Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Түмэнбаяр: Улсын наадамд морьдынхоо тоосыг үзэх л миний жаргал

Б.Даваахүү
2017 оны 7 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Алдарт Донойн хөндийг Төв аймгийнхан андахгүй. Үе үеийн хурдан хүлгүүдийн шандсыг сорьдог энэ хөндий уяач хийгээд хурдан хүлгүүдэд хишиг буянаа хайрласаар иржээ. Улсын баяр наадамд шандаст хурдан хүлгүүдийнхээ тоосыг үзэхээр мэрийж буй Ч.Түмэнбаяр, Х.Баярбат нарын хурдан буян их сунгаанд өнгөлж, уяач эздээ баярлуулж байх торгон мөчийг уншигч тантай хуваалцъя.

Хэдийгээр улсын их баяр наадам өндөрлөж, аймаг, сумдын наадмын тоос айсуй энэ цаг дор уяач бүхний уясан хүлгүүд хурдан байх болтугай. “Хэрэвзээ би номын мөр хөөгөөгүйсэн бол аав шигээ шаггүй уяач болсон байх биз. Гэхдээ цаг хугацаа оройтдоггүй аж. Адуун сүрэг рүүгээ ойртох тусам сэтгэл хөнгөрч сайхан болдог хэмээн хуучлах эрхэм бол Ч.Түмэнбаяр гуай. Аж үйлдвэр, уул уурхайн салбарт өөрийн орон зайг баттай эзэлсэн түүнтэй хурдан хүлгийнх нь уяан дээр ярилцсан юм. Намайг эдүгээ залуу уяач гэх нь хаашаа юм хэмээн хэнэгүйхэн инээх түүнтэй ярилцахад сонирхолтой байлаа.

-Их сунгаа мөн ч сайхан болж байна шүү. Энэ удаад 60 гаруй азарга гараанаас мордлоо. Танай галын азаргууд өнгө зүс сайтай, цээжинд давхисаар байна. Унаач хүү их туршлагатай бололтой. Ингэхэд та хэдэн настайгаасаа хурдны морь унав?

-Би дөрвөн настайдаа аавынхаа сайвар зүсмийн морийг зайдан унаж сурсан. Хөл дөрөөнд хүрэхгүй байсан учраас зайдан унасан хэрэг. Харин морь маань номхон байсан эсэхийг эдүгээ санадаггүй. Ямартай ч нялх ногоо цухуйчихсан байсан гэхээр зургаадугаар сарын эхээр юм уу даа. Тэгсэн манайх гүүгээ барих юм боллоо. Адуу урагшаа, голын зах руу бэлччихсэн тул аав маань намайг мордуулан адуу хураагаад ир гээд явууллаа.

Тэгтэл морь маань хазаар дараад л өөр тийш хадуураад давхичихдаг байгаа. Энэ тухай ээж маань “Эхлээд цагаан малгай, дараа нь миний хүү хийсчихэж билээ” гэж ярьдаг байж билээ. Ингэж л би морины нуруун дээр гарсан түүхтэй. Түүнээс хойш айлын том хүүгийн хувьд аавдаа нэмэр болж, их сургуулийн оюутан болтлоо морины нуруунаас буугаагүй гэж хэлж болно. Долоон нас хүрээд л хурдны морь унасан. Бие жижиг учраас 16 нас хүртлээ хурдны морь унасан. Адуунд гүжирмэг л хүү явлаа.

-Анх удаагаа уралдааны замд давхих хэцүү юу?

-Хэцүү. Дөнгөж морь унаж сурч байгааг хэлэх үү, туршлага муутайг хэлэх үү. Наадамд уралдахаас өмнө хэд хэдэн том давааг давах хэрэгтэй болдог. Тодруулж хэлбэл, сунгаанууд. Анхны тохиолдолд морио давхиулах нь бүү хэл өөрөө мориноосоо унахгүй ирвэл дээдийн заяа шүү дээ.

