Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

А.Болдмаа: "Үзэсгэлэнт Улаанбаатар" марафоны үеэр зам хаахгүй

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод "Олон улсын өртөөт марафон" удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн биеийн тамир спортын хороо болон "Grand China sport" холбоо марафонд оролцогчдод зориулж өнөөдөр зарим мэдээллийг өглөө.

  • Марафон наймдугаар сарын 13-ны өглөө 9:30 цагт нээлтээ хийж, тамирчид10:00 цагт гараанаас гарна.
  • Харин оролцогчид өглөөний 08:00 цагт Сүхбаатарын талбай дээр багийн гишүүдтэйгээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж, бүртгэлээ баталгаажуулан, цаг хэмжигчээ авах ёстой аж.
21 аймагт стандартын сагсны самбар бэлэглэнэ

Тэмцээн Сүхбаатарын талбайгаас эхлэн таван өртөөгөөр аялж, өртөө болгон дээр бяцхан даалгавар биелүүлж, өөрсдийн цагийг тухайн өртөө хариуцсан шүүгч, зохион байгуулагчдад бүртгүүлж, тэмдэглэгээ хийлгээд эргээд Сүхбаатарын талбай дээрээ хүрэлцэн ирснээр тэмцээн өндөрлөх аж.  

БНХАУ-ын "Grand China sport" холбооны ТУЗ-ийн дарга Хоу Да Вей  "Өртөөт марафон анх 1991 онд Шведэд үүсч байсан. Дотроо марафон, дугуй, завь гээд олон төрөл байдаг. Хамгийн гол нь 7-70 насны бүхий л иргэд оролцох боломжтой гэдгээрээ онцлог. Энэ жил Монгол Улсад анхны олон улсын өртөөт марафоныг хамтран зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна" гэв.  

Тэд энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан 21 аймагт стандартын сагсны самбар бэлэглэх гэж байгаагаа дуулгалаа.

Оролцогчдыг наймдугаар сарын 11-н хүртэл бүртгэнэ
Нийт оролцогчид Марафоны үеэр ямар нэг хувийн тээврийн хэрэгсэл ашиглах хориотой бөгөөд зөвхөн нийтийн автобусаар зорчих боломжтой. Мөн тэмцээний үеэр ямар нэг зам хаах, хориг тавихгүй учир оролцогчид замын хөдөлгөөний дүрмээ баримтлан өөрсдийн аюулгүй байдлыг хангаж оролцох ёстой гэж НБСХ-ны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа хэллээ.

Үзэсгэлэнт Улаанбаатар марафон нь цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана. Энэ төрлийн нийтийн спорт нь иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж эрүүл амьдралын хэв маягтай болгоход ихээхэн нөлөөлдөг ач холбогдолтой юм.

Марафонд оролцох хүсэлтэй иргэдийг наймдугаар сарын 11-н хүртэл Нийслэлийн Спортын төв ордны байранд ажлын цагаар бүртгэх бөгөөд ямар нэг бүртгэлийн хураамжгүй юм байна.