Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

1,200 метр ГҮНИЙ УУРХАЙ дор

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Оюу Толгой"-н гүний уурхайд 21 км урт хонгил одоогоор баригдаад байна.  Тус гүний уурхайд 4,500 ажилчин 30-35 хэмийн халуунд 12 цагийн турш ажиллан Монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. 

Ердөө гурван цаг болсон сурвалжлах баг энэ халуун бүгчим орчинд ажиллахад нэлээд хүндрэлтэй байв. Харин энд хүмүүс 12 цагийн турш ажилласаар... 

Өмнийн говьд орших гүний уурхайгаас 2020 он гэхэд анхны бүтгээдэхүүнээ авах тооцоог гаргаад буй. Харин үүнээс долоон жилийн дараа уурхайгаас 95 мянган тонн хүдэр боловсруулна гэж 1,200 метрийн гүнд орших бүтээн байгуулалтын үйл явцтай танилцахаар очсон сэтгүүлчдийг угтаж авсан уурхайн инженерүүд ярьж байв.

21 км хонгил дотор

Байн байн гэрэл дохиогоо гялалзуулсан том жижиг машинууд гүний уурхайн хонгилоор явж байхад гарч ирнэ. Энэ үед бид хонгилыг ухаж тусгайлан бэлтгэсэн хоргодох байруудад орж байв. 

Дээрээс уурхайн гүн рүү хэчнээн тооны хүн орж ирнэ тэр хэмжээний хүн зөрж гарах шаардлагатай болдог аж. Учир нь уурхайн хоргодох байрын хүний тоо хязгаартай. 

Уг уурхайд 2-50 хүн багтах 18 хоргодох байр бий. Харин 2020 он гэхэд 350 хүн багтаах хоргодох байртай болох юм байна. 

Хэсэг яваад шагайгаар татсан устай тааралдана.  Бид 5.5 метрийн өндөртэй том малталтын хэсэгт очихоор хоёр цаг орчим алхлаа. Зайлшгүй тохиолдолд хэрэглэх хүчилтөрөгч бүхий 2.5 кг жинтэй хайрцгийг хүн бүхэн зүүж явна. Алхах тусам энэ хайрцаг улам хүндэрнэ.  

Хоёр цаг орчим алхсаны эцэст бид том малталтын хэсэгт ирлээ. 

Том малталтын ажил кабел боолтын ажлаар үргэлжилж байв. "Энэ нь чулуулгийн бэхэлгээний ажил гэсэн үг. Том малталт нь 11:11 метр, 70 метрийн өргөнтэй. 

Гүний уурхайд 12:10 хэмжээтэй тунель баригдана. Энэ нь Сүхбаатарын хөшөөг бүтнээр нь багтаах хэмжээтэй" гэж уулын инженер Ш.Даваасүрэн сонирхуулав. Том малталт гэдэг нь эрдэс баялгийг эхний ачилтын станцаас туузан дамжуургаар дараа нь "Босоо-ам 2"-оор дээшээ гаргах малталт аж.  

Өнгөрсөн жилээс эхлэн эмэгтэйчүүдийг хуулийн дагуу нийт 12 цагаар гүний уурхайд ажиллахыг зөвшөөрчээ. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Гүний уурхайд таван босоо ам ашиглана. Одоо хоёр босоо ам ашиглаж байгаа болохоор аюулгүй ажиллагаа бүрэн хангагдсан.  

Гурав, дөрөвдүгээр босоо амын ажил эхлээгүй байгаа. Харин тавдугаар босоо амын ажил эхэлсэн. Ирэх онд дуусгах төлөвлөгөөтэй байна. Босоо амууд нь агааржуулалт, хүн болон чулуу тээвэрлэх зориулалттай" гэж том малталтын инженер тайлбарлаж байлаа. 

Уурхайн хонгилыг уртасгаснаар Оюу толгойн орд газрын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх аж. 

Гүний уурхайд 2,231 хүдэр буулгах цэгтэй болно.

Ингээд бид цааш том малталтын хэсгээс гарч засварын цех болон агааржуулалтын ажилчидтай уулзлаа.  

