Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанд тулгуурлан мэдээллийг цаг алдалгүй хүлээн авдаг болгоно

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
 

Швейцарь улсаас гарааны бизнес эрхлэгч, хөдөлмөрч залуусыг дэмжих зорилготойгоор дэлхийн олон оронд зохион байгуулдаг SeedStars World тэмцээн зургаадугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо анх удаа амжилттай зохион байгуулагдсан.

Тэмцээний ялагчаар TataTunga компани шалгарч, 2018 оны дөрөвдүгээр сард Швейцарь улсад зохион байгуулагдах SeedStar Summit арга хэмжээнд оролцохоор болоод байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан SeedStar World тэмцээний ялагч TataTunga компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхланг VISITOR буландаа урьж, ярилцлаа. 


-SeedStars тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа юм байна. Тиймээс энэ талаар уншигчдад маань мэдээлэл өгч, яриагаа эхлэх үү?

-Швейцарь улсад SeedStar гэж олон улсын хөрөнгө оруулалтын компани байдаг. Microsoft компанийн бизнесийн хөгжил хариуцсан захирал тэдэнтэй холбоо тогтоож, Монголд энэ тэмцээнийг явуулах хүсэлт тавьсны дагуу анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм.

Монголд үйл ажиллагаагаа явуулж, тэмцээн зохион байгуулахад манай дотоодын олон байгууллага хамтран ажиллаж байна.

Тэмцээн нь ерөнхийдөө шинэлэг зүйлийг санаачилсан, цаашаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, төлөвлөгөөгөө гаргачихсан залууст боломж олгож, дэмжих зорилготой.

Монголд зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээнд 40 орчим компани өргөдлөө өгсөн байсан. Тэдгээрээс шигшиж, 10 компанийг өөрсдийн санаачилсан ажлаа танилцуулах боломжийг олгосон юм.

-TataTunga компани тэмцээнд тэргүүлж, цаашид олон улсын шатад өрсөлдөх эрхийг аваад байна шүү дээ. Танай багийнханд баяр хүргэе. Ямар шинэ санаагаар энэ тэмцээний ялагч болсон бэ. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхөөр болсон анхны төсөл гэсэн шүү дээ?

-Баярлалаа. SeedStars тэмцээний хувьд Монголоос анх удаа дэлхийн хэмжээнд өрсөлдөхөөр болсон гэж хэлж болно. Ялангуяа Монголд гарааны бизнесийн экосистем үүссэн гэдгийг баталж байгаа анхны компани.

Харин SeedStar-аас тусдаа гадны томоохон байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс олон бий. Мөн гарааны бизнес чиглэлээр олон улсад гарсан залуус байдаг байх.

Манай компани ерөнхийдөө лавлах утсыг хиймэл оюун ухаанд суурилан автоматжуулах санаачилгыг гаргасан. Эхний ээлжинд зөвхөн Chat Bot-ыг монголын зах зээлд оруулж байна.

Дараа дараагийн хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд шууд гар утсаар залгаад асуухад автоматаар өөдөөс нь хариулдаг боломжийг бий болгох ажил орсон.

Ер нь ихэнх хиймэл оюун ухаан, тэр дундаа Chat Bot-ууд маш олон дата сангаас сонгож аливаа нэг мэдээллийг хэрэглэгчид өгдөг. Үүнийг дэлхий дахинд улам боловсролнгуй болгохоор хөгжүүлж байна.

 

Харин бидний санаачилсан Chat Bot юугаараа онцлог вэ гэвэл “ийм төрлийн  асуултад, ингэж хариулах ёстой” гэдэг үйлдлийн системийг оруулж өгсөн.

Лавлах утсыг хиймэл оюун ухаанд суурилан автоматжуулах санаачилгыг гаргасан.

Ингэснээр “энэ хоёр ижил төстэй утгийг агуулж байна, яаж асууснаас нь хамаараад аль нэг хариултыг нь өгөх юм байна” гэдгийг ойлгодог гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч сэтгэл зүй, эдийн засаг гэх мэтчилэн яг ямар чиглэлийн мэдээлэл авах хүсэлтэй Chat Bot-той болмоор байна түүгээр нь хөгжүүлээд явах боломжтой юм.

Тэгэхээр тухайн байгууллагад хэрэглэгчдийн асуулт, санал хүсэлтэд хариулдаг тусгай ажилтан байдаг бол заавал өөрөө бичээд, яриад хариулж, олон хүнтэй харилцалгүй зөвхөн Chat Bot-оо хөгжүүлэх тал дээр ажиллахад л болно гэсэн үг.

Байгууллагын хувьд аваад үзэхэд мэдээж цаг хугацаа хэмнэхээс гадна зардлыг дор хаяж 15 дахин бууруулж чадаж байгааг бид тооцоолж гаргасан.

