Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Нөхөд дайчид баяртай, албаа сайн хаагаарай

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан "Монгол Улсын далбааны өдөр"-ийн цэргийн ёслолын жагсаал Чингисийн талбайд боллоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ёслолд оролцож буй нийт цэргүүдэд Төрийн далбааны өдрийн мэндийг хүргэн, баяр хүргэв. Дараа нь Монгол Улсын төрийн далбааг мандуулан, төрийн дууллыг цэргийн найрал дуучид дууллаа.    

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн юм.

Тэрбээр "Эрхэм хүндэт ард иргэд, ахлагч, сонсогч, түрүүч, зочид, байлдагч, төлөөлөгчдөө та бүхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. 

Тэнгэр язгуурт Монгол түмэн минь 2220 жилийн тэртээгээс төрт улсаа үүсгэн байгуулж, гал голомтоо бадраан, төр цэргийн их сүлдээ мандуулж эр зориг эрч хүчийг олж эх орноо хамгаалан тэмцэж ирсэн.

Монгол Улсын иргэдэд эх оронч, үндэсний үзэл төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар 2009 онд зарлиг гаргаж, хуульчилж, баярын энэ өдөр цэргийн ёслолын жагсаал хийдэг сайхан уламжлалтай болж ирсэн билээ.

Монгол хүн бүр үеийн үед, Монгол эх орон, эрх чөлөөт байдал, Монголынхоо түүх уламжлал, гайхамшиг соёлоороо хийж бүтээж байгаа өөдрөг бүхнээрээ бахархаж явах болно.

Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна.
Эрх чөлөөний хүч өөд, эрхэм түмний маань үйлс дэлгэр байна.
Монгол цэргийн цог хийморь улам бадартагуай. Ура дайчид аа.
Нөхөд дайчид баяртай, албаа сайн хаагаарай" гэв.

Ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөл, ахмад дайчид, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид оролцлоо.

Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2,000 гаруй цэргийн алба хаагч парад алхлаа.