Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Беионсэ ихрүүдийнхээ нэгэнд Монголын довтолгооноос зугтаж явсан найрагчийн нэрийг өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Америкийн поп од Беионсэ өнгөрсөн Баасан гарагт төрөөд нэг сар болж байгаа ихрүүдийнхээ зургийг инстаграм сүлжээнд анх удаа нийтлэхдээ тэдний нэрийг бас зарласан байна.

Тэр “Сэр Картер, Руми хоёр өнөөдөр нэг сар хүрч байна” хэмээн бичжээ.

 

Sir Carter and Rumi 1 month today.

A post shared by Beyoncé (@beyonce) on

Нэрт дуучны нөхөр рэппэр Jay-Z-гийн жинхэнэ нэрийг Шон Картер гэдэг. Тиймээс Сэр Картер гэдэг нэрний утга ойлгомжтой байгаа юм.

Харин Руми хэмээх нэр нь 13 дугаар зууны Персийн яруу найрагч Жалал Ад Динь Румигийн нэр ажээ. Энэ хүний бүтээлүүд өнөөдөр ч Америкт хамгийн их эрэлттэй байдаг гэнэ. 

Румигийн шүлгүүд ихэвчлэн мөнхийн хайр дурлал, үндэс угсаа, шашин шүтлэг ялгалгүй бусдыг хайрлаж энэрэх тухай байдаг тул өнөөдрийн Америкчуудын сонирхлыг татсаар байдаг ажээ. Сошиал ертөнцөд ч түүний эшлэлүүд хэрэглэгдсээр байдаг гэнэ.

Зөвхөн яруу найрагч биш, шашны номлогч байсан Румигийн нэр хүнд тухайн үедээ Ислам төдийгүй Загалмайтан, Жүүдийн шашинтнуудын дунд өндөр байсан гэдэг.

1207 онд Руми өнөөдрийн Тажикистаны жижигхэн хот Вахшд төрсөн юм. Гэвч тэрээр амьдралынхаа эхэн үеийг Монголчуудын довтолгооноос дүрвэж өнгөрөөжээ. Төрөлх хотоосоо Узбекистаны Самарканд, дараа нь Иран, Сири хүртэл дүрвэж явсаар эцэст нь Туркийн Коня хотод суурьшиж, амьдралынхаа сүүлийн 50 жилийг энд өнгөрөөсөн байна.

Румигийн бунхан одоо болтол тэнд байдаг ба жил бүрийн арванхоёрдугаар сарын 17-нд буюу түүний нас барсан ойн өдөр шүтэн бишрэгчид нь цуглаж ёслол үйлддэг ажээ.

Мөн Руми гэдэг нь охин хүүхдэд түгээмэл өгдөг Япон нэр юм байна.

 

Эх сурвалж: Quartz, BBC