Мориныхоо дэлнээс тас зуурчихсан, нүд нь тас аниастай явж байгаа юм чинь. Амьсгаа ч авч чадахгүй, их хэцүү. Иймэрхүү маягаар эхний сунгааны ард гарах жишээтэй. Хоёр дахь дээр арай дээр. Гурав дахь буюу их сунгааны үеэр хэдийнээ туршлагатай болсон байдаг. Монгол хүүхдийн цусанд нь байх чадвар юм л даа.

-Та унаач хүүг мордохын өмнө захиас даалгавар өгч байгаа харагдсан?

-Унаач хүүхдээс их зүйл шалтгаалдаг. Намайг уралдааны замд гарах тоолонд аав минь үг сургаалиа хайрлаж, захиас даалгавраа өгдөг байлаа.

-Гүжирмэг хүү байсан гэхээр эмнэг даага гаргаадаггүй нэгэн байжээ?

-Тэгж онгирч болохгүй л дээ. Гэхдээ өөрийнхөө адуун сүрэгт эзэн нь л явлаа. Тэр үед зуны даалгаварт 2-3 даага сурга гээд заачихсан байдаг байлаа. Зарим хүүхэд 10 гаруй даага сургаж, сургуулийн эмнэг сургалтын аварга болох жишээний.

-Өнөөдрийн их сунгаа таны хүүхэд насыг өөрийн эрхгүй бодогдуулж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Анх удаа хурдны морь унаж байгаа хүүхдэд бол их том даваа байдаг юм. Зарим тохиолдолд юун уралдах, мориноосоо уначихгүй бол дээдийн заяа. Мориныхоо дэлнээс тас зуурчихсан. Нүд тас аниастай. Амьсгаа ч авч чадахгүй болно шүү дээ. Иймэрхүү маягтай 14- 15 км давхисны эцэст сая ухаан орж, морио ташуурдахтай болно. Харин дараагийн насанд уралдахдаа хэдийнээ туршлагатай болчихсон байдаг.

Аав маань аль болох захалж давхи, байнга эргэж харж бай гэдэг сэн. Би сая унаач хүүд аавынхаа захиас даалгаврыг л хэллээ. Бас машины хатуурсан зам дээгүүр хамаагүй битгий давхиарай гэлээ. Цаг үргэлж машин давхисаар зам нь хатуурсан байдаг тул морины таханд аюултай байдаг юм.

-Та аавынхаа үргэлжлэл болж хурдны морь уях болж, Харин хүү тань таны үргэлжлэл болж бас хурдан сайхан хүлгүүдийг уяан дээрээ сойсон харагдана. Таны хувьд морь уяж байгаа тань сонин байна. Учир нь та олон жил ширээний ардаас өндийгөөгүй хүн шүү дээ?

-Би чинь малч удмын хүн. Дөрвөн настайгаасаа л аавыгаа дагаж, адууны тоосонд дарагдаж хүн болсон. Дунд сургууль төгстөлөө аавынхаа уясан морийг унаж, аймаг, сум, багийн наадамд уралддаг байсан бол сүүлдээ аавтайгаа хамтарч морьдоо уядаг болсон. Эцэг минь нутаг усандаа нэртэй уяач явсны хувьд хүүд нь уяачийн эрдэм байлгүй яав гэж. Манайх зарим жил нас болгонд морьд уяна. Заримдаа гурав, зургаан насны морь уяна. Тэр бүхэнд тооцоотой хандана.

Уяхдаа заримыг нь тавина, заримыг нь бригадад, суманд уралдуулна. Миний уясан морьд эхэндээ дундуур давхидаг байснаа сүүлдээ айргийн тавд л ирдэг болсон. Гурван жил дараалан уяхад хүн, морьгүй цэгцэрчихдэг юм билээ. Тэр үед хурдны морийг эмээлтэй унахгүй. Дандаа зайдан, хөл нүцгэн унана. Өргөн гол гатална. Давхиан дундаа л гатална шүү дээ. Зарим хүүхэд голд унаж байгаа л харагддаг сан. Миний хувьд голд унаж байсангүй.

