Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дээр амьдарч байсан хамгийн том үлэг гүрвэлийг зарлаж, нэр хайрлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Манай гараг дээр амьдарч байсан, өнөөг хүртэл олдсон хамгийн том үлэг гүрвэлийн судалгааны тайланг Мягмар гарагийн “Proceedings of the Royal Society B” сэтгүүлд нийтэлж, шинэ үлэмж биетний нэрийг зарласан байна.

Уг үлэг гүрвэлийн яс анх 2012 онд өмнөд Аргентинаас олдож байжээ. 70 орчим тонн жинтэй, ургамлаар хооллодог, урт хүзүүтэй түүнийг Титанозавр гэдэг үлэмж биет үлэг гүрвэлийн ангилал дотор хамгийн том нь гэж дүгнэж байна.

Шинэ гүрвэлийн нэрийг Патаготитан Майорум гэж өгсөн байна. Нэрний эхний үгэнд олдвор илэрсэн Патагониа нутгийн нэр, Грек хэлний аварга том гэх утгатай Титан гэсэн үгийг оруулсан ажээ.

Харин хоёр дахь нэр нь олдвор илэрсэн газрын эзэн, малчин гэр бүлийн Майо гэх овгийн нэр юм байна. Уг гэр бүл судлаачдыг эзэмшил дээрээ байрлуулж, ажилд нь тус дэм болж байсан гэнэ.

Аварга гүрвэлийн зургаан хэсэг ясыг олж, амьдарч байсан хугацааг нь тогтооход 100 сая орчим жилийн өмнөх болох нь тогтоогджээ. Урт нь дунджаар 37 метр орчим, мөр хүртлээ 6 метр өндөр байсан гэж тооцоолсон байна.

Уг гүрвэлийн бүтэн араг ясны загварыг одоо Нью Йорк дахь Америкийн Байгалийн Түүхийн Музейд босгоод байгаа. Үзвэр маш том болсон тул толгой нь музейн танхимаас илүү гарсан байдалтай байрлуулжээ.

Алдарт Тиранозавр зэрэг бусад махчин гүрвэлүүд түүний хажууд одой мэт харагдана гэж судалгаанд оролцсон Аргентиний Эдигио Феруглио палеонтологийн музейн судлаач Диего Пол хэлсэн юм.

Пол энэ тухай “Энэ нь заан ба арслан хоёрыг зэрэгцүүлсэнтэй ижил” хэмээн харьцааг нь тайлбарлажээ.

Шинэ гүрвэлийг илрэхээс өмнө Аргентинозавр хэмээх өөр нэг титанозаврын ангиллын үлэг гүрвэлийг хамгийн томд тооцож байв. Патаготитан нь маш том хэмжээтэй тул удаан болхи хөөдлгөөнтэй, аюул багатай амьтан байсан гэнэ. Маш том тул махчид ч довтолж зүрхэлдэггүй байсан гэж таамаглажээ.

Одоо үлдэж байгаа асуулт нь уг гүрвэл хэрхэн ийм том болсон тухай юм. Энэ асуултад хариулт олохын тулд түүний иддэг байсан мод ургамлын төрөл, найрлагыг судлах хэрэгтэй байгааг эрдэмтэд өгүүлж байна.

 

Эх сурвалж: Independent