Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Болд: Ордны хуйвалдаан маягийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэн зөвшөөрөхгүй

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 8 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байна. Та энэ парламентад байгаа Үндсэн хууль батлалцаж явсан хоёр гишүүний нэгийн хувьд ямар бодолтой байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлт парламент болгоноор яригддаг. Үндсэн хууль тухайн цаг үедээ нийцэж байгаа эсэх болон сайжруулах шаардлага байгаа юу гэдэг асуудлаар парламент байр сууриа илэрхийлж байх нь зүй ёсны хэрэг.

Үндсэн хууль батлалцаж явсан гэдэг утгаараа бүхий л үйл явцыг анхааралтай ажиглаж, Ажлын хэсгүүдэд орж ажиллаж байгаа. Өмнөх Их хурал Үндсэн хуулийг өөрчлөхөөр нэлээд чармайлт гаргасан. Түүн дотроо Үндсэн хуулийн суурь тогтолцоог эвдэх гэсэн буруу санаанууд байсан учраас тэр өөрчлөлтийн эсрэг нэлээд тэмцсэн. Тэр үед Үндсэн хуулийг өөрчлөх асуудал шийдэгдэлгүй хойшилж байсан.

Эрх баригчид энэ удаа Үндсэн хуулийг яаж өөрчлөх вэ гэдэгт байр сууриа эцэслэн нэгтгээгүй нэлээд үзсэн. Сүүлдээ ард түмний дунд Зөвлөлдөх санал асуулга гэгчийг зохион байгуулахыг би эсэргүүцсэн. Үндсэн хууль гэдэг суурь тогтолцоог шийдэх гэж байгаа энэ асуудалд Үндсэн хуулийг анх яаж хэлэлцэж баталж гаргасан, тиймэрхүү хэмжээний хэлэлцүүлэг, шийдвэр, ойлголцол, зөвшилцөл байх ёстой.

2000 онд Ардын нам Их хуралд 70-уулаа байхдаа Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг хийж өнөөдрийн хуулиас гажуудаж, хэрэгжилт маш хэцүү болсон цаг үеийн зовлон бэрхшээлийн үүдийг нээсэн. МАН дахиад 65-уулаа болж Их хуралд орж ирэнгүүтээ дахиад Үндсэн хуулиар оролдож эхэллээ. Ойрын ирээдүйд дахиад ийм давамгайлсан байр суурьтай байх нь бага учраас одоогийн эрх барьж буй хүч бололцоогоо буруугаар ашиглах вий гэсэн болгоомжлол тал талд байгаа. Энэ удаагийн Их хурал Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцүүлэг, болох, болохгүй асуудлыг удирдаж хөтлөөд явж болно.

Гэхдээ ханцуй шамлаж ороод өөрсдийн эрх ашигт нийцүүлж мөнхийн олонх байх гэсэн явцуу боломжгүй эрх ашгийн төлөө зориуд хуулийн өөрчлөлт хийх нь зохимжгүй. Мөн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан энэ үед сөрөг хүчний намаас гарсан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах боох гэсэн сонирхолтой. Өөрөөр хэлбэл, ард түмнээсээ сонгуулийн өшөө авах хэрэгсэл маягаар Үндсэн хуульд халдах буюу нэг ёсны тайван замын төрийн эргэлт хийх гэж байна. Үүнийг Ардчилсан нам төдийгүй эрүүл саруулаар сэтгэдэг хэн бүхэн эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэх ч ёстой.

-Үндсэн хуулийг өөрчилбөл эхлээд дордуулсан долоон заалтаа зас гэдэг үгийг та чуулганы танхимд хэлж байсан. Ер нь Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх ёстой вэ?

-Өөрчилж болно. Үүний тулд өмнөх алдаагаа засахаас эхлэх ёстой. Долоон өөрчлөлт бол нэг намын парламентаас гаргасан нэг хүнд үйлчлэх зориулалттай Монголын улс төрийн тогтолцоог маш буруу замаар явуулсан өөрчлөлт болсон. Үүнийгээ эхлээд хууль ёсных нь голдрилд оруулаад Үндсэн хуулиа анх бий болсон Үндсэн хуулиар нь буцааж сэргээх хэрэгтэй. Дордуулсан долоон өөрчлөлтөөс болж төрийг хямраасан олон асуудал бий болсон. Давхар дээл, Их хурлын гишүүдэд хариуцлага тооцох, парламентад ажиллах чадамж гээд маш олон зүйл бий. Ардчиллын суурь зарчмууд долоон өөрчлөлтөөр хөндөгдсөн.