Аавынхаа захиснаар гол руу орохын өмнө амыг нь татаж байгаад цогиулаад л гарах учиртай. Манай аавын захиасаар, хурдны морийг 15- 20 хоногийн дотор багтаж уяа сойлгыг нь тааруулах учиртай. Хурдны морь уяж байгаа тохиолдолд есөн төрлийн хөлс гаргах учиртай. Тэр хөлсийг маш сайн гаргасан тохиолдолд уяа авсан гэж дүгнэж болно гэдэг байж билээ. Эхлээд шавар хөлс, хамгийн сүүлд нь сувдан хөлсийг гаргах ёстой. Энэ нь ямар ч шаваргүй биеэс гарах чийгийг л хэлж буй хэрэг.

-Наадам наадмаас сумын наадам хамгийн гоё, тийм үү?

-Надад бол бригад, өнөө цагийнхаар багийн наадам хамгийн гоё нь. Би бригадын наадамд олон удаа түрүүлж, тэр тоолонгоор ижийдээ таван литрийн бидонтой ирж байсан даа. Бригадын наадамд түрүүлэх, эсвэл айргийн тавд багтвал таван литрийн бидон, дугуй булантай цай, нэг метр цуу янбуу өгдөг байлаа. Бай шагнал нь тэр. Сумын наадамд бригадуудаас цугласан тухайн орон нутгийн хурдан хүлгүүд л уралддаг. Өөр хил залгаа сумдаас ч ирж уралддаг сан.

Сумын наадмын тухайд ярих юмгүй гоё. Одоогийнх шиг хурдны морьдыг машин тэрэг дагахгүй. Морьтой улс дагаж давхин эргүүлнэ. Ер нь бол хурдны морьдыг ширүүн хөөдөггүй юм шүү дээ. Ерөнхийдөө шогшуулж, ергүүлсхийгээд км-тээ тулаад эргэдэг байлаа. Тэр үед миний мэдэхийн их насны морь 32 км- ээс эргэдэг байсан. 32 км-ын цаанаас эргэхийн тулд цаг гаруй явж байж очно. Эргээд л 20, 30 минутын дотор ороод ирнэ.

Эдүгээ морины зай ойртчихсон. Их нас 28 км болчихсон, дөрвөн км татчихсан байгаа юм. Азарга 26, соёолон 22 км-ээс уралддаг байсан. Улирлаас хамаарч уралдах морьдоо хэрхэн сойхыг бүгдийг тооцоолсон байдаг. Түүгээр морьд дадлага сургууль хийдэг.

-Танайх унаган адууны угшлаа одоо ч хадгалсаар байгаа юу?

-Бий бий. Архангай аймгийн Цагаан давааны орчимд манай дүүгийнх нутагладаг юм. Тэдний адуун сүрэг аавын минь адгуулж ирсэн адуун сүргийн үр сад. Дүүг тусдаа гарахад нь унаган адууныхаа угшлын хоёр гүүг өмч болгон тасдаж өгсөн нь эдүгээ өсөж үржин олон болсон. Дүү маань ч тэднийхээ үр төлөөс ах дүү нарынхаа хүүхдүүдэд бэлэглэдэг. Өнөөдөр надтай хамт яваа бага дүү Ч..Эрдэнэбаярын маань уяж сойсон хурдан хүлгүүд ч эцгийн минь бий болгосон адуун сүргийн үр төл.

-Их сунгааг өнгөлсөн бор саарал азарга газар холдох тусам хүч нэмэн хурдлах нь гайхамшигтай. Удам угшил нь хаанахынх вэ. Би буруу таниагүй бол Архангай аймгийн 90 жилийн ойд түрүүлсэн хурдан хүлэг мөн үү?

-Би аравдугаар ангиа төгссөнөөс хойш адуун сүргийн тоосонд дарагдалгүй гуч гаруй жил болсон байсан. Хүүхдүүд ч том болсон. Тэд маань адуу мал сонирхох болсон тул адуу малтай болъё гэж шийдээд Сүхбаатар аймгийн Халзан сумаас хурдан удмын азарга худалдаж авсан. Эдүгээ өсөж үржээд 20 гаруй тооны адуутай болсон. Бор саарал зүсмийн азарга маань Халзан сумын Шагдарсүрэн гэж хүний адууны угшилтай. Тэднийх Халзан сумандаа хамгийн хурдтай, сайн адуутай нь. Тэндээс л гол адуугаа бүрдүүлсэн. Одоо манай адуун сүрэг Төв аймгийн Баян, Багануур хавиар нутагладаг. Бага хүү маань адгуулж малладаг юм.

