Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын шүүх дайны үеийн боолуудад Японы компаниар мөнгө төлүүлэх шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын шүүх Японы Mitsubishi Heavy Industries компаниар дайны үед боолчлогдож байсан хүмүүст нөхөн олговор төлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Гванжу хотын тойргийн шүүх 85 настай Ким Юн Окт 120 сая вон ($106,700), нас барсан иргэн Чой Жён Ригийн гэр бүлд 3.25 сая вон төлүүлэхээр болсон байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дайны үеийн боолчлолтой холбоотой хоёр дахь шүүхийн шийдвэр гарч байгаа нь энэ юм.

1910-1945 оны хооронд Солонгосын хойг нь бүхэлдээ Японы колони байсан ба энэ үед Солонгос хүмүүсийг төрөлх хэлээрээ боловсрол олж авахыг нь хориглож, хүчээр Япон нэр оноодог байсан.

Олон зуун мянган солонгосчууд хүчээр дайнд илгээгдэх, боолын хөдөлмөр эрхлэх, сэкс боол болох зэргээр хэлмэгдсэн байдаг. Хэдийгээр хоёул АНУ-ын холбоотон, адилхан Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул дор оршдог хэдий ч дайны үеийн хөндүүр сэдэв нь Өмнөд Солонгос, Япон улсуудыг тусгаарлаж байдаг юм.  

Дээр дурдагдсан хоёр хохирогч нь өсвөр насандаа сурч, ажиллан мөнгө олно гэсэн амлалтад хууртаж, 1944 онд Японд ирээд Нагоя дахь Мицубиши компанийн нисэх онгоцны үйлдвэрт цалин хөлсгүй ажиллаж эхэлсэн ажээ.

Мицубиши компанитай холбоотой 1,000 гаруй хохирогч бүхий нийт 14 хэрэг шүүхэд нэхэмжлэгдэж байсан юм. Үүнээс өмнө 2013 онд Гванжугийн шүүх өөр таван хохирогчид тус бүр 150 хүртэл сая вон төлүүлэх шийдвэрийг Мицубишигийн эсрэг гаргаж байжээ.

Мицубиши компани дээрх шийдвэрийг давж заалдсан ч ялагдсан тул Өмнөд Солонгосын дээд шүүхэд хандаад байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Today