Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

АМЖИЛТ: Монгол хүүхдүүд оюуны чадлаараа эх орныхоо нэрийг ОЛОН УЛСАД ГАРГАЛАА

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

 Бага, дунд ангийн олон улсын математикийн тэмцээн /IMC/ Энэтхэг улсын Лакноу хотод долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Дэлхийн 26 орны 72 баг оролцсон тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж явсан 16 сурагч бүгд амжилттай оролцож медаль хүртсэн байна. 

Тэдний тал нь буюу 8 сурагч "Сант" сургуульд сурдаг ажээ. Өнгөрсөн жилийн тэмцээний талаар мэдээлэл уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

Ингээд бид амжилт гаргасан сурагчидтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. 

“Сант” сургуулийн VII ангийн сурагч О.Эрхэсболд:

 

“Тэмцээнд ороод хувийн төрөлд медаль авч чадаагүй ч багийн төрөлд оролцож алтан медаль авлаа. Багаараа хөдөлмөрлөж түрүүлсэндээ маш их баяртай байна. Өмнө нь би Улаанбаатар хотын математикийн тэмцээнд оролцож, хоёр жил дараалж мөнгөн медаль авч байсан учраас Монголын багт шалгарч орсон.

Олон улсын математикийн тэмцээнд IX анги хүртлээ оролцох боломжтой. Би одоохондоо хувийн төрөлд медаль аваагүй байгаа учраас цаашид медаль авах хүсэлтэй байна” гэлээ.

I сургуулийн IX ангийн сурагч Ж.Тэмүүлэн:

 

“Олон улсын математикийн тэмцээнд хоёр дахь удаагаа орж, хувийн төрөлд хүрэл медаль, багийн төрөлд хүрэл медаль, мөнгөн цом хүртсэн. Энэ тэмцээнд Монголоос шалгарч оролцох нь маш том шалгуур байсан. Монгол Улсаа төлөөлж оролцох хүүхдүүдийг шалгаруулын тулд гурван сорил авдаг. Түүнээс шалгарсан цөөхөн сурагч тэмцээнийг зорих эрхтэй болно. 

Математикийн хичээлдээ сайн суралцсанаар бусад бүх хичээлдээ сайн болдог. Тиймээс би математикийн хичээлээ багаасаа сонирхож, гүнзгийрүүлж судалж байгаа. Дараа жилийн тэмцээнд илүү сайн оролцож алтан медаль авахаар зорьж байна” гэсэн юм.

"Сант" сургуулийн сурагч Б.Билгүүн:

 

"Дунд ангийн төрөлд оролцож хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Мөн багийн төрөлд манай багийнхан алтан медаль хүртсэн. Тэмцээнд амжилт гаргахад тусалсан багш нар, гэр бүлийнхэндээ баярлалаа. 

Цаашид амжилтаа улам ахиулахын төлөө хичээх болно" гэв. 

“Орчлон” сургуулийн VI ангийн сурагч Э.Уянга:

 

“Энэтхэгт болсон тэмцээнд бага ангийн төрөлд оролцож хувиараа мөнгөн медаль, багаараа мөн мөнгөн медаль хүртсэн. Гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун байгаа.

Өнгөрсөн жил би энэхүү тэмцээнд хүрэл медаль авч байсан. Энэ жил амжилтаа ахиулж чадлаа. Математикийн хичээлээ сайн сурснаар ирээдүйд шилдэг их сургуульд амжилттай элсэж орно гэж боддог” гэв.

“Сант” сургуулийн VIII ангийн сурагч Я.Түвшинсанаа:

 

“Өмнөх жилүүдэд бага ангийн төрөлд оролцож байгаад энэ жил дунд ангийн төрөлд анх удаа оролцож хүрэл медаль хүртлээ. Би бага ангидаа алтан медаль авч байсан. Дунд ангидаа ороод хүрэл медаль авсан ч цаашид алтан медаль авах сонирхолтой байна” гэсэн юм.

“Шинэ Монгол” сургуулийн VIII ангийн сурагч О.Мишээл:

 

“Тэмцээнд амжилттай оролцож хувийн төрлөөр мөнгө, багийн төрлөөр алтан медаль хүртлээ. Нэгдүгээр ангиас хойш математикийн хичээлдээ дуртай болсон. Ирээдүйд сансар судлаач болохыг хүсдэг.

