Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

О.Байгаль: Бизнесийнхэн хайрцагнаасаа гарч сэтгэмээр байна

Зууны мэдээ
2017 оны 8 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг

Бизнес, хөгжил булангийн зочноор Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч О.Байгалийг урьж  ярилцлаа.

-Таныг хийлч гэдгээр нь танина. Сүүлийн үед бизнесийн арга  хэмжээнүүдэд оролцож лекц уншиж байгаагаар их харах боллоо. Ямар чиглэлээр ажиллаж байна вэ? 

-Урлагийн талаасаа анх олонд танигдсан болохоор тэгж бодох нь аргагүй. Миний хувьд  багаасаа л олон төрлийн бизнес хийж ирсэн. Тэр  чиглэлээрээ суралцаж СЭЗИС-ийн докторын  зэрэг хамгаалсан. Одоо эрхэлж байгаа ажил  маань гэвэл Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны Монгол дахь салбарыг өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд байгуулаад идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Энэхүү байгууллага маань эмэгтэйчүүдийн эдийн засаг, бизнес дэх оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор анх 1992 онд Австралийн Мельбурн  хотод үүсгэн байгуулагдсан. Дэлхийн хэмжээнд 13 салбартай маш  том байгууллага. Сайн  гэргий, сайн  охин байхаас гадна өөрт байгаа давуу талуудаа ашиглан нийгэм эдийн засагт үүрэг оролцоотой идэвхтэй ажиллахад чиглэсэн эмэгтэйчүүдийн дэлхийн анхны худалдаа  аж үйлдвэрийн танхим.

Зүүн  өмнөд Ази  руу илүү идэвхтэй  үйл ажиллагаа явуулдаг энэ холбоо Төв Азид тэр  дундаа Монголд салбараа нээснээ тунхаглан саяхан  Австралид болсон ээлжит чуулга уулзалтаараа батламжилсан.

Ардчилсан  орны гэдэг утгаараа монгол  эмэгтэйчүүд маань бусад  орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй нээлттэй байдаг нь амжилттай  бизнес эрхлэхэд сайнаар нөлөөлдөг. Энэ давуу талаа үндэслээд, илүү  бүтээлч орчин  цагийн технологи инновацид суурилсан бизнесийн шинэ  түвшинд эмэгтэйчүүдээ хүргэхэд чиглэсэн сургалт уулзалтуудыг бид зохион байгуулж байна. Өнөөдрийн нийгэмд эдийн  засгийн боломжуудыг нэмэгдүүлэхийн тулд бие биеэ дэмжиж хамтарч  ажиллах нь чухал.

-Эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд хамтарч  ажиллаж чаддаггүй нь  төрөлхийн зан байдалтай нь холбоотой гэж үздэг.  Тэднийг нэгтгэхэд чиглэсэн холбоо бий болсонд би хувьдаа баяртай байна?

-Эмэгтэй  хүн  бизнес хийхэд нийгэм өөрөөр хүлээж авдаг нь  нууц  биш.  Ширээний ард таван залуу суугаад, зургаа дахь нь эмэгтэй  байвал, тэд тэр эмэгтэйг  өөрийнхөө  түвшинд  олж  хардаггүй.  Эмэгтэйчүүд бид ч үүнд буруутай. Бид ахуйгаасаа жаахан салаад, бизнестээ ашиг сонирхолдоо яагаад төвлөрч  болохгүй гэж. Энэ сэтгэлгээ, ур  чадварыг  л бид эмэгтэйчүүддээ  суулгаж  өгөхийг зорьж байна.

Тийм  учраас бизнес дэх эмэгтэйчүүдийн оролцоог  нэмэгдүүлж таниулахад өөрийн хувь нэмрээ оруулахаар сэтгэл  шулуудан ажиллаж байна. XXI зуунд дэлхий даяар эмэгтэйчүүдийн манлайллын онцгой он жилүүд өрнөж байхад бид яагаад даруу нэрэлхүү зандаа хөтлөгдөөд хойш суух ёстой гэж. Дэлхийн томоохон корпорациудын  тэргүүн эмэгтэйчүүд болж байна. Улс төр, бизнесийн  салбарт эмэгтэйчүүдийн манлайлал хүчээ авч, компанийн ажилчдын 50 хүртэлх хувь нь  эмэгтэй байх ёстойг зааж байна.

Энэ нь цаад утгаараа олон юмыг зэрэг амжуулдаг бидний давуу талыг олж харсных. Байгалиас заяагдсан энэ давуу  талаа ашиглаж чадвал бизнес, эдийн засаг нийгэм зэрэг салбар бүрд  бидэнд боломж байгаа. Түүхээсээ харвал Монгол хатдын хүүхдээ хүмүүжүүлж байгаа, цаашлаад улс орноо удирдаж   байсан арга барил мяндсан ухаан дэлхийн бусад орны эмэгтэйчүүдээс ялгарах давуу тал. Бидний дутагдал болоод байгаа ахуйлаг нэрэлхүү зангаасаа л юуны түрүүн  салах хэрэгтэй.

-Эмэгтэйчүүд  ч гэлтгүй  эрчүүд маань ч нэрэлхүү  зантай. Ялангуяа бизнесийн хүнд нэрэлхүү зан шиг хэрэггүй юм байхгүй байх. Надад үнэхээр энэ л хэрэгтэй байж гэх хүмүүс байх юм уу?   

