Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Францчууд Африкийн хамгийн удаан төр барьж байгаа ерөнхийлөгчийн хүүг баривчлахаар зэхэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Экваторын Гвиней улсын дэд ерөнхийлөгчийг улсынхаа төсвөөс $115 саяыг хулгайлж, тансаг эд зүйлд үрсэн шалтгаанаар гурван жил шоронд суулгах хүсэлтийг Францын прокурор шүүхэд тавьжээ.

 

48 настай Теодоро Нгуэма Обиан Мангуэ нь тус улсын дэд ерөнхийлөгч бөгөөд Африкийн хамгийн удаан төр барьж байгаа ерөнхийлөгч Теодоро Обиангийн хүү юм. Францын эрх баригчид түүний Францад худалдаж авсан эд зүйлсийн үнэлгээг $115 сая гэж тооцоолоод байгаа. Тэд бас дэд ерөнхийлөгчийг 30 сая еврогоор торгохоор төлөвлөжээ.

Хууль бус замаар олж авсан эд хөрөнгөнд нь тансаг автомашины цуглуулга, үл хөдлөх хөрөнгө зэрэг багтаж байгаа гэнэ.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Европын эрх баригчид Обиангаас зарим эд хөрөнгийг нь хурааж авсны дотор $120 саяын үнэтэй 76 метр урт завь, чамин тансаг автомашинууд, Парис дахь алтадсан угаалгын өрөөтэй үл хөдлөх хөрөнгө зэрэг багтаж байсан юм.

 

Мөн алдарт зураач Дегас, Ренуар нарын эх бүтээлүүд ч байжээ.

Үүнээс гадна АНУ-ын хуулийнхан түүнээс $30 саяын эд хөрөнгө хурааж авсны дотор Калифорний Малибу дахь үл хөдлөх хөрөнгө, тансаг машинууд, Майкл Жексоны кристал бээлий зэрэг эд зүйлс байсан юм.

Экваторын Гвиней бол газрын тосоор баян, Испаний колони байсан улс. Гэвч энэ улсын хүн амын талаас илүү нь ядуу тарчиг амьдардаг юм. Одоогийн ерөнхийлөгч Теодоро Обианг нь 1979 онд төрийн эрхийг авсан. Түүний хүү нь улсынхаа хөдөө аж ахуйн сайд, дэд ерөнхийлөгч зэрэг чухал албыг хашиж байхдаа улсын төсвөөс их хэмжээний мөнгө завшсан гэж үздэг юм.

 

Эх сурвалж: Quartz