-Энэ жил хэдэн насны хэчнээн морьд уяж байна вэ?

-Энэ жил зуншлага тааруу байгаа тул соёолон үрээ, азарга хоёроо уялаа. Амжилт гаргах болов уу л гэж найдаж байна. Харин энэ бор саарал морины тухайд Сүхбаатар аймгийн уяач Одгэрэлээс хавчиг соёолон насанд нь худалдаж авсан адуу. Бор морь маань зургаан алтан медальтай. Алтан- Овоо, Гангануурын наадамд түрүүлсэн морь. Манай адуун сүрэгт ирснээс нь хойш 2013 онд өвлийн Дүнжингаравт 16-д давхиж, зун нь Архангай аймгийн 90 жилийн ойн наадамд түрүүлж байгаад барианд орохоос 500 метрийн зайд суун долоод орсон. Морь хэр хурдлах нь эр хүний хоншоор мэдэх хэрэг гэдэг дээ. Адуунд буруу өгөх хэрэг юу байх вэ.

Түүний дараа Гиннесийн номд оруулах 4,000 хурдан хүлэг уралдахад дээгүүр давхисан. Хангайн бүсийн морьдтой уралдаад тавд давхисан. Тэр жилээ Төв аймгийн Алтанбулагийг бүсийн уралдаанд дөрөвт ирсэн. Түүний дараа жил 2014 оны улсын наадамд уралдаад гурав, дөрөвт явж байгаад наймаар орсон түүхтэй морь. 2015, 2016 онд хөлний гэмтэлтэй учраас уяагүй юм. Энэ жилээс өвчин нь гайгүй болсон болов уу гэж бодоод уяж эхэлж байгаа. Одоо 10 настай морь. Уг нь их хурдан морь. Уяач, эзэн хоёроос л хамаараад байгаа юм.

-Хааяа адууны зах дээр өнжих нь таны хувьд хамгийн жаргалтай мөч биз?

-Түүн шиг жаргалтай үе хаа байх вэ. Би чинь адуун дээрээ үе үе очно. Бор морио чухал үед өөрөө эмээллээд мордоно. Хийморио сэргээнэ ээ. Одоо хүүгийнхээ адууны угшилд л их найдаад байгаа. Энэ жил халзан морио уях гээд чадсангүй. Хүүхдүүд ажил төрөлтэй болчхоод уяач руу дөхүүлж чадсангүй л дээ. Маш хурдан морь гэж боддог. Энэ жилээс өвлийн уралдаан, ирэх жилийн наадамд бор морьтойгоо хамт сойно гэсэн төлөвлөгөөтэй байгаа

-Хурдан морины шинж гэж байдаг. Энэ шинж чанар байгаль дэлхийн хувьсал өөрчлөлтийг дагаад өөрчлөгддөг юм байна уу. Ерөөсөө хурдан хүлэг л бол хурдан л байдаг юм байна уу?

-Морь өөрөө байгалийн амьтан. Тиймээс шандас сайт хүлэг бол төрөхдөө л хурдан төрдөг Цаанаасаа төрмөл байдаг. Гагцхүү таних нь чухал. Хурдан морийг шинжээр нь шинжиж байгаад таньдаг. Энэ бол монгол ухаан. Угшил дагадаг шинж чанар бас байна. Манай аав адууг таньж авдаг, таньж уралдуулдаг байсан. Адуун сүргээсээ энийг л энэ жил уяна гээд сонгоход л тэр нь айраг түрүү авдаг байх жишээний. Хөвгүүддээ ч эрдэм ухаанаасаа харамгүй өвлүүлсэн. Аавын хурдан морь таних чадварыг манай бага дүү өвлөсөн. Миний хувьд сургууль ном гээд адуунаас олон жил хол явсан ч бор морио өөрөө таньж авсан даа. Хурдан хүлэг цаанаа л нүдэнд тусах нь бий.

-Хааяа л адуун дээрээ очиход өөрийн тань адуу эзнээ таньдаг уу?

