Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн өв залгамжлагчид 12 жил хорих ял төлөвлөлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Самсунг Электроникс компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг групп дотроо байр сууриа нэмэгдүүлэхийн тулд экс ерөнхийлөгчид авлига өгсөн хэргээр 12 жил шоронд хорих ялыг прокурор төлөвлөж байгаагаа өнөөдөр зарлалаа.

Азийн хамгийн том компаниудын нэгний тэргүүнд тооцогддог Ли өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш хорионд байгаа юм. Энэ сарын сүүлээр түүнийг саатуулж, байцаах хууль ёсны хугацаа дуусах тул наймдугаар сарын 25-нд прокурорын ялын саналыг шүүх хэлэлцэж шийднэ.

Хэрвээ энэ хэвээр батлагдвал Өмнөд Солонгосын томоохон компаниудын удирдлагуудаас хамгийн урт хугацааны хоригдох ял авсан хүн болох юм. Өнөөдрийн шүүх хурлын үеэр Лигийн хоолой зангирч, олон удаа тасалдан байж сүүлийн үгээ хэлжээ. Тэрээр нулимсаа арай гэж барьж байсан ба “Би өөрийн хувийн болон компанийн эрх ашгийн төлөө хэзээ ч, хэнээс ч тусламж гуйж байгаагүй” хэмээн мэдэгдсэн байна.

Ли “Би ийм асуудалд орооцолдсондоо гүнээ харамсаж, уучлал гуйж байна” гэжээ.

49 настай Ли нь Самсунг группыг үүсгэн байгуулагч, эцэг Ли Кун Хэг 2014 онд хэвтэрт орсны дараа Самсунг Электрониксийг удирдах болсон юм. Тэрээр Самсунгийн хоёр охин компанийг нэгтгэх шийдвэрийг хувь эзэмшигчдээр гаргуулахын тулд экс ерөнхийлөгч Пак Гын Хэ, түүний найз Чой Сүүн Сил нарт авлига өгсөн гэгдэж байгаа. Самсунгийн нэг том хувь эзэмшигч нь Өмнөд Солонгосын үндэсний тэтгэврийн сан байдаг тул шийдвэрт нөлөөлүүлэхийн тулд ерөнхийлөгчөөс дэмжлэг авсан гэж үзэж байгаа юм.

 

 Эх сурвалж: Reuters