Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

WeChat-ийн босс Хятадын шинэ тэргүүн баянаар тодорлоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хятадын интернэтийн тэргүүлэх компаниудын нэг Тэнсентийн ерөнхийлөгч Ма Хуатэн анх удаагаа Азийн төдийгүй Хятадын баячуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ.

Өчигдөр буюу Даваа гарагт Тэнсент компанийн хувьцааны үнэ Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр 2.95 хувиар өссөн нь Ма Хуатэний хөрөнгийн хэмжээг $1 тэрбум орчмоор нэмэгдүүлж, $36.2 тэрбум болгожээ.

Энэ үед өмнөх тэргүүн баян Жэк Магийн хөрөнгө $35.6 тэрбум болсон тул доошилж, дэд байранд орсон байна.

Тэдний Алибаба, Тэнсент компаниуд нь дэлхийн хамгийн том интернэт зах зээл болох Хятадад хүчтэй өрсөлддөг. Тэнсент компани нь Хятадын хамгийн том мессэнжэр платформ WeChat-ийг болон бусад олон төрлийн интернэт бизнесийг эзэмшдэг юм.

Ма Хуатэн одоо дэлхийн баячуудын жагсаалтад 18 дугаарт бичигдэж байна. Түүний ард буюу 19 дүгээр байрт Азийн дэд баян болох Энэтхэгийн Мукеш Амбани, 20 дугаарт Хятадын дэд баян Жэк Ма, 21 дүгээрт Хонг Конгийн тэргүүн баян Ли Ка Шин нар жагсаж байгаа юм.

Жэк Ма ба Ма Хуатэн нарын хөрөнгийн зөрүү ердөө $1.3 тэрбум байгаа нь цаашдаа тэд олон удаа эхний хоёр байрыг солилцож эзлэхийг харуулж байна.

 

Эх сурвалж: Forbes

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.