-Таньдаг. Үнэрээр, хоолойгоор ч таньдаг. Адуу өөрөө их ухаантай. Адуу эзнээ хүлээдэг. Эзнээ ирэхээр баярладаг сонин амьтан. Эзнийхээ хийморийг дагадаг. Морь дандаа хурдан байхгүй. Эхний хэдэн жилдээ хурдална. Янз янз л байдаг. Тэгсэн атлаа ясны хурдан адуу гэж байна. Манайд нутаг усандаа алдартай ясны хурдан хээр морь байсан. Сумын наадамд дандаа түрүүлдэг.

Аав тэр морийг 22 насалсан гэж ярьж байсан санагдана. Би тэр морийг унаж, хурдан морь унаж сурч байлаа. Анх үсээ хаяагүй бүрзийсэн даага байсан гэдэг. Гэсэн ч хурдны шинжтэй учраас уясан чинь гараад ирсэн гэдэг. Аавын тэр морийг анх унаж байсан хүн эдүгээ Өндөр- Улаан суманд бий. Нас дээр гарсан 80 шахсан өвгөн байгаа. Тийм морь эзнээ дагаж төрдөг юм шиг байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд уяачид эрлийз монгол морьдоороо талцах болсон. Мөн түүнчлэн хөдөөгийн хөх уяачид хэмээх болж. Энэ талаархи таны байр суурь?

-Одоо янз янзаар нь эрлийзжүүлж байгаа нь буруу. Монгол морь монгол орчинд, монгол ахуйд уралдана. Манайхан нэг эрлийз азарганд монгол гүүнд тавих, эсвэл эрлийз гүүнд монгол азарга тавьдаг. Ингээд түүнээсээ гарсан морийг хурдан гээд байгаа юм. Тэр нь явцуурч байгаа асуудал. Үүнийг хязгаарлах хэрэгтэй байгаа юм. Үржил селекц хийгээд түүнийгээ үнэд хүргэх гэж бизнес хийж буй нөхдүүд олон л байна. Эрлийз морьдоо ачаад 18 аймаг тойроод явж байдаг.

Эрлийз морьд тэсвэр хатуужил муутай учраас санхүү нэлээд шаарддаг. Энэ жилийн наадмаар Шадар сайд У.Хүрэлсүх морин уралдааны комисст төрийн сүлдэндээ мөнхөлсөн монгол морио л уралдуулаарай, эрлийз адуу уралдуулахгүй шүү. Эрлийз морь уралдуулсан хүмүүст хариуцлага тооцно шүү гэж хэлж байна лээ. Энэ бол 21 аймаг, 300 гаруй сумын моринд хайртай, морио уралдуулах гэсэн уяач бүрийн сэтгэлд нийцсэн шийдвэр болсон.

-Жороо морь ховордчихоо юу даа. Хос жороо морь унасан хүн тэр бүр харагдахгүй юм?

-Би бас аавынхаа адил жороо морь сонирхдог. Жороо морьд ховордчихож. Унаган жороо гэж байна. Ганзага цацална гэж ярьдаг шүү дээ. Тийм сайхан жороо морь ерөөсөө харагдахгүй байна. Хурдан морь, жороо морь сайн зохицдог. Жороо морь чинь яг л Ланд крузер машин шиг зөөлөн явдалтай. Би жороо морь хааяа сураглана аа. Манай аав моринд жороо оруулдаг хүн байсан. Жороо морийг бас танина. Тэр эрдмийг нь өвлөсөн хүн манайханд одоогоор алга даа.

Т.Бат-Эрдэнэ: Адуу бүхэн гоё харагддаг ч хурдныг олж харна гэдэг бэлгийн нүд юм

Миний хөвгүүд адуунд ойр өссөн. Одоо хажууд суугаа энэ нөхөр, Т.Бат-Эрдэнэ маань хүүхэд байхын адуунд сонирхолтой. Амралтаараа дандаа морь унадаг байсан. Бага дүү Эрдэнэбаяр маань хурдан морь уяна. Түүнийг дагаж явсаар хурдан моринд хорхойтой болсон хэрэг. Эдүгээ аавдаа зарим талаар зөвлөгөө өгөх болсон байна лээ. Т.Бат-Эрдэнэ дээрээ адуун сүргээ байлгадаг юм хэмээн хүүгээрээ бахархаж суусан. Ингээд залуу уяач Т.Бат-Эрдэнэтэй хурдан бор морины хөлсийг хусах зуур нь ярилцлаа .

