Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Австралид зэвсгээ сайн дураар хураалгах өршөөлийн сарууд үргэлжилж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Австрали улс терроризмтай тэмцэх ажлын хүрээнд иргэдийн гар дээр байгаа зэр зэвсгийг сайн дураар хураалгавал шийтгэхгүй байх өршөөлийн ажиллагаа явуулж байна.

Өршөөлийн хугацаа долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх юм. Тус улсын иргэдийн гар дээр 260,000 галт зэвсэг байгаа гэсэн судалгааны тоо баримтыг засгийн газар зургаадугаар сард зарлаж байв.

Өршөөлийн эхний нэг сарын дүнгээр Австралийн хамгийн их хүн амтай мужаас 6,000 гаруй зэвсэг хураагджээ. Нью Соут Уэльс мужаас хураасан зэвсгүүд дотор буунаас гадна хориотой 110 орчим самурайн сэлэм, чичлүүр хутга зэрэг хүйтэн зэвсэг хураагдсан байна.

Дурдсан өршөөлийн хугацаанд бүртгэлгүй, хэрэглэдэггүй зэвсгээ эрх баригчдад хураалгавал ямар нэг ял шийтгэлгүй. Харин үүнээс бусад хугацаанд зэвсэг илэрвэл 280,000 хүртэл Австрали Долларын ($222,000) торгууль төлөх эсвэл 14 жил хоригдох шийтгэлтэй юм байна.

Анх 1996 онд тус улсын Порт Артурт гарсан 35 хүний амь үрэгдсэн буудалцааны дараа ийм өршөөлийн хугацааг зарладаг болжээ. Уг хэргийн дараа өнөөг хүртэл 600,000 гаруй зэвсгийг хураан авч устгасан байна. Мөн зарим зэвсгийг нь засгийн газар тодорхой мөнгө төлж худалдан авч байжээ.

Тухайн үед Австралийн ерөнхий сайд асан Жон Ховард зэвсгийн хуулийг чангатгасны дотор зарим төрлийн бууг хориглох, зэвсэг эзэмших нас, зөвшөөрөлд өндөр босго тавих зэрэг арга хэмжээг авсан юм.

Австралид бүх галт зэвсэг бүртгэлтэй байх ёстой ч хилийн чанадаас гэмт бүлэглэлүүд хууль бусаар зэвсэг нэвтрүүлсээр байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд тус улсад зэвсэгт халдлагын тоо нэмэгдэх болсон нь эрх баригчдын санааг зовоож байна. Тухайлбал 2014 оны есдүгээр сараас хойш нийт 13 зэвсэгт халдлага гарчээ.

 

Эх сурвалж: Japan Today