Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйг үхрийн хашаанд хорьдог заншлыг Балба улс гэмт хэрэгт тооцдог боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйг бохир гэж үзэн үхрийн хашаандаа байлгадаг Хинду шашны эртний уламжлалыг Балбын засгийн газар гэмт хэрэгт тооцох болсон байна.

Чхаупади гэгддэг энэхүү заншлыг 2005 онд тус улсын дээд шүүхээс хориглосон ч Балбын алслагдсан баруун хэсэгт хэрэгжүүлдэг хэвээр байсан юм. Тиймээс энэ удаа парламент чхаупадиг гэмт хэрэгт тооцдог болгосон хуулийг баталсан байна.

Сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйг гадуурхсан хэн ч байсан гурван сар хоригдох шийтгэл амсахаар болжээ. Шинэ хуулийг жилийн дотор хэрэгжүүлж эхлэх ба өмнө нь ухуулан таниулах ажил хийхээр төлөвлөсөн байна.

Балбын хүн амын зарим хэсэг эмэгтэй хүнийг ингэж хориогүйгээс азгүй явдал, тэр дундаа байгалийн гамшиг тохиолдоно гэж итгэдэг юм. Ийм үзэгдлээс болоод хэд хэдэн эмэгтэй эрчүүдэд хүчиндүүлсэн, зэрлэг амьтны халдлагад өртөж амиа алдсан тохиолдол сүүлийн үед гарах болжээ.

Тухайлбал өнгөрсөн сард Дайлех дүүрэгт 19 настай эмэгтэй хашаанд хоригдож байхдаа могойд хазуулж нас барсан бол ноднин өөр нэг бүсгүй Ачхам дүүрэгт битүү саравчинд бүтэж нас барсан байна.

Хорихоос гадна зарим нутагт эмэгтэйчүүдийг энэ үед нь сүү уухыг хориглох, хоолоор сойх зэрэг арга хэмжээ авдаг аж. Балба дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид шинэ хууль батлагдсан явдлыг талархан хүлээж авчээ.

 

Эх сурвалж: Russia Today