Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын 40 жилийн ой ёслол төгөлдөр боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 153 тоот тогтоолоороо Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг төр нийгмийн зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит болгох шийдвэрийг гарган түүний дурсгалыг мөнхжүүлсэн байдаг билээ. 
 
Хонгор нутгийн хөгжимт драмын театрын түүхт 40 жилийн ойн баярт үе үеийн уран бүтээлчид, театрын удирдлагууд оролцон түүхэн он жилүүдээ дурсахын сацуу ирээдүйд хийх ажлаа ярилцан уран бүтээлчдээ урмын үгээр ерөөсөн халуун дотно уур амьсгал дунд болж өндөрлөлөө. 

 

 Энэ үеэр театртай ажил амьдралаа холбож уран бүтээлээ туурвисаар байгаа эрхэм уран бүтээлчид төрийн одон медаль, жуух бичгээр шагнагдаж баяр дээр баяр нэмсэн үйл явдал тохиолоо. 

 

Баярын үйл ажиллагаанд С.Лувсанвандан санг төлөөлөн эрдэмтний ач хүү Б.Билэгт оролцож театрын дарга Б.Пүрэвдагвад дурсгалын зүйл гардуулсан байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын бие төлөөлөгч хүрэлцэн ирж уран бүтээлчдэд шагнал гардуулан баяр хүргэжээ.

 

Ойн баярыг тохиолдуулан театрын уран бүтээлчид зочдоо уран бүтээлийнхээ дээжээр угтаж уламжлалт бүжиг, дуугаар тоглолтоо эхлүүлэн барууны опера дуу, морин хуурын чуулгын гайхамшигт аялгуугаар хүрэлцэн ирсэн зочдоо хөглөлөө.

 

Сономын Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт драмын театрын 40 жилийн ой ийнхүү ёслол төгөлдөр боллоо. Өдгөө 12 жилийн турш С.Лувсанвандан сан уг театрыг тоног төхөөрөмжөөр хангаж, барилгын засвар шинэчлэлийг гүйцэтгэж театрын стандартад хүрэх замыг тавихад голлох үүргийг гүйцэтгэн ажилласаар ирсэн юм. 

 

С.Лувсанвандан сангийн зүгээс цаашид уран бүтээлчдээ дэмжих, оюутнуудад нэрэмжит тэтгэлэг олгох, урлагийн байгууллагуудыг тохижуулах, хөрөнгө оруулах зэрэг ажлуудад төвлөрөн ажиллах ажээ.