-Бат-Эрдэнэ ээ, хурдан морийг танихад хурдны шинжээс гадна бэлгийн нүд гэж байдаг юм байна уу эсвэл?

-Ер нь бол өвөг дээдсийн ухаан гэж хэлэх ёстой байх. Түүнээс гадна таны хэлсэнчлэн бэлгийн нүд гэж бий. Адууг харахад бүх адуу гоё харагддаг. Тэдэн дундаас шандас сайтайг нь олж харах нь чухал.

-Шинэ залуу уяачид төрж гарч байгаа дуулддаг л юм. Гэхдээ уулзаж учирч явсангүй. Өөрийн тань эргэн тойронд моринд сэтгэл зүрхээ зориулсан залуус хэр байдаг юм байна?

-Олон байгаа.

-Ер нь моринд дурлахын мөн чанар нь юу юм бэ?

-Цаанаасаа л байдаг байх. Хөдөө өссөн атлаа морь сонирхдоггүй хүн байдаг. Гэтэл хотод өссөн хэрнээ морь гэхээр суудлаасаа өндийх нэгэн ч байдаг л юм. Ер нь монгол хүний цусанд моринд дурлах шинж байдаг юм.

-Жаргал нь юу юм бэ. Хурдан морь амьдралын тань нэгээхэн хэсэг болсон байна шүү дээ?

-Цаг заваа зарцуулаад явж буй нь бусдад ядарч буй мэт харагдаж мэдэх ч ядраагүй амарчихсан байдаг. Өөр юу ч бодохгүй. Зөвхөн морио л бодно. Морины хажууд өнжих шиг жаргал үгүй. Адуу өөрөө их гоё амьтан л даа.

Х. Баярбат: Монгол морио уралдуулж байгаа уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж болохгүй

Энэ эрхэм бол Төв аймгийн Баянцагаан сумын уяач. Хөдөөгийн цөлх эр. Гэвч түүний цээжинд монгол морио гэсэн чин сэтгэл бий. Тэрбээр сүүлийн жилүүдэд эрлийз морьдыг улсын баяр наадамд бүү хэл, аймаг суманд уралдуулахгүй байх тухайд өөрийн байр суурийг илэрхийлэх болсон цөөн хүний нэг.

-Хэдий үеэс морь уяж эхлэв?

-Аав, ээж маань бүхий л насаараа мал дагасан улс. Би ч ялгаагүй, ухаан суусан үеэсээ өнөөг хүртэл мал дагаж, адууны дэргэд явна. Биеийн тамирын дээд сургууль төгсөж, хэсэг хугацаанд хилийн чинадад амьдарсан удаатай ч адуугүйгээр амьдарч чадахгүй юм билээ. Тэгээд л эх орноо, адуугаа гэсээр ирсэн. Хүүхэд байхдаа хурдны морь унадаг байлаа. Моринд хүнддэх болсноос хойш аавдаа туслан туслах уяач болсон. Миний халтар азарга 2009 онд Төв аймгийн наадамд түрүүлсэн. Үүнд урамшаад бие даан морь уяж эхэлсэн.

-Энэ жил танай гал хэдэн насанд хэчнээн морь уяж байна вэ?

- Аавынх манай хоёр нийлээд зургаан насны морь уясан. Нэг насанд гэхэд гурав, дөрвөөр нь гээд нийтдээ 20 орчим морь уяж байна. Улсын наадамдаа хээр, халзан азаргаа уралдуулах төлөвлөгөөтэй байгаа. Дээр нь Түмэнбаяр ахын бор морь уралдана. Улсын наадамд уралдаж сурсан морь байгаа юм. Энэ жил уяа, уяач хоёр нь солигдоод цалгардуу байгаа байж мэднэ. Гэхдээ яах вэ, сурсан газарт нь уралдуулна. Ийм гурван морио улсын наадамд сойно доо.

