Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өрөөсгөл хүр эрвээхийтэй ингэж тэмцээрэй

ikon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэр Тахилт, Баянголын ам, Толгойтын Баруун салаа, Зүүн салаа, зуслангийн чиглэлд Яргайт, Шадивлан, Зуунмод, Согоот, Баянбулаг, Хуурай мухар, Майхан толгой, Шаргаморьт, Санзай, Хандгайт, Их бага Баян, Халзан даваа болон Хараацай, Дружба, Ундраа хүүхдийн зуслан орчимд өрөөсгөл хүр эрвээхийн 654 кг өндгийг булж устгажээ.

Тэмцлийн ажилд олон улсад түгээмэл хэрэглэгддэг агротехник, механик, биологи, микробиологийн гэсэн үндсэн аргуудыг хослуулан хэрэглэж байгаа юм. Мөн хортон шавьжийн өндгийг түүж устгах ажлын явцад голомтот талбай дахь багц өндөгний болон багц дахь өндөгний тоо нягтшилыг судалж үзэхэд эрвээхийн тархалт, тоо толгой өсөх магадлалтай байгаа аж.

Хэт халалт, хуурай гандуу байдал нь хортон өсөх бас нэгэн шалтгаан болдог бөгөөд өндөглөх үедээ гэрэлд татагддаг тул хот, суурин газарт илүүтэй ажиглагддаг байна. 

Тиймээс Нийслэлийн ногоон бүсийн ойд түгээмэл тархаад буй өрөөсгөл хүр эрвээхийн талаарх мэдээлэл болон түүнтэй тэмцэх зөвлөмжийг хүргэж байна.

Онцлог шинж

  • Өрөөсгөл хүр эрвээхий нь өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхий гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралтай, амьдралын нэг жилийн мөчлөгтэй шавьж юм. 
  • Хүрэнцэр тавдугаар сарын сүүлчээс зургаадугаар сард маш идэвхтэй хооллоно.
  • Долоодугаар сарын сүүлчээр хүүхэлдэйд шилжиж мөн сарын сүүлч, 8-р сард эрвээхий нисэж эхэлнэ.
  • Наймдугаар сарын сүүл есдүгээр сарын эхээр өндгөө хад асга, уулын энгэрт, элбэгшсэн үедээ байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахаад өөрөө үхдэг.
  • Гэрэлд дуртай, шөнийн идэвхтэй (22:00-02:00), нүүдэллэх хугацаа нь 7-10 хоног хүртэл үргэлжилдэг.
  • Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх эрсдэлтэй.
  • Хүрэнцрийн үе шатандаа мод, бутны навч шилмүүсээр хооллож ойн санд хөнөөл учруулдаг.

Урьдчилан сэргийлэлт

  • Идэвхтэй цагуудад нь тагт, цонхоо хаах
  • Тагт, цонхондоо хамгаалалтын тор хийх
  • Өндөг  шахах боломжтой газруудыг шалгаж байх
  • Өндөглөсөн газруудыг цэвэрлэх
  • Шөнийн цагаар хурц гэрэл асаахгүй байх

Устгах арга

  • Мэргэжлийн байгууллагууд өндөглөх үед нь механик буюу гараар түүж, хүрэнцэр үед нь авиа химийн болон микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхий үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан устгана
  • Гэрийн нөхцөлд өндгийг хусаж тухайн газрыг угаалгын нунтаг ариутгагчаар цэвэрлэх, модон дээрх хүрэнцрийг доргиож унагах эсвэл түүж авах аргаар устгах бол ихээр цугласан эрвээхийг 20-30 см ухсан нүхэнд булж устгана. Ингэхдээ бээлий, амны хаалт, нүдний шил хэрэглэх шаардлагатай.

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг 9,300 га талбайд хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 4,000 га талбайд устгал хийжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар