Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын 3.5 сая иргэн цэрэгт явах хүсэлт гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн баталсан эдийн засгийн шинэ хоригийг санаачлагч АНУ-аас өшөөгөө авахын тулд 3.5 сая залуу ба ахмад үеийнхэн армид алба хаах хүсэлтээ гаргасан тухай Хойд Солонгосын хэвлэл өчигдөр буюу Бямба гарагт мэдээлжээ.

Тус улсын эрх баригч намын төв хэвлэл Родон Синмун сонинд нийтдээ 3.475 сая хүн, түүн дотор оюутнууд, залуу ажилчид, чөлөөндөө гарсан цэргийнхэн гурван өдрийн дотор ийм хүсэлтээ засаг захиргаанд ирүүлсэн тухай өгүүлсэн байна.

Наймдугаар сарын 7-нд Хойд Солонгосын засгийн газар шинээр тавьсан хоригийн эсрэг тэмцэхээ зарласан ба түүнээс хойш хүмүүс сайн дураар армид татагдах хүсэлтээ гаргаж эхэлсэн аж. Өнгөрсөн долдугаар сард хоёр удаа баллистик пуужин туршсан Пёньяны эсрэг авах эдийн засгийн шинэ хоригийн тогтоолыг наймдугаар сарын 5-нд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн орнууд санал нэгтэйгээр дэмжсэн юм.

Шийдвэрийн дараа Хойд Солонгос даяар ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа тухай тус улсын хэвлэлүүд дамжуулж байв. Тухайлбал нийслэл Пёньян хотод Лхагва гарагт 100,000 орчим хүн оролцсон жагсаал болсон бол бусад муж, хотуудад бага хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээнүүд зохион байгуулагджээ.

 

Эх сурвалж: Korea Herald