Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цохилтоос Хойд Солонгосыг хамгаалахаа Хятад мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ АНУ болон Өмнөд Солонгосоос Хойд Солонгост цохилт өгч, дэглэмийг нь нураахыг оролдвол Хятад улс хамгаалах арга хэмжээ авна гэдгээ төрийн мэдлийн Global Times сонины нийтлэлээрээ мэдэгджээ.

Харин Пёньяны зүгээс АНУ-ыг чиглэсэн пуужингийн цохилт хийвэл Хятад улс төвийг сахих болно гэж мөн мэдэгдсэн байна. АНУ-Хойд Солонгосын хооронд харилцан хатуу мэдэгдэл шидэлцэж, харилцаа хурцдаж байгаа энэ үед Бээжингээс өгч байгаа анхааруулга гэж үүнийг дүгнэж болохооор байна.

Хятадын Коммунист намын албан ёсны хэвлэл “Ардын сонин”-ы англи хэл дээр гардаг салбар хэвлэл Global Times нь Бээжингийн бодлогыг дэлхий нийтэд албан бусаар уламжилдгаараа алдартай.

Тус сонин мөн Солонгосын хойгт үүсээд байгаа нөхцөл байдалд санаа зовж, талуудыг мөргөлдөөнд хүрэхээс зайлсхийхийг уриалсан байна. “Хэрвээ дайн дэгдвэл АНУ ямар нэгэн стратегийн ашиг хонжоо гаргаж чадахгүй, Хойд Солонгос урьд өмнө үзэж байгаагүй хохирол амсах болно” хэмээн талуудыг ятгаад “Хойд Солонгос өөртэй нь хэлэлцээрийн ширээний ард суухыг АНУ-аас хүсч байна, харин Америкчууд Пёньяныг гартаа оруулахыг зорьж байгаа” гэж талуудын байр суурийн зөрүүг тодотгожээ.

Бээжин тус бүс нутагт дайн дажингүй, энх тайван, тогтвортой байдлыг хүсч байгаагаа эцэст нь илэрхийлсэн байна. Бас өөрийнх нь эрх ашгийг хөндвөл Хятад улс хатуу хариу барихаа хямралд оролцож байгаа бүх талуудад анхааруулжээ.

Энэ долоо хоногт Солонгосын хойгийн асуудал эрчимтэй хурцадсан. Талууд харилцан хатуу мэдэгдлүүд хийж байгаагаас гадна АНУ, Өмнөд Солонгосын тал хамтарсан цэргийн сургуулилалтаа эрчимжүүлээд байгаа бол Хойд Солонгос Гуам дахь Америкийн цэргийн баазад цохилт өгөхөөр бэлдэж байгаагаа зарласан юм.

Дайн гарах сургаар дэлхийн хөрөнгийн зах зээлүүд уналтад орж, алтны үнэ нэмэгдэж эхэлжээ.

 

Эх сурвалж: Global Times