Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайдууд эргэн ирэх үү?!

А.Алиман
2017 оны 8 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-С.Баяр, М.Энхсайхан нар Элчин сайдын албанаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх бололтой. Элчин сайдаас буулаа гээд тэднийг тойрсон асуудлууд нам жим болох нь юу л бол?! Энэ хоёр эрхэм эргэж ирээд хэн болох вэ, их улс төрөөр дахин оролдох уу гэдэг асуултын хариу тун сонин байна-

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөснийхөө дараахан сөхөн тавьсан.

Уг асуудлаар зөвшилцөх тухай УИХ-ын даргад хандсан албан бичгийнх нь хариуд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хариу өгөхдөө “Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

Дээрх хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг” хэмээн тайлбарласан байв. Түүнчлэн “хуулийн эл зохицуулалт 1992 оноос хойш ямар ч салаа утгагүй хэрэглэгдэж ирсэн бөгөөд үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг” сануулснаас хойш хагас сар илүү хугацаа өнгөрчээ.

Харин өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зүгээс нэр бүхий хоёр Элчин сайдыг татах эсэх асуудлаар байр сууриа илэрхийлээгүй бөгөөд энэ талаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй явж ирсэн бол сүүлийн хоёр хоногт С.Баяр Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэх мэдээлэл цацагдав. Англид Элчин сайдаар томилогдон очсоноосоо хойш амар заяа үзээгүй гэмээр их хэл аманд өртсөөр байсан экс Ерөнхий сайд С.Баяр чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд өнгөрсөн долоодугаар 22-нд уламжлан ирүүлсэн нь үнэн гэх мэдээллийг хэвлэлүүд дамжуулж эхэллээ.

Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх эрхтэй Ерөнхийлөгч гадаад улсад суугаа Элчин сайддаа итгэл үзүүлэхгүй байгаа нь ил болсон тохиолдолд С.Баяр ч тэр, М.Энхсайхан ч тэр үүрэгт ажлаа амжилттай үргэлжлүүлэх нь бараг боломжгүй хэрэг биз ээ. Учир нь Монголд өрнөж буй улс төрийн учир шалтгаан нь цаад улс оронд төдийлөн чухал биш бөгөөд нэгэнт төрийн тэргүүн нь итгэл хүлээлгээгүй тохиолдолд Элчин сайдыг хэрхэн үзэх вэ гэх асуудал энд хөндөгдөх бололтой. Олон улсын гадаад харилцаанд мөрдөгдөн заншсан хэм хэмжээ гээчийг авч үзвэл эл тохиолдолд Элчин сайдын статусыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал тавигддаг байна.

Хэдийгээр Монголын Засгийн газар, эрх барих дээд байгууллага УИХ-аар Элчин сайдаас татах асуудлыг хэлэлцэн шийдвэрлээгүй ч Ерөнхийлөгчийн зүгээс байр суурь тодорхой болсон тул С.Баяр үүрэгт ажлаа үргэлжлүүлэх нь зохисгүй гэж үзсэн учир шалтгаан нь үүгээр тайлбарлагдах болов уу.

Саяхан болж өнгөрсөн сонгуулиар улс төрийн нэг намд ажиллаж, дипломат албаны холбогдох хууль журам, хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл С.Баярын хувьд яригдаж байгаа бол Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг эргүүлэн татах гэх үндэслэл нь өнөөхөндөө олон нийтэд тийм ч тодорхой бус байгаа.

Энэхүү хоёр Элчин сайдын хувьд төрийн өндөр албан тушаал буюу хоёулаа Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүчтэй улстөрчид. Тэрчлэн хоёулаа улс төрийн нам толгойлж байсан. Ардчилсан нам 2012 онд парламентын сонгуульд ялж, Засгийн газар байгуулахад М.Энхсайханы тэргүүлж асан МҮАН нам засагт нь уригдаж байлаа. Тодруулбал, Н.Энхбаярын МАХН, М.Энхсайханы МҮАН тус тус АН-ын тэргүүлсэн Засгийн газарт багтан орж ажилласан.

Яг тэр үед өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга “хамтарч буй нэг намынх нь дарга шоронд, нөгөө намынх нь дарга гудамжид байна” гэж хэвлэлээр байр сууриа илэрхийлж байсан төдийгүй Засгийн газар М.Энхсайханд яам өгөөгүй ч асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний статус өгч сайд болгож байлаа. Тэгэхдээ түүний эрхэлсэн асуудлын хүрээний Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын асуудал маргаан дэгдээж, үндэсний эрх ашгийг хөндсөн гэрээний төсөл бэлтгэсэн гэх үндэслэлээр буруутгагдан сайдын албыг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед татаж байв.

Харин С.Баярын хувьд 2008 оны сонгуулийн дараа МАН-ын даргын хувиар Ерөнхий сайд болж, стандарт бус хамтарсан Засгийн газар байгуулан Ардчилсан намыг танхимдаа урьж байлаа. Тэрхүү стандарт бус эхлэлтэй Засгийн газарт өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга мөн сайдаар ажиллаж байсан. Нэг үгээр бол одоо яригдаад байгаа Элчин сайдууд Ерөнхийлөгчтэй нэгэн цагт ямарваа байдлаар хамтарч явсан улстөрчид боловч одоо бол хамтрах боломжгүй нөхдүүд гэгдлээ.

Тэрчлэн С.Баяр, М.Энхсайхан нарыг сүүлд Элчин сайдаар томилогдоход олон нийт “улстөрөөс явлаа”гэж дүгнэж байв. Тэгвэл улс төрөөс зодог тайлсан гэгдээд байсан С.Баяр, М.Энхсайхан нар Элчин сайдын албанаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх бололтой. Элчин сайдаас буулаа гээд тэднийг тойрсон асуудлууд нам жим болох нь юу л бол?! Энэ хоёр эрхэм эргэж ирээд хэн болох вэ, их улс төрөөр дахин оролдох уу гэдэг асуултын хариу тун сонин байна.

Зураг