Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Францын тэргүүн хатагтайд “зохимжгүй үг” хэлсэн Трамп шүүмжлэлийн бай болж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаагаа Францад төрийн айлчлал хийж байна. Өнөөдөр буюу долдугаар сарын 14 бол Францын үндэсний баяр, Бастилийн цайзыг эзэлсэн өдөр юм. Энэ өдөр Францын хувьсгалд эргэлт гарсан гэгддэг.

Айлчлалын үеэр Дональд Трампын Францын тэргүүн хатагтай Брижит Макронд хэлсэн үг олны дунд маргаан дэгдээжээ.

Түүний хэлсэн үг бүхий дүрс бичлэг Францын засгийн газрын фэйсбүүк хуудсанд өчигдөр нийтлэгдсэн юм.

Удирдагч нар эхнэрүүдийн хамт Францын хувьсгалын баатрууд, Наполеон Бонапартын шарил хадгалагддаг ордныг үзэж сонирхох явцад энэ үйл явдал болжээ. Энэ үеэр Трамп Францын тэргүүн хатагтай руу хараад түүн рүү гараараа зааж “Таны бие үнэхээр сайхан галбиртай юм” гэж хэлсэн байна. Тэр энэ үгээ нөхөр Эммануэл Макронд нь бас давтаж хэлээд, дахин Брижит руу эргэж хараад “Үзэсгэлэнтэй!” хэмээн магтжээ.

Дональд Трамп 71 настай бол Брижит Макрон 64 настай. Эммануэл Макрон 39 настай бол Трампын эхнэр Меланиа 47 настай юм.

Трамп эмэгтэйчүүдийн биеийн хэлбэр галбирын тухай эрээ цээргүй үг хэлдгээрээ алдартай нэгэн. Тэгвэл энэ удаагийн түүний хэлсэн үгийг тал зассан агуулгатай гэхээсээ илүү эмэгтэй хүнд бэлгийн сонирхлоор хандсан, зохисгүй үг гэж олон нийт дүгнэж байна.

Эмэгтэй хүнд өөрийг нь хүсээгүй байхад биеийн хэлбэрийнх нь талаар үг хэлэх бол боловсон биш үйлдэл хэмээн харилцааны мэргэжилтнүүд мөн дүгнэжээ.

Трампын хэлсэн үгний талаар хэвлэл мэдээллийнхний асуултад Цагаан ордон хариулахаас татгалзсан байна.

 

Эх сурвалж: The Guardian