Тэмцээний хувьд алтан медаль авахыг зорьж байсан боловч мөнгөн медаль авсан болохоор бага зэргийн чамлалтай байна. Гэхдээ дараа жил ахин Тэмцээнд оролцож, зорилгоо биелүүлэх боломж бий” гэв.

 

Энэ жил тэмцээнд оролцсон Монголын багийн сурагчид өмнөх жилийн амжилтаа бататгаж, илүү амжилттай оролцсон хэмээн багш нар нь дүгнэж байна. Сурагчдыг амжилттай дасгалжуулж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ажилласан Б.Батцэнгэл ахлагчтай Монголын багш нарын багт мөн талархъя. 

Монголд байх хугацаандаа эдгээр 16 сурагч "Сант" сургууль дээр бэлтгэлээ хийжээ. Тэд хавраас эхлээд бэлдсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж эх орныхоо нэрийг ийнхүү олон улсад гаргаж чадлаа. 

ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН МОНГОЛ СУРАГЧДЫН НЭРС:

Бага ангийн хувийн төрөлд

Д.Энэрэлт (Сант сургууль) 130 оноогоор алтан медаль,

Ц.Сайханбилэг (Сант сургууль) 80 оноогоор мөнгөн медаль,

Б.Энхрийлэн (Орчлон-1 сургууль) 70 оноогоор мөнгөн медаль,

Э.Уянга (Орчлон-1 сургууль) 70 оноогоор мөнгөн медаль,

Ц.Цэнгэл (Сант сургууль) 60 оноогоор хүрэл медаль хүртэж,

Г.Золзаяа (Соёмбо сургууль) 40 оноогоор,

Л.Оргилболд (Орчлон-1 сургууль) 30 оноогоор,

О.Эрхэсболд (Сант сургууль) 20 оноогоор шагналт байранд шалгарлаа.

Бага ангийн багийн төрөлд

MGL-2A баг (Д.Энэрэлт. Ц.Сайханбилэг. Ц.Цэнгэл, О.Эрхэсболд нар) 251 оноогоор аварга багийн цом, алтан медаль,

MGL-2B баг (Б.Энхрийлэн, Г.Золзаяа. Э.Уянга, Л.Оргилболд нар) 242 оноогоор дэд аварга багийн цом, мөнгөн медаль хүртлээ.

Бага ангийн хувийн амжилтаар шалгаруулдаг багийн төрөлд

MGL-2A баг (Д.Энэрэлт, Ц.Сайханбилэг. Ц.Цэнгэл, О.Эрхэсболд нар) 270 оноогоор аварга багийн цом хүртлээ.

Дунд ангийн хувийн төрөлд

М.Өнөболд (УБ. 1-р сургууль) 110 оноогоор алтан медаль,

А.Алтансүх (УБ, 11-р сургууль) 105 оноогоор алтан медаль,

А.Нямдаваа (Сант сургууль) 95 оноогоор мөнгөн медаль,

Ш.Билгүүдэй (Сант сургууль) 95 оноогоор мөнгөн медаль,

О.Мишээл (Шинэ Монгол сургууль) 80 оноогоор мөнгөн медаль,

Б.Билгүүн (Сант сургууль) 75 оноогоор хүрэл медаль,

Ж.Тэмүүлэн (УБ.1-р сургууль) 65 оноогоор хүрэл медаль,

Я. Түвшинсанаа (Сант сургууль) 60 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Дунд ангийн багийн төрөлд

MGL-3A баг (А.Алтансүх. О.Мишээл, Б.Билгүүн, А.Нямдаваа нар) 245 оноогоор дэд аварга багийн цом, мөнгөн медаль,

MGL-3B баг (Ж.Тэмүүлэн, Я.Түвшинсанаа. М.Өнөболд, Ш.Билгүүдэй нар) 205 оноогоор гутгаар аварга багийн цом, хүрэл медаль хүртлээ.

Дунд ангийн хувийн амжилтаар шалгаруулдаг багийн төрөлд

MGL-3A баг (А.Алтансүх, О.Мишээл, Б.Билгүүн, А.Нямдаваа нар) 280 оноогоор аварга багийн цом,

MGL-3B баг (Ж.Тэмүүлэн, Я.Түвшинсанаа, М.Өнөболд, Ш.Билгүүдэй нар) 270 оноогоор дэд аварга багийн цом хүртлээ.

Гэрэл зургууд: 
 
 
 
 
 
 
 
 
 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир, MPA.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.