Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын түвшин бага байснаас Британичууд Европын Холбооноос гарах сонголт хийсэн гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Британичуудын боловсролын түвшин бага зэрэг өндөр байсан бол тэд Европын Холбоонд үлдэх сонголт хийхээр байсныг шинэ судалгааны дүн харуулжээ.

Лэйсестерийн Их сургуулийн судлаачдын дүгнэлтээр бол Британий хүн амын дээд боловсролтой иргэдийн тоо 3 хувь илүү байхад л Европын Холбооноос гарахгүй байх байсан гэнэ. Тэд Британичуудын хийсэн сонголтод ямар хүчин зүйл нөлөөлснийг олон талаас судлахад гол нөлөөг боловсролын түвшин үзүүлснийг батлан гаргажээ.

World Development сэтгүүлд дүгнэлт нь нийтлэгдсэн судалгаагаар сонголтод нөлөөлсөн байж болзошгүй бүх хүчин зүйлийг нягталж үзсэн байна. Ингэхэд сонгогчдын нас, хүйс, цагаачдын тоо, орлогын түвшин, газар зүйн байрлал зэргээс илүүтэйгээр боловсролын түвшин хамгийн том нөлөөлсөн хүчин зүйл байжээ.

Харин сонгуулийн ирц 7 хувь доогуур байхад Британи орон Европын Холбоонд үлдэх сонголт хийх байсныг тооцоолж гаргасан байна. 2016 оны зургаадугаар сарын 23-нд болсон Европын Холбоонд үлдэх эсэхийг шийдэх санал асуулга нь 72.2 хувийн ирцтэй болсон нь сүүлийн арван жилд Британий ямар ч сонгуульд үзүүлээгүй үр дүн байв. Британичууд энэ санал асуулгад 52:48-ын харьцаатайгаар Европын Холбоог орхих сонголт хийсэн нь ажиглагчдын төсөөлж байгаагүй үр дүнд хүргэсэн юм.

 

Эх сурвалж: Independent