Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г. Баттулга: Хар тамхины үйлчлэл гарч эрүүл болохоос айдаг байсан

Б.Заяа, Зууны мэдээ
2017 оны 6 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 26-нд тохиож байна. Монгол Улсад хар тамхины хууль бус эргэлт, хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж, цагдаагийн байгууллагын хяналтаас гарах хэмжээнд хүрээд буй. Иймээс Засгийн газраас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Дэлхий дахинаа цагаан тахал хэмээн нэрлэгдсэн энэ аюулаас урьдчилсан сэргийлэх, монгол залууст сануулга болох ярилцлагыг хүргэж байна. Түүнийг Г.Баттулга гэдэг. “Каннибал ” Тулгаа гэдгээр нь эрүүгийнхэн мэднэ. Монгол Улсын шүүх анх удаа хар тамхины хэргийг дэнсэлсэн нь 2001 он байв. Тухайн шуух хурлын шүүгдэгч Г.Баттулга байжээ. Тэрээр Төв аймаг дахь Мааньтын хорих ангиас өнгөрсөн долоо хоногт суллагдсан байна. Хар тамхинд толгойгоо мэдүүлж, торны цаана хэдэнтээ суусны эцэст энэ аюулаас биеэ татан авч чадсан тэрээр ярилцлагын хүсэлтийг уриалгахан хүлээн авсан юм.

-Монгол Улсад хар тамхины анхны хэргийг хуулийнхан илрүүлж, тухайн үеийн урлагийн залуус холбогдсон нь шуугиан дэгдээж байсан. Тэр хэргийн гол эзэн нь та байж. Одоо суллагдаж байгаа хэрэг үү?

-Би 2014 оны есдүгээр сарын 26-нд Замын-Үүдийн боомт дээр хар тамхины хэргээр Эрүүгийн цагдаагийн албаныханд баригдсан. Өмнө нь намайг хоёр удаа хар тамхины хэрэгт холбогдсон болохоор хуулийнхан хэрэглэсэн гэж бодсон юм билээ. Хамт явсан хоёр хүн маань хэрэглэсэн нь нотлогдож, хэргээ хүлээсэн. Харин би энэ аюулаас өөрийгөө татаж авсан болохоор хэрэгт холбогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болж хэрэгсэхгүй болж байлаа.

Гэхдээ би энэ хэргээр тав, зургаан cap байцаагдаж, хоригдсон. Цагдаагийнхан олон cap хорьчхоод бүрэлдэхүүнгүй болчихоор намайг хэлмэгдүүлсэн болж таарах гээд өөр хэрэг тохсон. Хүн амины хэрэгт ч холбох гэж оролдож байлаа. Эцэст нь аль эрт болж өнгөрсөн, хохирогч гээд байгаа нөхөр гомдолгүй болсон дээрмийн хэргээр зургаан жил зургаан сарын ял оноогоод, тэр ялыг нь эдэлж дуусаад гарч ирж байна даа.

-Таныг “Каннибал” гэж хочилдог нь хар тамхины хэрэгтэй холбоотой юу?

-Би 1990-ээд оны сүүл үсэр Оросод нэг хэсэг амьдарсан юм. Тэнд байхдаа оросуудтай нэг байранд өссөн болохоор их дотно байлаа. Тэр үед оросууд “Найрамдал” зуслан дээр олсны ургамал каннабис ургуулж хэрэглэдэг. Түүнийг нь татна. Орцонд ч татна.

Тэр үеэс л хар тамхинд орж, 1999 онд орос найзтайгаа хар тамхины хэргээр баригдаж шүүхээр шийтгүүлсэн.

-Манайд хар тамхины хэрэглээ 2001 оноос өмнө байсан байх нь ээ?

