Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

ATM машинд цоожлогдсон хүн баримт гардаг завсраар бичиг илгээж аврагджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын Техас мужийн Корпус Кристи хот дахь Bank of America банкны ATM машинд засвар хийж байсан ажилтан санамсаргүй цоожлогдсон байна.

Банкны гэрээт үйлчилгээ үзүүлэгч компанийн ажилтан ATM машины дотор орж засвар хийж байтал хаалга нь хаагджээ. Гэтэл тэр гар утсаа автомашин дотроо орхисон байсан тул гадаад ертөнцөөс бүрэн таслагдсан байна.

Цоожлогдсон ажилтан цаасан дээр аврах мэдэгдэл бичээд баримт хэвлэн гаргадаг завсраар гадагш гаргажээ. Гэвч ихэнх хүмүүс уг бичгийг хэн нэгэн тоглож байна гэж бодоод тоолгүй өнгөрч байсан гэнэ. Эцэст нь нэгэн хүн юу болоод байгааг ойлгож цагдаад мэдэгдсэнээр ажилтныг аварчээ.

Бичиг дээр “Надад туслаач. Би энэ дотор цоожлогдоод байна. Надад утас алга. Энэ дугаараар миний дарга руу залгаж мэдэгдэнэ үү” гэсэн байв.

Цагдаагийн ахлагч Ричард Олден “Машин дотроос бүдэгхэн хоолой сонсогдож байсан. Бид эхэндээ хэн нэгэн тоглож байна гэж бодсон” хэмээн ярьжээ. Ингээд цагдаа нар ATM машины хаалгыг эвдэж ажилтныг аварсан байна.

Ажилтан хэр удаан цоожлогдсон нь тодорхойгүй байгаа юм. Үүнтэй ижил хэрэг 2014 онд Британий Эссекс муж дахь ATM машинд бас тохиолдож байжээ.

 

Эх сурвалж: Independent