Эхлээд энэ бүгдээ өөрчлөх хэрэгтэй. Үүний дараа нийт ард түмнээрээ Үндсэн хуульд оруулах үндсэн том өөрчлөлтийн саналуудаа нэгтгэж хэлэлцүүлэх ёстой. Дээрээс нь шаардлагатай бүхий л судалгаа дүгнэлтүүдийг гаргаж байгаад парламентын бүх намууд оролцсон төслийг бэлтгэх хэрэгтэй. Үүнийг ирэх УИХ-ын сонгуулиар батлах нь зүйтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт нь УИХ-ын сонгуулийн том сэдэв болох ёстой. 2020 оны сонгуулиар гурван жил бэлтгэсэн төслөө нийт ард түмнээр хэлэлцүүлж шинэ Их хурал ард түмнээс мандат авч орж ирээд батлах эхний асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт байх юм.

Би өөрчлөх гэдэг үгэнд дургүй. Үндсэн хуулийн нэмэлтийн асуудал байх ёстой. Үндсэн хууль бол маш сайн хууль. Гагцхүү дандаа буруу тайлбарладаг. Үндсэн хуулиа буруу ойлгосон уу эсвэл зориуд мушгин гуйвуулсан дагалдах хуулиуд гаргасан. Тиймэрхүү салаа утга мөчир гарахгүй байх нөхцөлийг өнөөдөр Үндсэн хуульд суулгаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн одоо байгаа харилцааг эвдэх биш тодруулах шаардлагатай харилцаануудаа нэмэлт маягаар хийх хэрэгтэй. Ингэх юм бол зүйд нийцсэн Үндсэн хууль гарна. Үг солих маягаар нэр томьёо өөрчлөх биш гол өөрчлөлтөө ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй.

60 тэрбумыг илрүүлэх, таслан зогсоох нь ард түмний захиас даалгавар. Үүнийг шаардах эрх Ерөнхийлөгчид бий

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг олонхын бүлэг 65-уулаа дэмжээд хүчээр баталчихвал одоо яриад байгаа өөрчлөлт улс орны эрх ашигт хэрхэн нөлөөлөх бол?

-Эрх баригчид нэг зүйлийг ойлгох ёстой. 65 гишүүний 40 гаруй нь улс төрд шинээр орж ирж байгаа учраас өмнөх түүхээ дутуу мэдэж байх шиг байна. Хүнд цаг үе дундуур туулж үзээгүй хүн яриулаад мэднэ гэж байхгүй. Одоогийн Үндсэн хууль бол хоёр дахь нь. Социалист системд хоёр гурван удаагийн өөрчлөлт хийгдэж байсан боловч үндсэндээ нэг тогтолцооны Үндсэн хууль үйлчилж ирсэн. 1990 оны ардчилсан хувьсгалаар Монгол Улс цоо шинэ нийгмийн тогтолцоог хувьсгалаар бий болгосон.

Хувьсгалын үр дүнд гарсан нийгмийн зөвшилцлийн том гэрээнээс эрх баригч нам буцаж байгаа бол 1990 оны руу очиж байгаатай адил. Өөрөөр хэлбэл, ард түмэн дахиад хувьсгалаар шийднэ. Үнэхээр сөрөг хувьсгал хийгээд хуучин нийгмийг бий болгох гэж байна уу, эсвэл зөвшилцөх ойлголцох, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэх, зөвхөн Монголын эрх ашигт захирагдах зарчмаасаа татгалзах ордны хуйвалдаан маягийн үндсэн хуулийн өөрчлөлт явахгүй. Үүний эсрэг ард түмэн дахиад ардчилсан хувьсгал хийнэ. Хийхээс өөр аргагүй. Ард түмний эрх ашиг ирээдүйнхээ төлөө тэмцэхээс өөр арга байхгүй.

