Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Вашингтон-Пёньяны сөргөлдөөний төв болоод байгаа Гуамын тухай мэдэх ёстой баримтууд

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN

Хойд Солонгосын дэглэм Гуамын аралд пуужингийн цохилт өгөх тухайгаа мэдэгдээд байгаа. Энэ аралд АНУ-ын Номхон далайн томоохон цэргийн бааз байрлаж, Солонгосын хойгийг хянаж байдаг юм.

Тэгвэл сүүлийн хэдэн өдөр дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа энэхүү арлын тухай хэрэгтэй мэдээллийг өгч байна.

 

Хаана байдаг вэ?

 

АНУ-ын нутаг дэвсгэрт тооцогддог Гуамын арал нь Номхон далайн баруун хэсэгт, Хойд Солонгосоос зүүн өмнө зүгт 3,540 км зайтай байрладаг. Америкийн эзэмшил нутагт хүрэх Хойд Солонгосын хамгийн ойр цэг гэсэн үг. Томоохон хотын хэмжээний газар нутагтай уг арлын хамгийн нарийн хэсэг нь 6 км өргөн.

Хятад, Япон, Филиппин, Солонгосын хойгийн дунд байрладаг стратегийн чухал байрлалтай тул АНУ-ын хувьд онцгой эзэмшил нь юм.

 

АНУ-тай ямар холбоотой вэ?

 

Испаний харьяанд 1565 онд орж байсан Гуамыг Америкчууд 1898 онд Испани-Америкийн дайнаар булааж авсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед Япончууд 2 жил, хагас орчим хугацаанд эзэлж байсан. 1950 оны гэрээгээр АНУ өөрийн газар нутаг, нэг үгээр хэлбэл колонио болгожээ.

Арлын оршин суугчид хязгаарлагдмал өөртөө засах эрхтэй, жижиг хууль тогтоох байгууллага, засаг захиргаатай, АНУ-ын төлөөлөгчдийн танхимд саналын эрхгүй төлөөлөгчтэй юм. Гуамд төрсөн иргэд нь АНУ-ын иргэнд тооцогддог ч Вашингтонд татвар төлдөггүй, ерөнхийлөгчийн сонгуульд нь оролцдоггүй.

 

АНУ-ын цэргийн бааз

 

АНУ-ын тэнгисийн бааз, эргийн харуулууд тус арлын өмнөд хэсэгт байрладаг бол хойд хэсэгт нь агаарын бааз бий. Вьетнамын дайны ажиллагаанд агаарын бааз нь гол үүрэгтэй байсан. Арлын газар нутгийн 30 хувийг нь цэргийн бааз эзэлдэг. Японы Окинава дахь цэргийн баазаас олон мянган цэргийг Гуамд шилжүүлэх тухай яригдаж байгаа.

Энд THAAD пуужингаас хамгаалах систем байрладаг. Мөн Солонгосын хойгт явуулах бэлтгэл, сургуулилалтын ажиллагааг эндээс удирддаг. Гуам арлынхан дотор АНУ-ын цэргийн баазыг байрлуулахыг эсэргүүцэгчид байдаг хэдий ч түрээсийн төлбөр нь тус арлын эдийн засгийн чухал хэсэг болдог юм.

 

Гуамд хэн амьдардаг вэ?

 

4,000 орчим жилийн өмнөөс Гуам аралд уугуул Чаморрочуудын өвөг дээдэс ирж суурьшсан гэдэг. Чаморрочууд нь Гуам арлын гол үндэстэн, 160,000 хүн амтай. Нийслэл нь Хагатна хот. Харин хамгийн том хот нь Дедедо.

Албан ёсны хэл нь англи болон чаморро. Арлын оршин суугчдын дунд АНУ-ын нэг муж болох, эсвэл тусгаар улс болох эсэх тухай маргаан удаан үргэлжилж байгаа юм. Гуам арлыг манай дэлхий дээр үлдсэн цөөхөн хэдэн колониудын нэг гэдэг.

 

Эх сурвалж: Associated Press