Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Анх удаа УЛС ТӨРЧ хувиасаа мөнгө гаргаж нийтийн эзэмшлийн авто зам бариулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад анх удаа улс төрч хувийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн авто зам тавьж өчигдөр хүлээлгэж өгчээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 9,10-р хорооны иргэдийн өдөр тутам ажил амьдралаа залгуулдаг гол хэсэг болох 1 км шороон замыг хувиасаа 600 сая төгрөг гаргаж хатуу хучилттай, явган хүний замтай иж бүрнээр нь барьж гүйцэтгэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Надад итгэл үзүүлэн НИТХ болон УИХ-д сонгосон 9,10-р хорооны иргэд та бүхнийхээ өмнө амласан амлалтаа ажил хэрэг болгон ахуй амьдралаа залгуулдаг энэ замыг хувийн хөрөнгөөрөө барьж өнөөдөр нээлтийг нь хийж байгаадаа баяртай байна.

Намайг хувийн хөрөнгөөрөө зам барьж байгаа гэхэд итгэж ядсан, хардаж сэрдсэн байдлаар хандаж төрөөс төрж, түмний хөрөнгөөр хөлжсөн этгээд идсэн мөнгөөрөө зам барьж байна гэх нэг биш хүмүүс байсан, арга ч үгүй биз дээ. Өөрийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн зам барьдаг жишиг манайд байхгүй хойно.

 

Би барьсан энэ замаа нийслэл, дүүрэг, яам, тамгын газарт шахаж мөнгөө буцааж авах санаа зорилгогүй. Ийм зүйл огтоос байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэсэн юм.

Зам дагаж хөгжил гэдэг. Энэ зам ашиглалтад орсноор хашааны газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ч бодитойгоор нэмэгдээд зогсохгүй шороо тоос, дуу чимээнээс холдох боломжтой боллоо.

Уг зам үерийн далантай ойрхон учраас замын чанарт онцгой анхаарч асфальтын доор хүчитгэсэн бетон суулгасан талаар гүйцэтгэгч “Чойдор” ХХК-ийн инженер онцолж байлаа.

Өвөлдөө халтираа гулгаа ихтэйгээс үүдэж осол аваар их гардаг энэ хэсэгт хучилт хийх хүсэлтийг үе үеийн УИХ-ын гишүүн, нийслэл, дүүргийн засаг дарга нарт тавьж ирсэн ч төсөв байхгүй гэсэн шалтгаанаар хойшлуулсаар ирсэн байдаг. Тэгвэл УИХ-ын сонгуульд тус тойргоос сонгогдсон Ж.Ганбаатар иргэд, сонгогчийнхоо өмнө ийнхүү бэлэг барилаа.