Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батдэлгэр: Хөвсгөлд аялагчдын тоо өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 7 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

Аялагчдын сонирхлыг хамгийн их татдаг газар бол Хөвсгөл нуур. Дотоодын аялагчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан хог хаягдал, түгжрэл гэх зэрэг олон acуудал бий болоод байгаа. Энэ талаар Хөвсгөл аймгийн Тусгай хамгаалалттай газрын дарга Г.Батдэлгэртэй ярилцлаа.

-Баяр наадмын үеэр Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо нэмэгдэж, олон асуудал үүсээд байгаа талаар ярьж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид баяр наадмын үеэр өдөрт арван мянган жуулчин хүлээн авч ажиллалаа. Тэр дундаа дотоодын аялагчид маань илүү давамгай байлаа. Өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн байна. Аялал жуулчлалын улиралд яаралтай тусламж болон эмнэлэг, цагдаа хүчний байгууллага хүч нэмэгдүүлэн ажилладаг. Одоо ч бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

-Нуурын ойр орчимд ил задгай хог хаягдал ихтэй байна гэсэн. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

-БОАЖЯ-наас аялал жуулчлалын улиралтай холбогдуулан ахуйн бэлтгэл ажлаа сайн хангасан. Гэвч энэ удаад тооцоолсноос хоёр дахин их аялагч ирлээ. Хогийн уут тарааж өгсөн ч наадмын эхний өдөрт л дууссан. Иргэд ухамсартай байх хэрэгтэй байна. Байдал бидний мэдлээс давж, хог хаягдал, бохирдлын асуудалд бодлогын хэмжээнд арга хэмжээ авах шаардлагатай болсон.

-Нэгдсэн хогийн цэг байдаг биз дээ?

-Нуур руу нэвтрэх цэг дээр зориулалтын хог хаях газар бий. Аялагчид товчоогоор нэвтрэхдээ хогийн уутыг аваад гарахдаа хогоо бөөгнүүлж өгдөг. Манай байгууллага үүнийг нь хогийн төвлөрсөн цэг рүү хүргүүлдэг. Хогны уут өгөөд эргүүлээд авчруулахад иргэдийн далан хувь нь идэвхтэйгээр өгдөг бол үлдсэн хувь нь өөрсдийн ухамсаргүй байдлаас шалтгаалж хогоо эзэнгүй хаяж байна. Энэ нь эргээд байгаль дэлхийгээ бохирдуулах үндсэн шалтгаан болж байгаа.

-Нэвтрэх нэгээр ороход нэг хүнээс мянган төгрөгийн хураамж авдаг. Энэ мөнгө юунд зарцуулагддаг вэ?

-Улсын тусгай хамгаалалттай газар орж байгаа бүх хүн хураамж төлдөг. Уг 1,000 төгрөгийн 300-г нь улсын төсөвт тушаана. Үлдсэн 700 төгрөгийг орон нутаг нь захиран зарцуулдаг. Бид энэ мөнгийг орон нутагтаа эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэхэд ашиглах болон тарааж өгдөг хогийн уутаа худалдан авахад зарцуулагдаж байна.

-Хөвсгөл аймгийн удирдлагууд танай газартай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагаа сайн явагддаг. Аймаг болон сумын наадам зэрэгцэн эхлээд хүн хүч хомс байдаг ч Хөвсгөл нуур орчимд бид байгаа бүх боломжоо ашиглан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг.

-Өнгөрсөн жилүүдийн хур хог хаягдлыг бүрэн цэвэрлэж цэгцэлж чадсан уу?

-Аялагчид маань дан ганц зун гэлтгүй жилийн дөрвөн улиралд Хөвсгөл нуурыг зорин ирдэг. Өнгөрсөн хавар "Цэмцгэр Хөвсгөл” аян зарласан. Аяны хүрээнд нуурын эрэг орчим дахь эзэнгүй хур хог хаягдлаа цэгцэлж чадсан. БОАЖЯ энэхүү асуудлыг чухалчлан үзэж ажлын чиг баримжаа өгдөг. Иргэдэд хог хаяж болохгүй гэж сануулга өгч, гарын авлага хүртэл тараадаг ч хог хаягдлын асуудал шийдэгдэхгүй байна.

Хөвсгөлд одоогоор 64 гэр буудал, 44 жуулчны бааз ажиллаж байна. Эдгээр бааз нийлээд гурван мянга гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай байдаг. Жуулчны баазад байрлаж чадаагүй нь голын эрэг дагуу майхан бариад буудаг. Эдгээр хүнд шаардлага тавьж ажилладаг ердөө хорин хүн л байдаг. Иймд иргэд маш зохион байгуулалттай ухамсартай явах хэрэгтэй.

-Нуурын эрэг дээр байрлаж байгаа иргэд ихэвчлэн ямар зөрчил гаргадаг вэ?

-Өмнө нь ил гал түлээд гал алдах тохиолдол байдаг байсан. Одоо газан плитка гараад харьцангуй гайгүй болсон. Мөн нуур руу машин оруулахгүй гэх үүднээс хашаа хайс татдаг боловч иргэд тэр шонгуудыг сугалаад ордог асуудал их гарч байна.

-Жуулчны баазыг дахин нэмэгдүүлэх үү?

-Газрын нөөц байхгүй учраас дахин нэмэх боломжгүй.

-Энэ сарын 1-нээс Хог хаягдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу арга хэмжээ авч байна уу?

-Бид ямартай ч хог хаягдлаа ил задгай хаяж байгаа аялагчдын дүрс бичлэг болон зургийг авч баримтжуулж ажиллаж байгаа. Эргээд эдгээр хүмүүстэй хариуцлага тооцох талаар ажил зохион байгуулаад эхэлсэн.

-Иргэд санамсар болгоомжгүйгээсээ үүдэн усанд осолдох, бэртэх тохиолдол хэр их байна вэ ?

-Энэ бол байнга гардаг асуудал. Өнгөрсөн жил гэхэд нэг том хүн гурван хүүхэд осолдсон эмгэнэлтэй хэрэг гарч байсан. Цаашдаа ч гарахгүй гэх баталгаа байхгүй тул иргэд маань анхаарал болгоомжтой байж хүүхдүүддээ хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Мөн сүүлийн хэдэн жил автомашины урсгал нэмэгдсэн үүнтэй холбоотойгоор авто ослын тоо нэмэгдэж байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьдаг, хэт олон машины бөөгнөрөл үүссэнээс шалтгаалан осолдох эрсдэлтэй байна. Иргэд өөрсдөө энэ тал дээр анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

- Цаашид ямар ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Ирэх наймдугаар сараас Азийн хөгжлийн банкнаас санхүүжилттэй "Хөвсгөл нуурын Байгалийн цогцолборт газрын иргэдийн амьжиргааг дэмжих дэд төсөл" хэрэгжиж эхлэх гэж байна. Энэхүү төслийн нэг хэсэг нь Хөвсгөл нуурын ойр орчмоор эко бие засах газар барина. Энэ нь туршилтын журмаар ирэх сараас хэрэгжинэ.

2016 онд судалгааны ажил хийгдэж, баримт бичиг боловсруулагдаж. техникийн нөхцөл нь бүрдсэн, тендерийн үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдсаны үр дүнд одоо эхлэх гэж байна. Мөн цаашлаад отоглох цэгүүдийн нөхцөлийг сайжруулж, ариун цэврийн цэг олноор байгуулах ажлыг нэн яаралтай бий болгохоор ажиллаж байна.

Зураг