ хэнд ч үнэн үгээ хэлдэггүй, их ганцаардлын байдалд орсон доо. Хүн хэтэрхий их дотогшоогоо чиглэж бөглөрөөд яваад байхаар зүрх ачааллаа даадаггүй юм билээ.

Улмаар даралт ихэсдэг, зүрх өвддөг болсон. Ерөнхийдөө л сул дорой нэгэн болчихсон байлаа. Би ингээд дуугарчихвал дэмий байх. Тэгээд хэлчих үү. За за яршиг гээд юм болгоныг буруу талаас нь боддог болчихсон үе надад бас байсан. Гэтэл 2010 онд байгууллага маань намайг сургалтад суулгахаар явуулдаг юм байна. Тэр сургалтад сууснаар би хамгийн түрүүнд өөрийгөө өөрчилсөн. Яагаад гэвэл би нутаг холтой. 10 хүүхэдтэй айлын хамгийн том. Өөрөө дөрвөн хүүхэдтэй. Хань маань найман хүүхэдтэй айлын хамгийн том нь байсан.

Тиймээс би амьдралд нугарч болохгүй юм байна. Би сэтгэлзүйгээр баян байх ёстой юм байна гэдгийг ойлгоод өөрийгөө эхлээд өөрчилсөн юм. Дараа нь би зөвхөн өөрөө сайн хүн болохдоо бас гол нь биш. Маш олон хүний сэтгэлзүйд нөлөөлж, гэр бүлд нь баяр баясгалан, элэг бүтэн амьдралыг нь эргүүлж авчиръя гэж шийдээд миний чин үүрэг болсон. Одоо би энэ ажлаараа бахархдаг. Маш олон хүний амьдралд өөрчлөлт авчирч, гэрэл гэгээ тусгасан.

Би хамт олноороо бахархдаг. Миний ядрах, жаргах тэр бүхэнд хамт олон маань миний дэргэд зогсож байсан. Би хамт олондоо маш их хайртай. Аав маань Хорих байгууллагын удирдах газарт насаараа ажилласан. Тиймээс би өөрийгөө аавынхаа үргэлжлэл шүү дээ хэмээн омогшуулдаг. Энэ байгууллагад би сэтгэлийн их өртэй хүн.

-Одоо л зарим шавь чинь таныг “Ээж ээ” гэж дууддагийн учиг тайлагдаж байна шүү дээ?

-Олон дүүгийнхээ хажуугаар түмний сайхан үрсэд тус хүргэхийг хамгийн их хичээнэ. Зарим үйлчлүүлэгч “Ээж ээ” гэж дууддаг. 2012 онд би “Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлэгт оролцсон. Эмчлэгдсэн хүмүүс намайг энэ нэвтрүүлэгт оруулсан юм.

Намайг “Ээж ээ” гэж дуудахаар дотроо би “Нээрээ, энэ хүн ээж ээ гэдэг үгнээс ухаарчих юм биш байгаа даа” гэж боддог. Би ээж шиг нь байх ёстой хүн шүү гэж өөрийгөө үргэлж цэнэглэж явдаг юм. Ямар урмын үг хэлэх вэ, яаж зөв чиглүүлж, зөв амьдруулах вэ гэж санаж сэрж суудаг.

-Архинаас татгалзах эмчилгээнд хамрагдаж байгаа өвчтөнүүдийн үйлчилгээний зардлыг хаанаас гаргадаг юм бол?

-Шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээ хийлгэж байгаа учраас төрөөс л энэ хүмүүсийн эмчилгээ үйлчилгээний зардлыг гаргадаг. Манайд архины хордлого тайлах, шинж тэмдгийг дарах, архины дур дарах эмчилгээг хийдэг юм. Лабораторийн шинжилгээгээр тухайн хүн архинд донтох өвчний хэддүгээр үе шатанд байна вэ гэдгийг оношлоод эмчилгээг дэс дараатай хийж байна. Үүний хажуугаар сэтгэлзүйн сургалт маш үр дүнтэй байгаа.

-Өнөөгийн хүнд хэцүү цагт төр халамжлах ёстой иргэнээ халамжилж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байгааг ойлголоо. Харин ар гэрийн зүгээс нь ямар дэмжлэг байдаг вэ?

-Архинд донтох өвчтэй хүн эмчилгээнд хамрагдаж байх үед ар гэрийнхэн нь бидэнтэй холбогдон ирж “Энэ өвчин ийм учиртай юм шүү”, “Үүнийг нь анхаарч тал талаасаа анхаарч ажиллая” гээд бидэнтэй хамтарвал тухайн гэр бүлд л аз жаргал нь очно. Ингэж нээлттэй хамтарч ажиллавал эмчилгээний үр дүн илүү өндөр. Ар гэрийн зүгээс хэрэгтэй үед нь түшигтэй байж чадвал тухайн өрх айл элэг бүтэн хэвээрээ үлдэнэ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Хэн ч байлаа зөв сэтгэлтэй, уйгагүй хөдөлмөрлөж чадвал аз жаргал аяндаа өөрөө ирнэ. Би үр хүүхдэдээ сайн ээж нь, шавь нартаа сайн багш нь байхыг үргэлж хичээдэг. Хамт олноороо бахархаж, мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа талархаж явдаг.

Зураг