Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссийн 16 дугаар хуралдаан 8-р сарын 8,9,10-ны өдрүүдэд үргэлжлэн, протоколд гарын үсэг зурах ёслолоор өнөөдөр өндөрлөлөө
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Гурван өдрийн турш манай мэргэжилтнүүд болон холбогдох албан газрын байгууллагууд асуудлуудаа хамтарч хэлэлцээд, протоколд гарын үсэг зурлаа.
Вьетнам Улсад нийлүүлэх дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийн эрүүл ахуйн гэрчилгээг тохиролцлоо.
Ингэснээр Хятад улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар мах махан бүтээгдэхүүнээ тээвэрлэж гуравдагч оронд худалдаалах боломжтой болж байна.
Хоёр улс монголын ноос, арьс ширэн түүхий эдийн нөөцийг түшиглэн хагас болон боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцов.
Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, хоёр тал 2020 онд худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх талаар санал нэгдэв.
Монголын тал Вьетнам Улсад гүн хөлдөөсөн болон боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, оёмол барааны түүхий эд, арьс ширэн бүтээгдэхүүн, ашигт малтмал, малын ясны гурил, хөлдөөсөн чацаргана, нэрс, аньс нийлүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.
Монгол, Вьетнамын ЗГХК-ийн 17 дугаар хуралдааныг 2019 онд Ханой хотноо хийхээр шийдвэрлэв.
Монголын талыг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, ЗГХК-ийн монголын хэсгийн дарга П.Сэргэлэн тэргүүлж, ХХААХҮЯ, ГХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, БХБЯ-ны болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