Эрх баригчид их л том эрсдэлийг дагуулж байна. Онолын хувьд олонхоороо Үндсэн хууль руу халдах бололцоотой мэт харагдавч тийм бололцоо байхгүй. Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, ард түмэн, сөрөг хүчний байр суурь маш чухал. Аль нэг салбарыг зохицуулж байгаа биш Монголын Үндсэн хууль учраас улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд гээд бүх оролцогчдын байр суурь чухал. Тиймээс МАН-ын яриад байгаа өөрчлөлт нийгмийг бүхэлд нь үймүүлж дахиад тогтворгүй нөхцөл байдлыг бий болгох зүйл рүү турхирсан алхам болно. Арай ч ийм зүйлд хүргэхгүй байх гэж найдаж байна.

-Сүүлийн өдрүүдэд олон нийт МАН-ын нэр бүхий албан тушаалтнуудын нэр дурдагдаад байгаа төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын асуудалд нэлээд анхаарч байна. Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагуудад чиглэл өгснийг зарим улстөрчид шүүмжилж байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж байна гэж харж байгаа. Өмнөх Ерөнхийлөгчид прокурорынхныг цуглуулаад үүрэг даалгавар чиглэл өгөхөд бүгд чимээгүй л байсан. Өмнөх төрийн тэргүүнүүдийн үед хэрэгжүүлж байсан ажлыг өнөөгийн Ерөнхийлөгч хийж байхад яагаад хоёр өөрөөр хандаад байгаа юм. Мөрдөн байцаах нууц зэргээр хуулиар хамгаалсан ажлууд руу ороогүй.

Илэрхий тодорхой болчихсон, ард түмний байр сууриа илэрхийлсэн маш том санал хураалт сонголт боллоо. Ард түмэн 60 тэрбумыг жигшин зэвүүцэж байна. Төрийн албыг жижиглэн арилжиж болохгүй. Үүнийг дахиж хэн ч зүрхлэхгүй, улс төрчдийн амнаас нууц ч байсан ийм үг гарах, бодол санаа тархинд нь ордог байхыг бид таслан зогсоож индүүдэх ёстой. Ингэхгүйгээр Монголын төр цаашид оршин тогтнох нөхцөл байдал маш бүрхэг болно. Ерөнхийлөгч сонгуулиар үүнийг дэвшүүлэн тавиад арга хэмжээ авна гэхэд ард түмний дийлэнх нь саналаа өгсөн.

Өөрөөр хэлбэл, 60 тэрбумыг илрүүлэх, таслан зогсоох нь ард түмний захиас даалгавар. Үүнийг шаардах эрх Ерөнхийлөгчид бий. Харин цаана нь хуйвалдсан зохион байгуулалттай сүлжээнд нь Авлигатай тэмцэх газар орсон байхыг үгүйсгэхгүй. Энэ 60 тэрбумын асуудалд Монголын төрийг донсолгосон шударга  ёсыг тогтоосон том алхам хийгдэх болов уу гэж дараагийн үйл явцыг ард түмэн маш гярхай ажиглаж харж байгаа. Энэ хаашаа эргэхээс хамаарч Үндсэн хууль тойрч маргалдах биш Монгол төрийнхөө үндсийн үндсийг аврах хариуцлагатай цаг мөч ирснийг хүн бүхэн харж байна.

-Ерөнхийлөгчийг чиглэл өгсний дараа прокурорын байгууллагаас хэрэг нээхээр болсон. Ер нь хууль хяналтын байгууллагуудын хараат бус бие даасан байдлыг хэрхэн харж байна вэ?

-2000 оноос өмнө хуулийн байгууллагууд бие даадаг, өндөр албан тушаалтнуудыг аваачиж байцааж шийтгэж төрийн өмнө эрх мэдлээ хэрэгжүүлдэг байлаа. Гэтэл 2000 оноос хойш нэг нам давамгайлсан парламенттай болсноор хуулийн байгууллагуудыг эрхшээлдээ оруулж утсан хүүхэлдэй болгох уралдаан тэмцээн явагдлаа. Үүний үр дүн өнөөдөр гарч байна. Үнэхээр хуулийг уландаа гишгэж ард түмний эрх ашиг итгэлийг хөсөрдүүлж буй бүх нөхцөл бололцоог хаацайлж байгаа нь хуулийн байгууллага болоод байна.