-TataTunga компанийнхаа талаар бидэнд танилцуулахгүй юу. Чадварлаг баг хамт олон ажилладаг байх. Мөн Chat Bot-оос гадна та бүхэн ямар нийгэмд хэрэгцээтэй, эрэлттэй хөгжүүлэлтүүдийг хийж байна?

-Санаа гаргасан зургаан хүн бий. Технологи, бизнесийн салбартаа 10 гаруй жил ажиллачихсан мундаг залуус. Үүгээр би хаана ч бахархаж явдаг.

Цаашид хэл боловсруулалтын ажилд олон салбарын хүн хүч хэрэгтэй байх учраас хэл шинжлэл, технологи зэрэг бүх чиглэлийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах, нөгөө талаас гарааны бизнест чухал зүйл болох хөрөнгө оруулалтыг татах гэсэн хоёр чиглэлд бид түлхүү анхаарч байгаа.

Chat Bot-оос гадна юу хийхээр төлөвлөж байгаа вэ гэвэл хэл боловрсуулалтын салбарт “дуу хоолой таних” гэсэн асуудал байдаг. 

Тэгэхээр өөр бусад ямар нэг салбарт хазайхгүйгээр, зөвхөн хиймэл оюун ухаанд тулгуурлан, аливаа мэдээллийг тухайн хүнд цаг хугацаа алдалгүй өгөх түвшинд хүргэх зорилготойгоор хөгжүүлэлт хийж байна гэж ойлгож болно.

-Хиймэл оюун ухаан хэлийг ойлгодог болох асуудал өнөөдрийн хөгжилтэй цаг үеийн хувьд маш чухал асуудал болоод байна. Манайхны хувьд текст боловсруулалтын шатад явж байгаа гэж ойлгож байна. Гадныхан ямар түвшинд оччихсон байгаа бол?

-Англи хэлний түвшинд хиймэл оюун ухаан ус цас болчихож. Англи хэлний олон аялга, үгсийн янз бүрийн утгыг ойлгох хэмжээний нэлээн сайн түвшинд оччихсон.

Машин л гэхэд жолоочгүй болчихлоо шүү дээ. Машин барихад эрсдэл нь юу байж болох вэ гэвэл амь насаа алдах.

Тэр бүх эрсдлийг тооцож, “баруун, зүүн, чигээрээ” гээд ярихад машин өөрөө явах хэмжээнд ойлгож чаддаг болсон байна гэдэг асар сайн хөгжсөний шинж.

-SeedStars энэ тэмцээнд оролцсоноор танай багийнхан, танай компанид ямар боломжууд нээгдсэн бэ. Дараагийн шат хүртэл ямар түвшинд хүрсэн байхаар төлөвлөөд байна?

-Ирэх жилийн дөрөвдүгээр сард бид өөрсдийн шинэ санаагаараа энэ тэмцээний дараагийн шат буюу олон улстай өрсөлдөхөөр болоод байна.

Энэ шатны тэмцээнд түрүүлбэл 1 сая хүртэлх долларын хөрөнгө оруулалт татах боломжтой болно.

Хөрөнгө оруулалтаас гадна Улаанбаатарт зохион байгуулагдсан тэмцээнээс хойш бидэнтэй олон хүн, олон байгууллага холбоо тогтоосон.

 

Нөгөө талаас тэмцээнд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулснаар бидний хийж байгаа, санаачилж байгаа ажлыг нийгэм даяар мэдэж, ойлгож эхэлсэн.

Нийгэмд танигдаж, олон хүн бидний хийж байгаа ажлыг мэдэж авна гэдэг бол бидний хувьд маш чухал ахиц шүү дээ.

Ярихад машин өөрөө явах хэмжээнд ойлгож чаддаг болсон байна гэдэг асар сайн хөгжсөний шинж.

Ирэх жилийн дөрөвдүгээр сард болох уралдаанд Монголынхоо  нэрийг, багийнхаа нэрийг хамгаалж, амжилттай оролцохын тулд хийх ёстой маш их ажил байна.

Тиймээс компанийхаа зүгээс юун түрүүнд багаа өргөжүүлж, Монголдоо хэд хэдэн харилцагчтай болох, Гадаадын компаниудаас хэрэглэгчтэй болохыг хичээж байгаа.

-Бусад өрсөлдөгчийн хувьд та ямар бодолтой байгаа вэ. Магадгүй энэ тэмцээнээс Монгол дахь гарааны бизнесийн хөгжил харагдах байх. Та яриандаа Монголд гарааны бизнесийн экосистем үүссэн байна гэж хэллээ шүү дээ?

