Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбуян: Түймрийн эрч буурч, ОБЕГ-ын бүрэн хяналтад орсон

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Түймрийн нөхцөл байдал болоод хандив тусламжийн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ. 

"Хандив тусламж үзүүлсэн нийт ард иргэд, Засгийн газар, Шадар сайдад талархал илэрхийлье"

ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Г.Ариунбуян "Онцгой байдлын Ерөнхий Газрын "Ой хээрийн түймрийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөх гэсэн юм.

Долоодугаар сар гараад нийт нутгаар хурайшилтын зэрэг нэн аюултай төвшинд хүрсэнтэй холбоотойгоор түймэр гарах нь нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ бүхий л арга хэмжээг авч байгаа.

Улсын онцгой комисс өчигдөр хуралдсан. Мөн засгийн газрын урьдчилан сэргийлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үүрэг өгсөн.

Өчигдөр нийт 22 түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар 21 түймэр байна. Үүнээс 7 түймрийг цурманд оруулсан. Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймрийг цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байгаа.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Орон нутгийн 1,000 гаруй иргэд 80 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. Зэвсэгт хүчний 300 гаруй албан хаагч 26 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Түймрийн эрчим буурч байгаагийн нэг шалтгаан нь үүлэнд нөлөөлөх арга хэмжээг авч эхэлсэнтэй холбооотой.

Хандив тусламж үзүүлсэн нийт ард иргэд, Засгийн газар, Шадар сайдад ОБЕГ-ын нийт хамт олны зүгээс баярласнаа илэрхийлье" гэв.

С.Залуухүү: Өчигдрөөс эхлэн 22 пуужин харваж үүлэнд нөлөөлсөн

ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү "Долоодугаар сарын 10-наас хойш баяр амралтын өдрүүд эхэлсэн. Үүнтэй холбогдуулан түймрийн эрсдэл нэлээд нэмэгдсэн.

Өнөөдрийн байдлаар түймрийн тоо 22-21 болж буурсан. Түймэр цаашаа дэлгэрэх эрчим ч буурсан. Үлдэж байгаа 14 түймрийг өнөө шөнийн цаг агаарын байдлаас шалтгаалаад иймэрхүү байдалтай хур тунадас орох юм бол цурманд оруулна гэсэн мэдээлэл ирсэн.

ОБЕГ өөрийн хүлээсэн үүргийн дагуу түймрийг унтраах үйл ажиллагаанд оролцож байгаа. Хэрэв түймрийн нөхцөл байдал хүндэрвэл иргэдийг татан оролцуулна. Одоохондоо хүндрэлтэй байдалд хүрээгүй байна.

Иргэдийн зүгээс маш их тусламж үзүүлсэн нь ОБЕГ-ын албан хаагчдад сэтгэлийн маш их дэм болсон. Албан хаагчдын хувьд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал гараагүй гэсэн мэдээлэл байна. 

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрүүл мэндийн сайдаар ажиллуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Иргэддээ түймрийн эрсдэлтэй үе дуусаагүй байгаа учраас иргэд ногоон бүсэд аль болох гарахгүй байхыг анхааруулж байна.

Түймрийн нөхцөл байдал ОБЕГ-ын хараа хяналтад бүрэн орсон. Тиймээс иргэдийн зүгээс түймрээ дийлэхээ болилооо гэсэн сэтгэгдлийг гаргахгүй байхыг хүсч байна" хэмээв.

"ОБЕГ-аас зохион байгуулалттайгаар иргэдийг түймрийн голомт руу явуулсан зүйл байхгүй"

Тэрбээр үргэлжлүүлэн "УЦОШГ-ын даргад яаралтай үүлэнд нөлөөлөх даалгавар өгсөн. Өчигдрөөс эхлэн 22 пуужин харваж үүлэнд нөлөөлсөн.

Цаашдаа хур тунадас орох магадлалтай үүлэнд нөлөөлөхөөр бэлтгэлээ хангаад байна.

Түймрийн нөхцөл байдал хүндэрсэн долоодугаар сарын 15-ны өдөр ОБЕГ хуралдаж, ОХУ-аас тусламж хүсэх шийдвэр гаргасан.

ОХУ-ын онц байдлын яамнаас дэмжлэг авах нь нээлттэй байгаа. Онгоц жолоодох нисгэгч нар бий. Агаараас ус цацах, үүнийхээ буулгах сургалтанд хамруулах талаар л ярьж байгаа.

ОБЕГ-аас зохион байгуулалттайгаар иргэдийг түймрийн голомт руу явуулсан зүйл байхгүй. ОБЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ОБЕГ-д нисэх онгоц хэрэгтэй гэдгийг шийдвэрлэсэн.

Түймэр зөвхөн үүгээр дуусахгүй. Тэгэхээр нисэх нэгжтэй болох тал дээр хуримтлагдсан мөнгийг зарцуулна.

Түймэр гаргасан иргэдэд хариуцлага хүлээлгэх нь ЦЕГ-ын хариуцах асуудал. Хохирлын хэмжээг тогтоохын тулд түймэр унтраагаад гарсан газар дээр тухайн сумын засаг даргын захирамж гардаг.

Хохирлыг нарийн гаргадаг. Модны насжилт болон модны төрөл, хавар уу намар уу, түймэр унтраахад гарах зардал зэргээс хамаарч үнэлгээ нь өөр" гэв.

"Өнөөдрийн байдлаар 84 иргэний 32 сая 474 мянган төгрөгийн хандив ирээд байна"

УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр "Гал түймэртэй холбоотойгоор хандив тусламж тасралтгүй ирсээр байна. Өнөөдрийн байдлаар 84 иргэний 32 сая 474 мянган төгрөгийн хандив ирээд байна.

Үүнээс гадна иргэд аж ахуй нэгжээс усны сав, галын тоног төхөөрөмж, талх зэрэг олон төрлийн бараа материалаар тусламж ирүүлсэн. Хандив өргөсөн маш олон байгууллага байгаа. Бүх нэрсийг дурьдах боломжгүй.

Долоодугаар сарын 15-ны өдөр талбай дээр цугласан "Гал сөнөөгчдөд туслах групп"-ээс 30 орчим сая төгрөгийн хандив цугласан гэж ярьж байгаа.

Бидэнтэй холбогдсон зүйл одоогоор алга. Хэнд хаана хандив өгөх вэ гэдгээ иргэд сайн сонгох хэрэгтэй. ОБЕГ-аас албан ёсны хандивын данс нээсэн байгаа" хэмээн тайлбарлалаа.

Г.Ариунбуян: Асч байгаа түймэр болгоны цэг дээр албан хаагчид ажиллаж байгаа

Мөн "Түймрийн эрчим буурч, хяналтад орсон. Хэт халалтаас үүдсэн түймрийн утаа хот руу орж ирж иргэдийн санаа сэтгэгдлийг зовоож байсан.

Иргэдтэйгээ хамтарч ажиллахад бэлэн байна. Төв аймгийн Эрдэнэ-сант суманд машинаар очих боломжгүй 4, 5 газар түймэр гарсан.

Үүн дээр аврах тусгай ангийн албан хаагчид очсон. Асч байгаа түймэр болгоны цэг дээр албан хаагчид ажиллаж байгаа.

146 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Үүний 90 орчимыг нь бүрэн унтаасан" гэж ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Г.Ариунбуян хэллээ.

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/699568466895391/