Захиалгаар дуртай хүнээ яаж хэлмэгдүүлж үйлийг нь үзэж маш олон хүний ажил амьдралаар тоглодгийг харлаа. Тэгсэн мөртөө үндэсний хэмжээний гэмт бүлэглэлүүдэд өөрсдөө нэрээ шургуулаад явж байдаг жишээ олон байна. Цагдаагийн дарга нар сайдаа зайлуулахын тулд хэлмэгдүүлэх ажиллагаа явуулдгийг бид харлаа. Үүний цаана ямар ч шийтгэл байхгүй.

Эргээд нөгөө бүлэглэлдээ үйлчилж шагнал урамшуулал албан тушаалаа хүртдэг буруу зүйл рүү чиглүүлсэн ялзарсан тогтолцоог ард түмэн одоо л ойлголоо. Сонгуулиар энэ бүлэглэлд маш том дүн тавилаа. Хоёр гурван сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч нам гуравдугаар байрт орсныг ард түмэн харлаа. Үүнээс өөр том сануулга гэж байхгүй.

-Валютын сангийн төлөөлөгчид манай улсад ирж ажиллалаа. Хүүхдийн мөнгийг зогсоох шаардлага тавьсан гэх зэрэг янз бүрийн мэдээлэл сонсогдож байна. Үүнд танай намын бүлэг болон та ямархуу мэдээлэлтэй байна вэ?

-Ажлын хэсэг дүнгээ гаргаагүй байгаа учраас илтгэх хуудсыг хүлээж байна. Энд нэг зүйл ойлгомжтой байгаа нь сонгуулийн зорилгоор юу ч хамаагүй амлаж яаж ард түмнийг хуурч болдгийг харлаа. Ардчилсан намын хүүхдийн мөнгө гэсэн болгоомжлолоос болж хүүхдүүд дээр улс төрийн өшөө хорслоо тайлж, үнэнд гүйцэгдээд ирэхээрээ хууль зөрчиж асуудлыг шийддэг боллоо.

Дээр нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд шороотой хутгалаа. Монголын засаг төр ямар ч итгэл даах чадваргүй маш эвгүй тогтолцоотой гэдгийг гадаад улсуудад ойлгуулчихлаа. Монгол Улсын Засгийн газартай яриад цаанаасаа нам нь даалгавар өгөх юм бол ямар ч шийдвэр гаргаж хуурч мэхэлж зальддаг арчаагүй нөхцөл байдлыг бий болгоод байна. Үүнд эрх баригч нам дүгнэлт хийнэ гэж найдаж байна. Ингэж Монголын төрөөр тоглож болохгүй. Анх хүүхдийн мөнгийг олгох маш ойлгомжтой шийдлийг бид гаргаж тавьсан. Хүүхдүүдийг хохироохгүйгээр АН гэхгүйгээр МАН-ынх болгож нэр томьёог нь өөрчлөөд энэ шийдвэрийг аваад яваач.

Гагцхүү битгий том ухралт хийгээд, бусад зүйл дээр тансаглалаа танаад төсвөө хэмнэе гэж мөн ч их хэлсэн дээ. Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр өгье гэж сүүлдээ сөхөрч гуйсан. Ялгаварлахаар байсан бол анхнаасаа өгөх хэрэггүй байсан. Ардын намд заавал өгөх үүрэг үүсээгүй. Одоо валютын сангийн өмнө эвгүй байдалд орлоо. Цаашид хөтөлбөр хэрхэн хэрэгжих ямар сценариар асуудал өрнөх нь тодорхойгүй боллоо. Ард түмний сонголтыг эрх баригчид дэндүү хайран болгож итгэл рүү нь хүйтэн ус цацлаа.

-Ардчилсан намын бүлгийн гишүүд Х.Баттулга Ерөнхийлөгчийг нэр дэвшиж байхад дөрвөн төрлийн зээлийг нэг удаа төлөх хуулийн төсөл санаачлахаар саналаа хүргүүлж байсан. Ард түмний өрийг хэзээнээс төлж эхлэх вэ?