-2001 он ч биш, 1995 оноос л дэлгэрч эхэлсэн. Би 1998 онд Орос руу явж хоёр жил амьдарсан юм. Тэнд бол хэрэглээ ойлгомжтой, бүгдийг нь хийж хэрэглэж сурсан. Энд ирээд ч жинхэнэ эсэн бусаар нь хийж өгсөн. Гэхдээ тухайн үед хэн нэгнийг хордуулъя, ашиг олъё гэсэн сонирхолтой биш. Одоогийн залуус эсрэгээрээ.

Хэн нэгнийг гэмт хэрэгт татаж хэдэн төгрөгийг нь авах зорилготой болчхож. Харин миний үед хөгжим сонсоод кайф авах маягаар л хэрэглэдэг байсан. Би ч тэр үед баар ажиллуулдаг. Тухайн үед “Хурд” хамтлагийн тоглолт Бөхийн өргөөнд болсон юм. Тэр үед хар тамхины хэргийн анхны том баривчилгаа болж, бүх дүүргийн цагдаа нар, хэчнээн ч прокурор ирлээ дээ. Цагдаа нар тоглолт үзсэн залуусыг гаргаад, тойрч зогсоод тоглолт зохион байгуулсан хүмүүст үзлэг хийж, сэжигтэйг нь баривчилж эхэлсэн.

Тэгээд шалгалтын явцад нэг нөхрийн халааснаас шилтэй тоос гарсан. Хуулийнхан аль 1990 оноос хар тамхи хэрэглэдэг залуусыг тандаж байсан юм билээ. Бүр альбом гаргачихсан. сэжигтэй хүмүүсийн зургаар. Альбомоосоо харж байгаад л түүгээд баривчлаад аваад явчихсан. Тэр үед хар тамхийг дандаа рок, металууд хэрэглэдэг байсан. Нийгмийн хэм хэмжээнд баригдахгүй, эрх чөлөөг эдэлнэ гэсэн үзэлтэй нөхөд.

Анх дөчин хэдүүлээ баривчлагдсан. Биеэс нь тоос гарсан нөхөр надаас түүнийгээ авсан гэж мэдүүлээд, шалгагдаж байгаад орос найзтайгаа нэг жил зургаан сарын ял сонссон. Тэр үед маш их шуугиан болсон доо. Харамсалтай нь ялаа эдлээд гарч ирээд 2004 онд дахиад хар тамхины хэрэгт холбогдоод шоронд орсон.

-Хар тамхинаас яаж гарав. Нэг орсон бол хараат болчихдог гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг шүү дээ?

-Хоёр дахь удаа хар тамхины хэрэгт холбогдоод 2007 онд эрх чөлөөтэй болсон. Тухайн үед надаас хар тамхи авдаг байсан хүмүүс амраахгүй, байнга нэхнэ. Эрүүгийнхэн ч тайван байлгахгүй. Хүн олоод өг, хамтаръя гээд л гуйж үзнэ, гуядаж үзнэ. Арга ядаад Хар тамхи, мансууруулах төвийн тэргүүн Ш. Лхагвасүрэн эгчид хандсан. Хар тамхинаас, бусдын нөлөөллөөс гарахад надад маш их тус болсон хүн. Хар тамхи хэрэглэдэг байхдаа биеэс тамхины үйлчилгээ гарч эрүүл болохоос айдаг байлаа. Үйлчилгээ гарчихвал хэрэглэх зүйлсээ бэлдчихсэн биедээ авч явдаг. Хар тамхинаас гарах тийм амар ажил биш. Би гарахын тулд архинд хүртэл орж, живэх дөхсөн. Гэхдээ ямартаа ч өөрийгөө ялан дийлж, хараат болж чадсан.

