Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Аргентиний домогт хөлбөмбөгчин Марадона Венесуэлийн ерөнхийлөгчийн төлөө байлдахад бэлэн гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Улс орноо хямруулж, дэлхий нийтийн шүүмжлэлийн бай болоод байгаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог хамгаалж тулалдахад бэлэн байгаагаа Аргентиний домогт хөлбөмбөгчин Марадона зарлажээ.

Тэрээр Даваа гарагийн орой өөрийн фэйсбүүк хуудсандаа “Бид үхэн үхтлээ Чавист хэвээр байх болно” гэж бичсэн нь Венесуэлийн талийгаач удирдагч Хьюго Чавесийн үзэл санааг илэрхийлсэн үг байв.

Тэрээр цааш нь “Хэрвээ Мадуро тушаавал би цэрэг хувцас өмсөөд Венесуэлийг чөлөөлөхөөр, бидний хамгийн нандин зүйл болох тэмцлийн тугийг минь булаахыг хүсэж байгаа империалистуудтай дайтах болно” гээд “Хувьсгал мандтугай!” гэж Англи, Испани, Итали хэлээр бичжээ.

Үүнээс хэдхэн өдрийн өмнө Латин Америкийн орнуудын холбоо Венесуэлийг тодорхойгүй хугацаагаар гишүүнчлэлээсээ хассан нь Николас Мадурогийн засаг захиргааг хүний эрхийг зөрчиж, дарангуйлал тогтоохыг санаархаж байна гэж үзсэнийх байв.

 Зүүний үзэл баримтлалтай, социализм байгуулах мөрөөдөлтэй Мадуро сүүлийн үед бүс нутгийн түншүүдээ алдаад байгаа. Тухайлбал Аргентин, Бразилд барууны чиг баримжаатай засаглал тогтоод байгаа юм.

1986 онд Аргентиний шигшээ багийг ахлан дэлхийн аварга болж байсан Диего Марадона нь Латин Америкийн зүүний үзэлтэй улс төрчдийг дэмждэгээрээ алдартай. Тэр Кубын талийгаач удирдагч Фидель Кастрогийн найз байсан бөгөөд түүний дүрийг зүүн хөлөн дээрээ шивүүлсэн байдаг юм.

Марадонагийн мэдэгдлийг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Энрик Каприлес хүчтэй шүүмжилжээ. Тэрээр Мягмар гарагт Аргентиний радиод ярихдаа “Хэрвээ Марадона энд ирвэл, би нисэх буудлаас биеэр угтаж аваад Венесуэлийн байгаа байдлыг шууд үзүүлнэ” гээд “Энд түүний хамгаалах хувьсгал гэж юм байхгүй” гэжээ.

Өнөөдөр Венесуэл улс манай гарагийн хамгийн их хямарч доройтсон улс болж, инфляц нь гурван оронтой тоонд хүрэн, хоол хүнс, эм тарианы хомсдолд ороод байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Times