-Уяач бүхэнд улсын наадамд морио уралдуулна гэдэг тэр бүр олдох хувь тохиол биш байх?

-Тийм шүү. Алс баруун хязгаарынх бол тэр бүр ирж чадахгүй шүү дээ. Үнэхээр гоц хурдан адуутай бол ирэх л байх. Түүнээс биш айрагдахааргүй адуутай бол ирэхгүй.

-Уяач бүр л өөрийн хүлгийг түрүүлчхээсэй л гэж боддог. Гэхдээ тухайн жилийн өнгө, газрын гарцнаас хамаарч, тэр зүгийн адуу хурдтай байх болов уу гэх яриа уяачдын дунд жилийн жилд өрнөдөг. Та уяач хүний тухайд ямар бодолтой байдаг вэ?

-Тэгэлгүй яах вэ. Хаана зуншлага сайхан эхэлж байна, тэнд адуу түрүүлж тарга тэвээрэг нь сайжирч байдаг. Гэхлээ гэхдээ шинэ ногоог гүйцэж нөхөх нь ховор. Энэ жил Хөвсгөл чиглэл, говийн аймгууд наадамд өнгөтэй байх болов уу гэж бодож байна.

-Их сунгаанд хоёр азарга тань ямархуу байх юм?

-Хээр азарга ерөнхийдөө хөнгөн, аятайхан л байна. Уяа сойлго нь таарсан юм болов уу даа. Халзан азарганы тухайд цалгардуухан байгааг нуугаад яах вэ. Гэхдээ болно биз дээ. Уяач бүр л морио айрагдаж түрүүлнэ гэж бодож очиж байгаа. Ямартай ч, улсын наадамд тоосоо өргөнө.

-Улсын наадамд явахын өмнөх орой унаач хүүхэд, уяач хүний хувьд догдлоостой байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ, догдолно. Наадмын маргаашаас л дараа жилийн наадам хүртэл бүтэн жилийн турш хүлээж догдолдог юм шүү дээ. Морьдоо уяад эхлэхээр цаг хугацаа нэг мэдэхэд л өнгөрсөн байдаг юм. Уяач хүүхдүүд ч бидний адил догдлоод нойргүй хонох нь бий. Манай Баянцагаан сумын адуу нэг хэсэг улсын наадмын өнгийг тодорхойлж байлаа. Тийм цаг ирэх нь дамжиггүй.

-Сүүлийн үед төр, засгаас анхаарч байгаа ч, эцсийн үр дүнг нь үзэж чадахгүй байгаа нэг зүйл нь эрлийз морьдын асуудал. Ер нь монголчууд морио уяж, уралдуулж сурч байна уу?

-Энэ тал дээр нэлээд зүйл яримаар санагддаг. Эрлийз морьдыг монгол морьтой хольж уралдуулаад байгаа юм. Энэ бол олон зууны турш өвлөгдөж ирсэн монгол өв уламжлалыг эвдэж буй хэрэг. Дээр нь монгол морио уралдуулж буй монгол малчны хөдөлмөрийг үнэгүйдүүлээд зогсохгүй монгол наадмыг хэдхэн мөнгөтэй уяач луйвардаж, будлиулдаг болсоор арав гаруй жилийн нүүрийг үзлээ.

Уг нь монгол морьдынхоо үүлдэр угсааг сайжруулах зорилгоор эрлийзжүүлж, дөрөвдүгээр үеэс нь уралдуулж болох зөвшөөрлийг Монголын морин спорт уяачдын холбоо өгсөн. Өөрөөр хэлбэл, эрлийз адуу гурав дахь үеэсээ уралдаж болно гэсэн үг. Харин эрлийз монголоороо хольж уралдах нь буруу. Үүнийг хуульчлаад зогсохгүй тийм тохиолдолд хариуцлага тооцдог болмоор байгаа юм.

Утга учиргүй мөнгө цацаж эрлийз адууг үржүүлээд түүгээрээ бизнес хийдэг цөөн хэдэн хүний эрх ашигт төр үйлчилж болохгүй. Үнэхээр эрлийз адуугаа уралдуулах сонирхолтой юм бол морин тойруулгын уралдаанаа зохион байгуулдаг байх хэрэгтэй. Тэр бүү хэл, хилийн чинадад улсынхаа нэрийг гаргах сонирхолтой юм бол эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Үндэсний баяр наадмаар зөвхөн монгол мориныхоо шандас шөрмөсийг сорих хэрэгтэй.

