Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлд цэргээ оруулах тухай Дональд Трамп мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улс төр, эдийн засгийн гүн хямралд ороод байгаа Венесуэлд цэргийн ажиллагаа явуулах хувилбарыг судалж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Ерөнхийлөгч Николас Мадуро нь үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сөрөг хүчнийг нухчин дарж, өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг завдаж байгаа энэ цаг үед Латин Америкийн Венесуэл улсын дотоод хэрэг явдалд АНУ гүнзгий оролцох төлөвлөгөөтэй байгаа нь эндээс харагдаж байна.

Нью Жерсигийн Бэдминстер дэх гольфийн клубт Баасан гарагт зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр Трамп “Венесуэл улс биднээс тийм ч хол биш. Тэнд хүмүүс зовж, үхэж байна” гээд “Бид Венесуэлд авах арга хэмжээний хэд хэдэн хувилбарыг судалж байна. Түүн дотор цэргийн ажиллагаа ч яригдаж байгаа” гэжээ.

Харин ерөнхийлөгч Мадурог зайлуулах төлөвлөгөө бий эсэхийг асуухад тэр хариулаагүй байна. Мөн цэргийн ажиллагааны тухай илүү мэдээлэл өгөөгүй юм.

Энэ амралтын өдрүүдээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс Өмнөд Америкийн Колумби, Аргентин, Чили улсуудад айлчлана. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Америкийн ерөнхийлөгч нар Венесуэлийн социалист удирдагч нартай тэрсэлдсээр ирсэн түүхтэй.

Харин энэ он гарсаар Мадуро өөртөө их хэмжээний эрх мэдэл олж авахын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулах дээд байгууллагыг сонгуулиар бий болгосон нь газрын тосны үнийн уналтаас болоод эдийн засаг нь гүн хямралд орсон Венесуэлийн олон нийтээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Саяхан Вашингтон тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Хариуд нь Мадуро Трамптай холбоо тогтоож, хэлэлцээр хийх сонирхлоо илэрхийлсэн юм. Гэвч Венесуэлд ардчилсан ёс эргэж тогтсоны дараа Трамп Мадуротой ярилцана гэдгийг Цагаан ордон Баасан гарагт мэдэгджээ.

Мадурог ухраах дипломат арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж дууссан тул цэргийн ажиллагаа явуулах талаар хөрш орнуудтай нь хэлэлцэхээр Майк Пэнс Өмнөд Америкийг зорьж байна гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

 

Эх сурвалж: Bloomberg