Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын улс төрч 20 гаруй жилийн өмнө худлаа хэлж байсныхаа төлөө огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын Ногоон намын дарга нарын нэг 20 гаруй жилийн өмнө нийгмийн халамжийг илүү хүртэхийн тулд засаг захиргаанд худал мэдээлэл өгч байсныхаа төлөө өчигдөр буюу Лхагва гарагт огцорлоо.

47 настай парламентын гишүүн Метириа Турей нь одоогоос 20 гаруй жилийн өмнө оюутан байхдаа охиноо өсгөхийн хажуугаар суралцахад санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байжээ. Тэрээр амьдрах дотуур байр хөнгөлөлттэй нөхцлөөр олж авахын тулд ам бүлийн тоогоо нэмэгдүүлж мэдээлэн засаг захиргааг хуурч байсан нь илэрсэн юм.

Ингээд зургаан долоо хоногийн дараа болох парламентын сонгуулийн өмнө намынхаа нэр хүндийг бодолцон огцорч байгаагаа тэр мэдэгдсэн юм.

Түүний Ногоон нам Шинэ Зеландын гурав дахь том улс төрийн хүчин бөгөөд парламентын 119 суудлын 12-ыг нь эзэлдэг. Судалгааны байгууллагын үзүүлснээр Ногоон намын рэйтинг сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 13 хувиас 8 хувь болж буурчээ.

Өнгөрсөн сард болсон Ногоон намын жилийн хурал дээр Турей нийгмийн халамжийн хүрэлцээ муу байгааг ярихдаа өөрийн дээрх жишээг дурдаж байсан юм. Эхэндээ улс төрчид, ажиглагчид түүний энэ илэн далангуй байдлыг зоригтой алхам гэж үнэлж байв.

Гэвч хэвлэлийнхэн болон сөрөг хүчнийхэн түүний өнгөрсөн түүхийг ухаж, өөр бусад зөрчил гаргаж ирсэн тул ийнхүү огцроход хүрчээ.

Турей сүүлийн 15 жил парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа улс төрч юм.

 

Эх сурвалж: Associated Press