Монгол адууныхаа тэсвэр хатуужлыг шалгадаг юм, энэ үеэр. Үүний цаана монгол өв соёл, монгол адууны гайхамшиг гэж бий. , Мөн бас нэг хөндвөл зохих зүйл бол уралдааны зай хэмжээ жилээс жилд алдагдаж буй явдал. Их насны морьд гэхэд дээр үед 30 км-т уралдаж байсан гэдэг. Одоо гэхэд 26 км. Зайг нь яс хэмжвэл 24 км болсон байж ч магад. Уяач хүний тангараг гэж байдаг. Уяач хүн хэзээ ч морьдынхоо насыг дарж уралдуулдаггүй.

Эрлийз, монгол морьдыг уралдуулахад уяач хүний ёс жудаг гэж зүйл бий. Энэ мэтчилэн яриад байвал зөндөө юм бий. Үүнийг байхгүй болгоё, ялгая гэвэл их амархан. Харамсалтай нь хэн ч ялгахыг хүсэхгүй байгаа юм. Баяр наадмын комисст орж буй хүмүүс нь ч ялгаж мэддэггүй. Өнгөрсөн жил Эрдэнэтийн наадамд гомдол гаргаж үзсэн. Нэмэргүй юм билээ. Сүүлдээ монгол морьдыг хүмүүс тоохоо болих шинжтэй.

-Уяач хүний тангараг гэж бий хэмээн та сая онцоллоо. Энэ тухай анх удаа сонслоо?

-Хятадууд цусаар нь уусгана гэж ярьдаг. Сүүлийн үед өвөрмонголын уяачид цэвэр цусны хятад адууг оруулж ирээд монгол адуутай нийлүүлэхийг чухалчлах болсон байна лээ. Нөгөөтээгүүр, зарим нь эрлийз адууг хэт дөвийлгөж, монгол адуу хэрэггүй мэт ярих болж. Би тэднийг өв соёлоосоо урвагч гэж боддог. Улсын наадамд азарга эхэлж уралддаг байсан, одоо больчихсон. Морины төлөө олон жил хөдөлмөрлөсөн хүнд л гавьяа шагналыг нь олгодог баймаар.

Сүүлийн үед нэр төр хөөсөн уяачид эрлийз морь уралдуулан амар хялбар замаар амжилтад хүрдэг болсныг би хувьдаа буруу зүйл гэж боддог. Бас нэг хатуу хэлэх зүйл бол хөдөөгийн уяачдыг илт ад үзэх болсон байна лээ. Зурагтаар хүртэл хөдөөгийн хөх уяач хэмээж байгаа нь бидэнд таалагдаагүй.

-Хурдан морины тухай хууль гэж ер нь байна уу?

-Уяачдын холбооны мөрдөх журам дотор Улсын баяр наадмын стандартыг тогтоогоод оруулсан байгаа. Харамсалтай нь үүнийгээ хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлэх үүрэг бүхий хүмүүс нь хэн нэг том даргад үйлчилж, түүний эрх ашигт нийцүүлж байх жишээний. Шуудхан хэлэхэд, мөнгө авдаг. Ингэж болохгүй. Уяач хүний хэдэн жилийн хөдөлмөрийг мөнгөөр хэмжиж болохгүй. Уяач хүн монгол ёс заншил, өв уламжлалаа давхар авч явдаг юм.

-Суманд жинхэнэ наадам болж чадаж байна уу?

-Сүүлийн жилүүдэд бас л алдагдах болсон. Болсон болоогүй эрлийз адуунууд уралдан түрүү магнайг нь авчихдаг. Харин говийн аймгууд сайхан нааддаг. Дэг журамтай, машин тэрэг дагуулдаггүй. Үнэндээ Улаанбаатартай ойртоод ирэхээрээ л буруу юманд уриалсан, доль цохисон уяачид их байх юм.

Зураг