-Манай гишүүдийн дийлэнх нь 35-40 насны эмэгтэйчүүд. Бизнесээ  босгоод санхүүгийн хувьд тогтвортой болсон хүмүүс. Хэд хэдэн уулзалтын дараа  “Би ингэж боддоггүй  байсан. Хайрцаглагдсан байж” гэх хүмүүс  олон байсан.  Үнэндээ бидний гол зорилго “Хайрцагнаас гарч  сэтгэх”-ийг л тэдэнд таниулах юм шүү дээ.  Үүн дээр ганц манайх гэлтгүй бусад бизнесийн болон  төрийн бус байгууллагууд хамтарч ажиллавал илүү үр  дүнтэй болно. Төр, засгийн дэмжлэг ч  хэрэгтэй байна.  

-Танай холбоонд гишүүнээр элсэхэд ямар нэг  шалгуур бий  юу? 

-Гишүүнээр элсэхэд шалгуур тавьдаггүй. Бизнесээ шинэ түвшинд  хүргэе  гэсэн эрчүүдэд ч манай гишүүнчлэл  нээлттэй.  Мөн  интерпренёр  болохыг  хүсэж буй залуучууд, уламжлалт аргаа халж шинэчлэлийг хүссэн байгууллагууд болон,  гарааны  бизнесийн  компаниудад ч бид дэмжлэг үзүүлнэ.  Манай гишүүд бие биеэсээ туршлага судлан  амжилтад  хүрсэн компаниудаасаа суралцах нөхцөл боломж бий болно. 

Солонгос Сингапур зэрэг инновацид суурилсан бүтээлч, эко  үйлдвэрлэлийн системийг амжилттай нэвтрүүлсэн улс орнуудын жишээнүүдийг судлан гишүүддээ хүргэж бизнестээ нэвтрүүлэн  харилцан хамтарч ажиллахад нь дэмжлэг болох ажлыг бид  ойрын  зорилгоо  болгоод байна.

Жижиг  орон  гэхээрээ  жижиг  байдаггүйг дэлхийн хэмжээнд  батлаад байгаа энэ цаг үед маргааш ч бидний дундаас тэрбумтан төрөхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр орчин цагийн технологид суурилсан, бүтээлч,  инновацилаг сэтгэлгээтэй хурдтай байж  чадвал  боломж маш их  байна.  Жижиг орон инновацийн  том өөрчлөлт хийгээд яагаад дэлхийд гарч  болохгүй гэж.  

Instаgram, facebook Uber бүгд 20 жилийн өмнө байгаагүй.  Тэгэхээр бид  ирээдүй  рүү  зорих  ёстой.  Ирээдүй  бол  тэр чигээрээ  таамаглал. Тийм  учраас л бид инновацилаг илүү эко систем рүү хандсан  ажлууд руу  анхаарч ажиллаад байна.

-Зөвхөн Монголдоо гэлтгүй дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах гүүр  болж байгаагийн хувьд алсдаа хийхээр  зорьсон олон ажил байгаа  байх. Заримаас нь сонирхуулаач? 

-Манай холбооны хамгийн том чуулга уулзалтыг 2018 онд Монголдоо зохион байгуулахаар болсон. Ирэх есдүгээр сарын 4, 5-нд Малайз улсад болох Дэлхийн эмэгтэйчүүдийн худалдааны  чуулганаар зохион байгуулах эрхээ албан ёсоор авахаар болсон. Дэлхийн  бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн анхаарлыг Монгол руу хандуулсан маш  чухал  арга хэмжээ байх болно.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд маань ч маш  том  боломж  үүд хаалгыг нээж өгнө  гэдэгт  би хувьдаа итгэлтэй байгаа. Цаашлаад Зүүн Өмнөд Азийн  орнууд, ASEN-ийн орнууд руу чиглэсэн экспорт импортын худалдаа  бизнес эрхлэлтийн хамтын ажиллагаануудаа нэмэгдүүлж  ажиллахыг бид ойрын  хоёр жилийн  зорилгоо  болгон ажиллаж  байна.

-Улс төрийн тогтворгүй залгамж халаагүй байдал бизнес орчинд  маш  хүндээр тусдаг.  Үүнээс болоод хөрөнгө оруулагчид  ч  биднээс нүүр буруулсаар байна?  

 -Бидэнд улс төрийн нөлөө бий л дээ. Гэхдээ аль болох улс төрөөс ангид ажиллахыг бид эрмэлздэг. Улс  төр ингээд байна гэхээс илүүтэй, дор  бүрнээ  ажилдаа бүтээлчээр хандаад явбал болохгүй бүтэхгүй зүйл алга.

Сүүлийн үед дэлхийн хэмжээний корпорациуд, олон улсын байгууллагуудад амжилттай ажиллаж байгаа залуус маань эх орондоо  ирээд, олон төрлийн сургалт семинар зохион байгуулж байна. Манай холбоо ч гадаадад ажиллаж байгаа залуучуудтайгаа холбоотой ажиллаж байгаа. Тухайлбал  АНУ-ын “Tаke star” компанийн Зүүн Өмнөд Ази дахь салбарын захирал  Д.Бат-Октябрь, Дэлхийн банкны зөвлөх н.Энхболор нарыг  урьж сургалт явуулсан. 

Шинээр гарч ирж байгаа гарааны бизнесүүдээ бид дэмжмээр байгаа ч хамтын ажиллагаа их дутагдаж байна. Олон жил бизнес эрхэлсэн байгууллагууд уламжлалт сэтгэхүйгээр хандаад залуусаа хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагууд байна.

Бизнесийн  уламжлалт аргачлалууд өөрчлөгдөөд шинэ түвшинд очоод байхад бид  хэдий  болтол хуучинтайгаа зууралдах ёстой гэж. Техник технологи хурдацтай хөгжиж буй нийгэмд хэн хайрцаггүй сэтгэж чадна, хэн бүтээлч сэтгэлгээгээр хандана тэр хүн л амжилтад хүрнэ.

Зураг