Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Төвдийн удирдагч нар ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Далай Лам, Лобсан Сангай нар

Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдон, тангараг өргөсөн Халтмаагийн Баттулгад Төвдийн Буддын шашны тэргүүн Далай Лам, Төвдийн цагаачлалын засгийн газрын тэргүүн Лобсан Сангай нар баяр хүргэжээ.

Дээрхийн гэгээнтэн захидалдаа Монголчууд болон Төвдүүд гуравдугаар Далай Лам Сонам Гяцогийн үеэс эхлэн ойр харилцаатай, нэг шүтлэгтэй байсныг онцлон дурдсан байна.

Далай Лам олон удаа Монгол оронд айлчилж байснаа, Буддизм Монгол хүмүүсийн соёл, шашин шүтлэг, үндэсний онцлогт түүхэн нөлөө үзүүлснийг өгүүлээд энэхүү уламжлалыг шинэ ерөнхийлөгч хадгалж, хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Төвдийн цагаачлалын засгийн газрын ерөнхийлөгч, доктор Лобсан Сангай “Төвдийн Төв Засаг захиргааны өмнөөс би Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Халтмаагийн Баттулгад чин сэтгэлээсээ баяр хүргэж байна” гэж захидлаа эхлүүлсэн байна.

“Олон зууны туршид Төвд, Монголын ард түмэн шашин шүтлэг, соёл, түүхийн гүнзгий харилцаатай байж, энэ харилцаанаасаа үр ашгийг нь харилцан хүртэж ирсэн билээ. Төвдийн эзэнт гүрэн задарсны дараа Монгол хаадын нэгтгэж өгсөн түүхэн үүрэг нь өнөөгийн Төвд үндэстнийг бүрэлдэн бий болоход чухал нөлөө үзүүлсэн юм” хэмээн тэр хоёр үндэстний түүхэн харилцааг онцолжээ.

Лобсан Сангай эцэст нь “Далай Ламыг урьсан Монголын засгийн газарт хүндэтгэлтэй ханддаг”-аа илэрхийлээд ерөнхийлөгч Х.Баттулгыг “Төвд-Монголын шашин, түүхийн гүнзгий хэлхээ холбоогоо ашиглан өнөөгийн Төвдийн дотоод дахь хүнд хэцүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд улс төрийн бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаа”-гаа өгүүлжээ.

 

Эх сурвалж: The Tibet Post