Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрвээ Хойд Солонгос довтолбол АНУ-д туслахаа Австрали амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп, Малкольм Турнбулл нар

Хэрвээ Хойд Солонгос АНУ руу халдвал Австрали улс мөргөлдөөнд оролцоно гэж тус улсын ерөнхий сайд Малкольм Турнбулл зарлалаа.

Тэрээр Баасан гарагийн өглөө 2AW радио станцад ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна.

“Хэрвээ Хойд Солонгосын зүгээс АНУ руу ямар нэг халдлага үйлдвэл ANZUS (Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын батлан хамгаалах гэрээ) гэрээний дагуу бид АНУ-д туслана. Австралийн нутаг дэвсгэрт хэн нэгэн халдвал Америкчууд туслах үүрэгтэйн нэгэн адил” гэж тэрээр хэлжээ.

Турнбулл бас “Австралиас илүү хүчтэй холбоотон АНУ-д байхгүй” гэж нэмж хэлсэн юм.

Гэхдээ ерөнхий сайд ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа, дипломат арга хэмжээнүүд тус дэглэмийг энхийн яриа хэлэлцээр хийхэд хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа ярьжээ.

Өнгөрсөн орой Турнбулл АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй Солонгосын хойгийн асуудлаар утсаар ярилцсан юм. Мөн өнгөрсөн шөнө Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг өөрийнх нь улс оронтой хүндэтгэлгүй харьцаж байна хэмээн шүүмжлээд “Тэр Гуамд юу хийхийг нь харцгаая. Хэрвээ тэр Гуамд ямар нэг байдлаар халдвал хэний ч үзэж байгаагүй зүйл Хойд Солонгост тохиолдоно. Юу болохыг тэр ч харна,  бас та нар ч харцгаах болно. Энэ бол өдөөн хатгалга биш, мэдэгдэл юм шүү” хэмээн ээлжит хатуу үгээ хэлсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider