Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компанийн iPhone-оос олсон ашиг Microsoft, Google-ийн нийлбэр ашгаас давжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Apple компани iPhone гар утас зах зээлд гаргасны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа. Энэхүү бүтээгдэхүүнээсээ Apple хамгийн их ашиг олдог төдийгүй нийт гар утасны салбарын ашгийн ихэнхийг эзэлдэг гэдэг.

Тэгвэл өнгөрсөн арван жилийн хугацаанд iPhone-оос олсон нийт ашиг нь технологийн өөр хоёр аварга болох Microsoft, Google компаниудын энэ хугацаанд олсон ашгийн нийлбэрээс давжээ.

Microsoft бол персональ компьютерийн зах зээлд үнэмлэхүй том тоглогч бол Google нь хайлтын систем, онлайн сурталчилгааны хамгийн том платформыг эзэмшигч юм.

Microsoft дэкстоп орчноос мобайл руу системээ тэлэх гэж олон жил хичээж байгаа ч тодорхой үр дүнгүй байгаа. Гэхдээ тэд Windows, Xbox зэрэг бүтээгдэхүүнээсээ гол орлогоо олж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Apple компани iPhone-оос инфляцийг тооцож зассан дүнгээр $321.02 тэрбумын ашиг олсон бол нөгөө хоёр нь нийлээд $320.7 тэрбумыг олжээ. Инфляц тооцоогүй, энгийн дүнгээрээ ч Apple-ийн ашиг $307 тэрбум бол Microsoft, Google-ийнх нийлээд $301 тэрбум болсон байна.

2007 онд анхны iPhone-оо зах зээлд гаргасан эхний улиралдаа Apple $1 тэрбум хүрэхгүй ашиг олсон нь Google-ийнхтэй ойролцоо байсан бол Microsoft $3.6 тэрбумын ашиг олж байжээ.

 

Эх сурвалж: Quartz