Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, тангараг өргөх ЖУРАМ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох санал хураалтын ирц өчигдөр 22:00 цагийн байдлаар 60.9 хувьтайгаар дууслаа. Ингэснээр дахин санал хураалт хүчинтэй болж байгаа юм. Нэмэлт санал хураалт, дахин сонгууль болохгүй гэсэн үг.

Хоёр нэр дэвшигчийн хувьд урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 610,451, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 496,765 санал аваад байна. Гэхдээ өнөөдөр сонгуулийн байгууллагаас албан ёсны дүнг танилцуулна

ИРЦ, САНАЛЫН ТООГ https://ikon.mn/election/20172 хуудсаас дэлгэрэнгүй харах боломжтой.

 

Сонгууль хүчинтэйд тооцогдсон тул дараагийн ярих асуудал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай болон тангараг өргөх ёслол.

Энэ талаар Сонгуулийн тухай хуульд, Тангараг өргөх ёслолын журамд хэрхэн заасныг  хүргэе.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах тухай

Сонгуулийн тухай хуульд нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш АРАВ ХОНОГИЙН ДОТОР сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байна. 

Үүний дараагаар УИХ олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

Хууль гаргасны дараа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч УИХ-аас товлон тогтоосон өдөр, цагт тангараг өргөх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам:

  • УИХ-ын дарга чуулганы хуралдааны ажиллагааг нээж "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн зарлан мэдэгдснээр тангараг өргөх ёслол эхэлнэ.
  • Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна. Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд, Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.
  • Тангараг өргөсөн Ерөнхийлөгч ширээндээ залармагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.
  • Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлсний дараа ахмад хүн хадаг, мөнгөн аягтай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.
  • Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.
  • Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ордон дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна.
  •  Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно хэмээн нарийн заажээ.