 
Гэрэл зургийг Mpa.mn

Гүний уурхайн агааржуулалтын инженер Т.Наранбаатар "Агааржуулалт дутмаг байх юм бол халууны стресст орох магадлал өндөр байдаг.

Чийгтэй температур 32-оос дээш заах юм бол ажлыг бүрэн зогсооно.Эдгээр сэнс нь байнгын төлөвлөгөөтэй үзлэгүүдэд ордог" гэв.  

Гүний уурхайн дэд бүтэц: 

  • 1.5 км өндөр таван босоо ам барина
  • Хоёр шатахуун түгээгүүрийн станц
  • Таван засварын цех барихаар төлөвлөж байна.

Бид гүний уурхайд 13:00 цаг орчимд орсон бол дээш өгсөхөөр цахилгаан шатны өмнө 16:00 цагт зогсож байлаа.  Гурван цагийн аяллын үеэр "Нэг жилийн өмнө хэдхэн зуун хүнтэй байсан гүний уурхайн төслийн ажиллах хүч ийнхүү өргөжихийн хэрээр төсөлд 30 орчим гэрээлэгч компани, 150 гаруй ханган нийлүүлэгч хамтран ажиллаж байна. 

Гүний уурхайн төслийн гэрээний нийт дүнгийн 70 гаруй хувь нь Монгол комданиудад ногдож байгаа юм" зэрэг мэдээлэл чихэнд чимэгтэй байлаа. 

"ОТ-н гүний уурхай блокчлон олборлох аргаар олборлолтоо хийх гэж байгаа анхны уурхайнуудын нэг.  Блокчлон олборлоно гэдэг гүний уурхайн олборлолтын нэг төрөл юм. Энэ аргыг хэрэглэсэн тохиолдолд эхний хөрөнгө оруулалт их өндөр байдаг. Яагаад гэхээр хүдрийн биетүүдэд хүрэх бүх гарцыг хийх шаардлагатай. Нэгэнт эхний гарцыг гаргачихвал үйл ажиллагааны зардал маш бага байдаг. 

Хамгийн эхний хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллар шаардагдана. 2027 он гэхэд олборлолт тогтвортой явагдаад ирэх хүртэл нэмэлтээр 2.8 тэрбум долларыг мөн зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 

2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр бидний үйл ажиллагааны зардал маш бага байна. 

14, 28 метрийн хэмжээтэй 2,000 ширхэг гарцыг хийнэ. Анх энэ бүхнийг хийхэд л хамгийн их зардал орж байгаа юм. Бусад ордын хувьд ухаад олборлолтоо хийгээд л дахиж ухаад олборлолтоо хийдэг бол бид анхнаасаа хүдрийн биетээ тодорхойлоод гүнээс нь олборлоно гэсэн үг" хэмээн Гүний уурхай төслийн захирал Марко Пирэс манай сайтад ярьж байсан билээ. 

Оюу Толгойн ил уурхайг бид андахгүй сайн мэднэ. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 3 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд байгаа нь бизнесийн орчинд таатай мэдээ юм. 

Оюу толгойн тийт ажилчдын тоо 11 мянгад хүрчээ. Ажилчдын 88 хувийг Монголчууд эзэлдэг байна. Энэ оны сүүлээр нэмж 1,000 орчим ажилтан авах бөгөөд 5,000 орчим ажилчдын орон сууц шинээр баригдах аж. 

Харин баяжуулах үйлдвэрийн хувьд Монголд барьж байгуулсан хамгийн том үйлдвэр юм. Үүнийг бүтээн босгоход Эйфлийн цамхаг гурвыг барих хэмжээний ган төмөр оржээ. 

Тус үйлдвэр 2017 оны нэгдүгээр улиралд боловсруулсан хүдрийн хэмжээгээрээ дээд амжилт тогтоож, өдөрт дунджаар 112,100 тонн хүдэр боловсруулжээ.

Ингээд уурхайд ажилласан фото сурвалжилгыг хүргэж байна. 

Гэрэл зургийг Mpa.mn