-Монголд экосистем үүсчихсэн. Гэхдээ тэрхүү эко систем нь өөрөө хөгжих хэмжээнд хүрсэн гэвэл арай учир дутагдалтай. Жишээ нь, хоёр залуу нийлээд шинэ санаа боловсруулахад түүнийг нь дэмжээд хөрөнгө оруулалт хийх хүн хэд байна. Түүнийг нь санхүүжүүлдэг компани хэд байгаа билээ.

Нөгөө талаар бүтээгдэхүүнийг нь аваад зах зээлд хэрэглэх боломж бололцоо, мэдээлэл Монголд дутмаг байж магадгүй. Гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа байгууллага олон бий л дээ.

Харин бусад оролцогчийн хувьд сүүлийн үеийн технологийн шийдэл, IT-ийн чиглэлийн маш гоё шинэлэг санааг хэрэгжүүлэхээр зориглон ажиллаж байгаа юм байна гэдэг нь харагдаж байсан.

-Маш сайн шинэлэг санаа, шийдэл байгаа ч Монголд шийдэгдэхгүй байгаа зүйл нь хөрөнгө оруулалтын асуудал гэж үү?

-Ингэж хэлж болно. Зах зээлээс мөнгө босгох, хөрөнгө оруулагчдыг олшруулж чадвал манайд чадвартай боловсон хүчин, хийж бүтээе, шинийг санаачилъя гэсэн залуус олон бий. SeedStars зэрэг маш олон сонголт бий.

Нөгөөтээгүүр, гарааны бизнесийг дэмждэг байгууллага манайд олон бий. Жишээ нь, Мэдээлэл технологийн үндэсний парк энэ талын салбарт хүч үзэж байгаа залуусыг дэмждэг байгууллагуудын анхдагч нь байх.

Мөн бизнесийнхээ шинэ санаа яаж хөгжүүлэх, яаж сайжруулах талын сонирхолтой шийдэл, арга замыг зааж, чиглүүлж өгдөг олон байгууллагыг дурдаж болно.

-Шинээр гарааны бизнесээ эхлүүлж байгаа залууст та зөвлөгөө өгөхгүй юу?

-Шинээр эхлэх гэж байгаа залуустаа хувийн туршлагаасаа зөвлөж хэлэхэд “ингээд л болчих байсан юм байна шүү дээ” гэдэг бол шинэ санаа.

Маш энгийн шийдвэрлэж болох арга замыг олоход амаргүй байдаг. Мөн хэдий тэр энгийн арга зам боловч цаашид маш олон зүйлийг шийдвэрлэж болох суурь болдог.

 

Мэдээж тухайн шинэ санаа бодит амьдрал дээр байгаа асуудлыг шийдэж байх ёстой. “Машиныг ингэж лакдаж болно” гэх санаа оллоо гэж бодъё. Гэвч энэ үнэхээр олон нийтэд тулгарч байдаг асуудлыг шийдвэрлэж байгаа юу? гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Шинэ санаагаа олсны дараа хэдий хэр хэмжээний зарлага гаргаж, хэр их хөрөнгө мөнгийг энэ бүтээгдэхүүнээр олж болох билээ гэдгийг тодорхойлсон нарийн санхүүгийн тооцооллыг гаргах ёстой.

Хүн болгон тархи нь ажиллаж л байгаа хойно хийж байгаа зүйлийн чинь сайн талыг ч, муу талыг ч хэлнэ.

Ингээд хамгийн чухал зүйл бол баг. Үнэхээр сайхан санаа гаргалаа гэхэд баг муу бол явахгүй. Хамгийн чухал нь баг.

Нэмж хэлэхэд гарааны бизнесийн нэг чухал онцлог тухайн бизнес аль нэг цаг хугацаанд очоод дуусах ёстой.

Өөрөөр хэлбэл, тухайн багийн санаачилсан шинэ зүйл 6-7 жилийн дараа мөнгө болох ёстой гэсэн үг.

Ямар нэг томоохон байгууллага худалдаж авах эсвэл хувьцааны зах зээлд гаргаж, зарах зэрэг амжилт олох нь чухал. Харин үүний дараа дахин өөр нэг шинэ санааг барьж авч, ажлаа эхлүүлэх хэрэгтэй.

Манай залуус бага зэрэг шантрамтгай л даа. Хүн болгон тархи нь ажиллаж л байгаа хойно хийж байгаа зүйлийн чинь сайн талыг ч, муу талыг ч хэлнэ. Өөр бусад боломжийг ч хэлнэ. Монголчууд юмны өөг их хардаг.

Гэхдээ угаасаа өөг нь хардаг хүнтэй харилцах гэж байгаа бол сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ.

Ингэж чадвал санаагаа цааш хөгжүүлж, амжилтад хүрэх боломж нээлттэй байна. Тэгэхээр зорилгынхоо төлөө шантралгүй явах хэрэгтэй гэж залуустаа хэлье.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

-Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.