Харамсалтай нь хар тамхи хэрэглэж байгаа одоогийн залуус нэг зүйлийг андуураад байна. Хар тамхи хэрэглэхээр мундаг болоод, үнэтэй цайтай юм хэрэглэж байна гэж бодоод байх шиг байна. Сэтгэл санааны эрэмдэг хүмүүс хар тамхийг хэрэглэдэг юм. Эрүүл хүн, эрүүл ухаан гэдэг шал өөр. Ингэж хэрэглэж оролцож байгаад больчихно гэж бодоод байна. Үгүй. Энэ чинь тоглоом биш. Удахгүй гарчихна гэж хэрэглэсээр байгаад хараат болчихсон байдаг. Хүн амархан юманд уруу татагддаг. Эхний удаад таашаал аваад дараа нь дахиад өгөөч гэхээр нөгөө нөхөд нь “Одоо олдохгүй, мөнгөө өг” гэдэг. Зардаг нөхөд ч эрүүгийнхэнтэй дотно. Чи надаас авлаа гэхэд зөрүүлээд цагдаа руу мэдэгддэг. Тэд хоорондоо гинжин хэлхээ бий болгочихсон.

Чи өөрийгөө бодохгүй юмаа гэхэд үр хүүхэд, эх орноо бодоорой.​ Эрх чөлөө гэдэг уяанаас алдуурсан нохой шиг жаргаж явдаг зүйл биш.

-Ямартаа ч аюултай зүйлийг ялан дийлж чаджээ. Гэхдээ амьдралынхаа олон жилийн эрх чөлөөг хасуулсандаа харамсдаг биз?

-Мэдээж өнгөрсөндөө харамсаж, гэмшдэг. Миний үед хар тамхины аюул дөнгөж хаалга тогшиж байсан. Гэтэл одоо бүр булингартаад учир нь олдохоо байж. Бид үүн дээр сөрж зогсох ёстой. Тиймээс би ёсгүй бүхэнтэй тэмцэнэ. Улаанбаатар бидний хот, Монгол бидний эх орон. Бидний үр хүүхэд амьдрах нутаг. Чи, би жаргаж байгаад яваад өгч болно. Гэхдээ үр чинь үлдэх хорвоо учраас зөв амьдрах ёстой. Энэ тал дээр би өнгөрсөн гурван жил маш их зүйлийг бодож, ухаарлаа. Эх орноо, эрх чөлөөгөө маш их саналаа. Бүх хог новшийг шүүрдэх ёстойг чинбат ойлгосон.

Гэвч одоо Монгол Улс хар тамхины аюулд гүн гүнзгий өртсөн байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал. Зөвхөн хууль эрх зүйн хүрээнд хязгаарлана гэдэг хэцүү. Гол нь тухайн хүний хүмүүжил, өөрийн дархлаа мэднэ. Адгуус бол идэж уух, биологийн хэрэгцээгээ хангахын төлөө явдаг. Оюун ухаант хүн бол оюунаараа архийг шийднэ.

Хар тамхины аюулаас болж би гурван найзаа алдсан. Бид нэгэн цагт булингартаж явсныг нуухгүй. Нүдэн дээрээ хайртай бүсгүйгээ ч алдаж байлаа. Тэр маань 1999 онд байрны дөрвөн давхраас унаж амиа хорлосон. Тухайн үед бид хар тамхи хэрэглэсэн байв. Тэр үед хорвоо хөмрөх шиг болж, амьдрал маань улам уруудаж эхэлсэн. Хар тамхи гэдэг бахархаад, чээж дүүрэн яриад байх зүйл биш шүү.

Чи өөрийгөө бодохгүй юмаа гэхэд үр хүүхэд, эх орноо бодоорой. Эрх чөлөө гэдэг уяанаас алдуурсан нохой шиг жаргаж явдаг зүйл биш. Хайртай бүхнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага байдаг. Би эх орон, гэр бүл, хүүгийнхээ төлөө хариуцлага хүлээсэн. Би эх орондоо хайртай. Хүнд юу эрхэм гэвэл эрүүл ухаан, эрүүл бие хэрэгтэй. Дараа нь эх орон, элгэн түмэн минь. Эх түүх минь. Одоо л би үүнийг ухаарч байна.

Зураг