Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Фижи улс 77 сэжигтнийг баривчлан Хятадад шилжүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн бяцхан арал улс Фижи Хятадын 77 иргэнийг онлайн болон гар утасны луйврын ажиллагаа явуулсан хэрэгтэй холбогдуулж, баривчлан Бээжингийн эрх баригчдад хүлээлгэн өгчээ.

Олон сарын турш Фижи, Хятадын талууд хамтран ажилласны үр дүнд эдгээр иргэдийг баривчилсан байна. Сэжигтнүүд баригдахгүйн тулд Фижийн газар нутгаас Хятадын зах зээл рүү чиглэсэн онлайн луйврын ажиллагаа явуулдаг байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын хуулийнхан Камбож, Индонезид үүнтэй ижил ажиллагааг явуулсан юм. Фижид төвлөрсөн сүлжээ нь харилцаа холбоо, интернэтэд суурилсан 50 гаруй хэргийг үйлдэж, зургаан сая юаний ($891,000) хохирлыг иргэдэд учруулжээ.

Баригдсан этгээдүүдийг өнгөрсөн Баасан гарагт Фижигээс Хятад руу илгээсэн байна. Хохирогчдын нэг нь 1.3 сая юань алдсаныхаа дараа амиа хорлосноор хэрэг хуулийнхны анхаарлын төвд орж, өргөн хэмжээний мөрдлөг явуулж эхэлжээ.

Мөрдлөгийн үр дүнд Хятад, Индонез, Фижигээс онлайн мөрийтэй тоглоом, лоттерейн ажиллагаа явуулдаг 200 сэжигтэн бүхий 100 сая юаний хохиролтой хэрэг байгааг ил гаргасан юм.

Зөвхөн Хятадын нутаг дэвсгэрээс 83 сэжигтэн баривчлагджээ. Өнгөрсөн долоо хоногт Индонезид 143 хүн баривчлагдсаны 22 нь Тайваний иргэн, бусад нь Хятадын иргэн байсан юм. Тэдний эрхэлж байсан үйл ажиллагаа нь эх газрын Хятадын баян чинээлэг иргэд, төрийн өндөр алба хашдаг хүмүүсийг чиглэдэг байжээ.

 

Эх сурвалж: AFP