Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дагуурын дархан цаазат нутгийг ДЭЛХИЙН БАЙГАЛИЙН ӨВД бүртгэлээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 21
iKon.MN
 

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш улсын Краков хотноо 2017 оны долоодугаар сарын 2-12-нд хуралдлаа.

Энэ чуулганы долоодугаар  сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хамтран нэр дэвшүүлж өргөн барьсан “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэн авсан шийдвэрийг гаргасан юм.

Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 улсаас 16 нь тус чуулган дээр үг хэлж, энэ номинацийг дэлхийн байгалийн өвд бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргахыг дэмжсэн байна.

ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь  ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу  Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар,  Чулуунхороот,   Баяндун сумдын  нутаг дэвсгэрт хамаарагдаж байгаа болно.

Дэлхийн өвийн хорооны  41 дүгээр хуралдаанаар  Дагуурын ландшафтыг дэлхийн байгалийн өвийн тодорхой шалгуурууд болон дэлхийн өвийн “хосгүй гайхамшигт үнэ цэнэ, бүрэн бүтэн байдлыг” бүрэн дүүрэн хангасан хэмээн үзэж Дэлхийн өвийн хороо, Олон улсын байгаль хамгаалах холбооны  (IUCN) экспертүүдийн  дүгнэлтээр дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

Дагуурын ландшафт нь Дагуурын тал нутаг дахь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газрын  экосистем, 236 зүйлийн шувууд түүний дотор  тэнд  өндөглөн зусдаг  нүүдлийн шувууд, цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу, мөн хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага  зэрэг 34 зүйлийн хөхтөн  амьтан, 236 зүйлийн дээд ургамал түүний дотор унаган болон  ховор ургамлыг багтаадаг иж бүрэн экосистем юм.

Дагуурын ландшафтийг дэлхийн өвд бүртгэснээр  хамгаалалтын менежмент нь  олон улсын анхаарлын төвд орж, зарим төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж  дээшлэх ач холбогдолтой. Мөн хоёр улсын Засгийн газарт  дэлхийн өвийг хамгаалах, менежментийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах,  санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг илүү өндөр хэмжээний үүрэг хариуцлагыг хүлээлгэж байгаа юм.

Дэлхийн өвийн хороо Монгол Улсын Засгийн газарт Дэлхийн өвд бүртгэгдсэн энэ газар нутгийн хилийн дотор уул уурхайн хайгуул, олборлолт явуулахгүй байхад анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байна.

Түүнчлэн ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд монголын цагаан зээр, нүүдлийн шувуудын хил дамнан нүүдэллэх  замнал, коридор нутгийн хамгаалалтын  хамтын менежментийг сайжруулах, шаардлагатай үед  зохицуулалт хийх,  дэлхийн өвийн энэ газарт хулгайн ан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болголоо.

 

 

Эх сурвалж: БОАЖЯ