Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батмөнх: Би Үндэсний сурыг өөрийгөө таних сэтгэлзүйн спорт гэж боддог

Б.Даваахүү
2017 оны 7 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Говьсүмбэр аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд 32 харваач 40 сум тавьж цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс тус аймгийн харьяат Усан спорт сургалтын төвийн аврагч багш, “Жахрай мэргэн” үндэсний сурын холбооны харваач, спортын мастер, аймгийн мэргэн Б.Батмөнх 26 онож, хоёр дахь удаагаа түрүүлсэн юм. Харваачид онч мэргэнээ сорин өрсөлдөж, эхний сумаа тавих ахуйд аймгийн мэргэн Б.Батмөнхтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Говьсүмбэр аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд хэчнээн харваач цэц мэргэнээ сорьж байна вэ?

-Нийтдээ 32 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Тэдгээр харваачдын тав нь спортын мастер, хоёр нь спортын дэд мастер, аймгийн мэргэн спортын мастер хоёр, аймгийн мэргэн цолтой гурван харваач оролцов. Мөн өсвөрийн 10 гаруй харваач оролцож байна. Цаашид өсөх ирээдүйтэй, улсын наадамд сум тавиулж үзэх хоёр, гурван залуу харваач бий. Гэхдээ аймгийн наадам улсынхтай давхацсан учраас хот руу явж амжсангүй.

-Наадмын өмнөх бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ. Үндэсний бөх шиг гал болж, хөдөө бэлтгэл хийдэг үү?

-Аль ч аймгийн харваачид гал галаараа хөдөө бэлтгэлд гардаг болсон. Бидний хувьд Шивээ- Овоогийн нүүрсний уурхайд ажилладаг 10 гаруй харваачийн хамт Хаялга нуур руу цөөн хэд хоногийн бэлтгэлд гарсан. Үндсэн бэлтгэл долоо хоног, хоёр талд ээлжилсэн бэлтгэл ерөнхийдөө хавраас хойш үргэлжилсэн.

-Үндэсний сурын харвааг сонирхон хичээллэж буй харваачид ихэвчлэн өөр өөр ажил эрхэлдэг хүмүүс байдаг юм билээ. Говьсүмбэр аймгийн тухайд үндэсний сурын холбоотой гэж сонсож байсан юм байна?

-Төрийн алба хаагчид, уурхайн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид гээд дор бүртээ эрхэлсэн ажилтай хүмүүс байдаг. Чөлөөт цагаараа хобби маягаар хөгжүүлдэг гэж хэлж болно. Харин мэргэжлийн тамирчин бэлтгэх зорилгоор “Жахрай мэргэн” үндэсний сурын холбоо байгуулагдсан юм. Холбоо үйл ажиллагаагаа явуулж эхлээд зургаан жил болж байна. Холбооны нэрийн дор бэлтгэл сургуулилтад гардаг, харвадаг харваачид бий.

-Холбоо байгуулагдсанаас хойш гаргасан амжилтаас дурдахгүй юу?

-Энэ хугацаанд 10 гаруй спортын мастер, зургаан аймгийн мэргэн цолтон төрөн гарсан.

-Залуу үеэ бэлтгэх тал дээр хэр анхаарч байна вэ?

-Говьсүмбэр аймгийн хоёрдугаар сургууль “Үндэсний өв соёлыг дээдлэгч” гэх хөтөлбөр хэрэгжүүлж, дэргэдээ дугуйлан ажиллуулж эхэлсэн. Анх 100 гаруй хүүхэд бүртгүүлсэн байдаг. Орон нутгийн нэг онцлог нь зун болохоор ихэнх хүүхэд амраад хөдөө гэр рүүгээ явчихдаг. Тиймээс зуны бэлтгэл алдагдчихдаг юм. Хоёрдугаар сургуультайгаа хамтраад залуу харваачдаа бэлтгэх, үндэсний өв соёлоо дээдлэх чиглэлд дорвитой ажил хийж байна. Хөтөлбөр өнгөрсөн өвлөөс хэрэгжиж эхэлсэн.

-Тэгэхээр зуны бэлтгэл чухал гэсэн үг байх нь ээ?

-Хамгийн чухал. Орчин нөхцөлд нь харваж байж жинхэнэ харваач болно шүү дээ. Сэтгэлзүйн хувьд ч танхимд болон талбайд бэлтгэл хийх тэс өөр. Тэмцээн ч гэсэн сэтгэлзүйн өөрчлөлт орж ирнэ. Орчинд нь орж, тэр бүрийг мэдэрч байж л харваач болно.

-Та хэдий үеэс үндэсний сурын харваатай холбогдож эхэлсэн бэ?

