Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Хойд Солонгосын талаар мэдлэггүйгээ харуулав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Францын үндэсний баярт оролцохоор Парис руу нисч явахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд ярилцлага өгсөн тухай Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.

Энэ үеэр тэр Хойд Солонгосын сэдвээр ярихдаа хэд хэдэн алдаа гаргасан байна. Тухайлбал БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Хойд Солонгост үзүүлэх нөлөөний тухай хэлэхдээ түүнийг “Хятадын төлөө бүхнийг хийдэг агуу удирдагч” гээд “Тиймээс тэр хилээр нь орж ирэх 50 сая Хойд Солонгосын дүрвэгчийг хүсэхгүй гэдэг нь тодорхой” гэжээ.

НҮБ-ын тоо баримтад өгүүлэхдээ 2016 оны байдлаар Хойд Солонгосын хүн амыг 25.2 сая гэсэн юм.

Мөн мөргөлдөөн гарахад Хойд Солонгосын иргэн бүр эх орноосоо дүрвэхгүй, Хятадад ирэх дүрвэгсдийн тоог нэг сая орчим гэж судлаачид үздэг ажээ.

Дональд Трамп Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох арга хэмжээ авахгүй бол Хятадтай хийдэг худалдааны нөхцлөө өөрчлөнө хэмээн сүрдүүлсээр байгаа юм.

Хятад улс нь Хойд Солонгосын хамгийн том худалдааны түнш. Өнгөрсөн Лхагва гарагт Трамп твиттер хуудсандаа бичихдээ АНУ-ын Хятадтай хийдэг худалдаа нь бусад аль ч орнуудтай хийдэг гадаад худалдаанаас хамгийн муу нөхцөлтэй нь гээд энэ нь Хятадыг дарамтлах Вашингтоны  хамгийн том хөзөр гэсэн юм.

Онгоцонд ярихдаа Трамп бас Хятадын өнгөрсөн түүх нь Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад хүндрэл учруулж байгааг ойлгож байгаагаа хэлжээ.

Тэр ингэхдээ “Хятад нь олон жилийн турш Солонгостой дайтаж ирсэн улс” гэсэн байна.

Үнэндээ Солонгосын вант улсууд нь Мин улсын (1368-1644) үеэс Хятадын түшиг улс байсан. Энэ үед Япончууд Солонгос руу довтолж Мин улсын хаан хэдэн арван мянган цэрэг илгээж туслаж байсан. Сүүлд Мин улсыг нураасан Манж Чин улс 1627, 1636 онуудад тус тус Солонгосыг довтолж байснаас өөр дайтаж байсан түүх байхгүй гэнэ.

Нэг хэсэгтээ сайжирч байсан АНУ-Хятадын харилцаа энэ сарын эхээр Хойд Солонгос баллистик пуужин туршсаны улмаас эргэн муудаж эхэлсэн юм.

Вашингтон Хойд Солонгостой холбоотой Хятадын зарим банк, компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаар бэлдэж байгаа. Харин Бээжин өөрсдийгөө Пёньяны эсрэг авсан НҮБ-ын хоригийг хатуу сахиж байгаагаа мэдэгдсээр байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post