-Хуулиа санаачилж тооцоогоо хийх хэрэгтэй. Хуулиа өргөн барьж үе шаттай явагдаж байж чуулганаар шийдэгдэнэ. Үүний цаана нэг л асуудал бий. Монгол Улс дэлхийн хамгийн баян орон. Иргэн бүр нь баян байх ёстой юм. Гэтэл Монголын баялгийг хэдхэн бүлэглэл булааж авчхаад иргэдийг гудамжид гаргачхаад байна. Амьдралынхаа эх үүсвэрээ барьцаалж зээл авдаг арчаагүй байдалд оруулж байна. Монгол хүн хэзээ ч ертэй байх ёсгүй. Чадвартай бололцоотой хүн нь зээл аваад бизнес хийх өөр. Гэтэл тэтгэвэр, цалингийн зээл төлөгдөхгүй байгаа нөхцөлд ард түмний амь насаар дэнчин тавьж өрийн дарамтад оруулж байна.

Монголын баялгийг хувааж авчхаад нөгөө талд нь ард түмнийг ертэй амьдруулж байгаа нь аль ч нам гэлтгүй тогтолцооны хамгийн том алдаа. Үүнийг аль нэг намд хаяглаад байх шаардлагагүй. Монгол хүн ергүй байна гэдэг Монгол төрийн бодлого байх ёстой. Амьжиргаагаа барьцаалсан өр Монгол хүнд байж болохгүй. Үүнийг хуулиар хориглоод нэг удаа өрийг нь төлж өгөх боломжийг олгох хэрэгтэй. Ард түмнийг илүү сайхан амьдруулах нөхцөл боломжоор төр хангаж өгөх хэрэгтэй. Эрдэнэт, Оюутолгойн хувьцааг эзэмших зэргээр хүн болгон ам.долларын саятан болох хамгийн том алхам бол Өргүй Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс бэлэн мөнгө тарааж нэг удаагийн өрийг нь төлөх тогтолцоо бүтэхгүй.

Хүүхдийн мөнгийг өгөхгүй гэж байгаад одоо болохоор өөрсдөө бариад гүйж байна. Яг үүн шиг юм болно. Ухрах зугтах юм байхгүй. Өргүй Монгол болох үндэслэлүүдийг дурайтал урд нь бичээд тавихаар эсэргүүцэх, дэмжихгүй байх харалган нөхцөл байдал үүсэхгүй байх.

-Шинэ парламентын нэг жилийн ажлыг товчхон дүгнэвэл?

- Сэтгэл дундуур зүйлс олон бий. Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэдэг ард түмний сонголт байдаг. Тэр мөрийн хөтөлбөр хаягдаж ард түмэн өнгөрсөн сонгуулиар хуурагдсан нь нотлогдлоо. Эрхзүйн шинэчлэлийн гол хуулиуд хэдийгээр саад бэрхшээлтэй ч ээлж дараатай гарсан нь давуу тал. Тэнд ухралтууд бий. Энэ ухралтууд дээр ажиллах ёстой. Энэ парламент сэтгэлд хүрэхээр ажиллаж чадахгүй байгаа.

Гишүүд туршлага сууж парламентын нэр хүндийг өндөрт өргөж, ард түмний төлөө үнэн зөв бодитой ирээдүйг харсан, хэрэгжих боломжтой шийдвэр гаргах учиртай. Маш олон чухал хуулиудыг хэлэлцэхгүй хойш тавьж цаг зуурын асуудалд анхаарч байгаа нь харагдаж байна. Тухайлбал, Гэр хорооллын хууль Усан тээврийн хуулиас түрүүлж гарах учиртай. Ийм олон чухал хуулиудыг хойшлуулсан. Улс төрийн хэт том хуваагдалд ороогүй байгаа эхний жилүүдэд хүн хүний салбар байгууллага дагасан асуудал хэлэлцэж цаг алдахгүйгээр ажиллах хэрэгтэй. Энэ парламент түүхэнд сайн нэрээ үлдээхийн төлөө хичээх хэрэгтэй. Бид өр тэглэхээс эхлээд шахаж ажиллах болно.

Зураг