-Би 2006 оноос сурын харваагаар хичээллэж, 2008 оноос тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Анх 2009 онд аймгийн мэргэн цол хүртэж, 2014 онд спортын дэд мастер, 2015 онд спортын мастер цол авсан.

-Та яагаад үндэсний сурын спортыг сонирхон хичээллэх болсон юм бэ?

-Ер нь багаасаа л сонирхдог байсан. Гэхдээ хэрэглэл материалыг нь захын дэлгүүрээс авчихдаггүй болохоор нөхцөл боломж муу байсан хэрэг. Харин 20 гарсан хойно, ах маань харваж сурсан юм. Тэр үед ахыгаа дагаж Өмнөговь аймгийн харьяат Буяндэлгэр багштайгаа танилцаж билээ. Тэр хүн л намайг үндэсний сурын спорт руу “уруу татаж”, зааж сургасан.

-Ахаас тань өөр танай гэр бүлд харваач бий юу?

-Манай гэр бүлийн хүн сур харвадаг. Бас спортын мастер цолтой. Политехникийн коллежид монгол хэл, уран зохиолын багшаар ажилладаг бүсгүй бий. Хүүхдүүдийн маань том нь зургаан настай. Харвахад арай л багадаад байгаа юм. Эмэгтэй хүүхэд учраас том болохоороо үндэсний сурын харваагаар хичээллэх эсэхээ өөрөө шийднэ биз, хүчлэхгүй. Боломжийг нь бүрдүүлж өгнө, дараагийн асуудлыг охины маань сонирхол л шийдэх байх.

-Та одоо аймгийн мэргэн цолтой шүү дээ. Дараагийн цол нь ямар цол байдаг юм бэ?

-Аймагтаа хоёр удаа түрүүлбэл хошой мэргэн, гарамгай мэргэн гэх мэтээр чимэг нэмээд явна. Улсын баяр наадмын гуравт орсон харваач гоц, хоёрт орсон нь гарамгай, түрүүлсэн харваач улсын мэргэн цол авдаг. Улсын мэргэн дахиад түрүүлбэл чимэг нэмээд явдаг. Тэгэхээр ерөнхийдөө улсын наадмын эхний гурван байрт орж байж л улсын цол хүртэнэ гэсэн үг. Спортын мастер, аймгийн мэргэн гэсэн цол маань үндэсний сурын спортод эрэмбэлэгдэж байгаа.

-Танд улсын наадамд оролцох төлөвлөгөө бий юу?

-Энэ жил улсын наадамд оролцох сонирхолтой байсан ч, хугацаа нь давхацчихлаа. Ирэх жилээс хугацаа зөрж таарвал, хугацаа зөрөхгүй ч бэлтгэл сайн байвал оролцоно. Бэлтгэлээ л харж байж болно. Улсын наадамд амжилт гаргаж, улсын цолонд хүрье гэсэн зорилго байлгүй яах вэ.

-Та хамгийн анхны наадмын дурсамжаасаа хуваалцаач?

-2006 онд “Боржигин наадам” болсон юм. Тэнд улсын мэргэн Өлзийбат анх намайг өөрийнхөө нумаар сум тавиулж байлаа. Өмнө нь таньдаг, ойр дотно харилцаатай байсан юм. Би ч нэлээд сонирхоод, саваагүйтээд л нум сумыг нь бариад явдаг байсан. Одоо бурхан болсон доо. Тэгэхэд, 20 сум тавиад, нэг л онож билээ. Наадамд анх удаа харвасан нь тэр. Түүнээс хойш нэг оносон гэж шантраагүй. Илүү олон онодог болохыг тулд хичээж, бэлтгэл хийж эхэлсэн.

-Үндэсний сурын бусад спортоос ялгарах онцлог нь юу байдаг юм бэ. Тэсвэр тэвчээрийн спорт ч гэж нэрлэх нь бий. Харин таны тухайд?

-Өөрөө өөрийгөө таньж, ойлгоход тусалдаг сэтгэлзүйн спорт гэж боддог. Яг харвах мөчид гар, толгой, хөлийн байрлалаа бодож тунгааж, өөрийгөө ойлгож, өөртэйгөө, дотор хүнтэйгээ ярьж харвадаг. Эрэгтэй хүн 75, эмэгтэй хүн 65 метрээс харвадаг. 75 метрийн цаанаас нэг мм-ийн л алдаа гаргахад метрийн алдаа болж очно гэсэн тооцоо бий.

Дээр нь салхиа тооцно. Монгол нумыг янгирын эвэр, бод малын шөрмөс тавьж хийдэг учраас нар гармагц зөөлөрч, хүйтэрмэгц хатуурдаг. Тэгэхээр нумныхаа хувирлыг мөн тооцно.

Зураг