Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цэрэндолгор: Гар утас хор нөлөөгөөрөө компьютероос илүү байдаг

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
 

Техник, технологи хөгжихийн хэрээр хүний хэрэгцээг хангах маш олон зүйлс гарч ирсээр.

Тухайлбал, гар утас хөгшин, залуу хүн бүрийн хэрэглээ болжээ. Компьютер тоглоом буюу PC-г өсвөр үеийн хөвгүүд болон насанд хүрсэн залуучууд шимтэн тоглосоор л... Зурагт бол айл бүрийн хэрэглээ.

Гэвч аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөөтэй байдаг нь бичигдээгүй хууль. Хэтэрхий олон цагаар дэлгэц ширтэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Наад зах нь нүдний хараа муудахаас эхэлнэ.

Гар утас,зурагт, компьютерт донтохыг дэлхий нийтэд “дэлгэцийн дон” хэмээн томъёолсон байна. Бид энэ удаад “Дэлгэцийн дон” өвчний талаар болон хүүхдүүд энэ өвчинд хэрхэн өртөж байгаа талаар СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн их эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.

-Насанд хүрээгүй хүүхдүүд ихэвчлэн ямар шалтгаанаар СЭМҮТ-д хандаж байна вэ?

-Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн үндэсний клиникт кабинетийн болон хэвтэн эмчлүүлэх гэсэн үйлчилгээг үзүүлдэг. Кабинетаар үзүүлж байгаа хүүхдүүдээс шаардлагатай хүүхдүүдийг нь хэвтэн эмчлүүлдэг байгаа. 

Манай эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь архаг ядаргаа, мэдрэлийн ядаргаа, булчин татваганах эмгэг, газ үнэрлэх, мөн PC буюу компьютер, гар утасны тоглоомыг хэтрүүлэн тоглох зэрэг шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн үед компьютер,гар утсаар хэтрүүлэн тоглох шалтгаанаар хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо ихсэж байна. 

Эдгээр өвчнүүдийн дийлэнх шалтгаан нь гэр бүлийн асуудалтай холбоотой байдаг. 

-Компьютер, гар утас хэтрүүлэн тоглох, зурагт үзэх зэрэг нь дэлгэцийн дон хэмээх өвчин шүү дээ. Энэ өвчин нь ямар сөрөг нөлөөтэй вэ? 

-Нэг удаагийн суултаар 4-5 цагаас илүү өдөр бүр тоглож, дэлгэц ширтэж байвал дэлгэцийн дон гэсэн үг юм.

Компьютер тоглоом, гар утсанд хэт их автсанаар хүүхдүүд мэдрэлийн ядаргаанд орох тохиолдол элбэг байна.  Мэдрэлийн ядаргаанд орсон нь нойргүйдэх, дархлаа сулрах, уур уцаартай болох зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. 

Ингэж явсаар сүүлдээ донгийн хэлбэрт шилжинэ. Энэ үед хүүхэд зөвхөн компьютер тоглоом тоглохын тулд гэрээсээ дайждаг, хичээлээ тасалдаг, худлаа ярьж , хулгай хийх цаашлаад гэмт хэрэгт холбогдоход хүрдэг. 

Компьютер, утас, зурагт юунд ч донтсон бай яг л архичин шиг байдаг.

-Цаашид энэ өвчин нь ямар үр дагаварт хүргэдэг вэ?

-Эцэг эхчүүд хүүхдэдээ ямар өөрчлөлт орж байна, нойр хоолондоо ямар байна, уур уцаартай болж байгаа эсэхийг байнга анхаарч байх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн  өөрчлөлттэй байвал эртнээс эмчид хандах хэрэгтэй. Эрт эмчид хандсанаар эрт арга хэмжээ авч тухайн хүүхдийн өвчин донгийн хэлбэрт шилжихгүй. 

Эмчилгээ хийлгэхгүй, хэтрүүлэн хэрэглэж тоголсоор байгаа хүүхдүүд донгийн хэлбэрт шилждэг. 

Дон гэдэг нь яг архичинтай адил. Компьютер, утас, зурагт юунд ч донтсон бай яг л архичин шиг байдаг. Ухаан санаанд нь зөвхөн тэрхүү компьютер тоглох, зурагт үзэх, утас оролдох гэсэн бодол л эргэлдэж байдаг, өөр зүйл боддоггүй. Ойр орчмын хүмүүсийн шаардлагыг хүлээж авдаггүй. 

-Дэлгэцийн дон нь утаанаас илүү их эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар?

-Утаа бол хүний биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг, уушиг болон дархлааны систем гэх мэт. Харин дэлгэцийн дон нь тухайн хүүхдийн зан ааш, сэтгэц, цаашлаад биеийн байдалд нөлөөлдөг. Хүүхдийн сэтгэц, зан ааш өөрчлөгдхөөр хүмүүжлийн доголдолд ордог.  Хүмүүжлийн доголдолд орсон хүүхдийг засах маш хэцүү. Тиймээс урьдчилан сэргийлэлт маш чухал.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Нэн түрүүнд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илүү их нээлттэй, амьд харилцааг өрнүүлж байх хэрэгтэй.  Хүүхдээ спортоор, урлагаар, сонирхлыг нь хөгжүүлэхэд туслах хэрэгтэй. 
Байнга хүүхэддээ хараа хяналт тавьж, ямар хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж , юу хийж яваа зэргийг нь энгийнээр айлгахгүй асууж харьцдаг байх хэрэгтэй. 

Сүүлийн үед эцэг эхчүүд өөрсдөө гар утсаараа их оролдож, зурагтаа байнга үзэж буруу үлгэр дуурайл үзүүлдэг болсон байна.Тиймээс өөрсдөдөө ч анхаарч, үлгэр жишээ эцэг эх байгаарай. 

Тэгээд 5 хүртэлх бага насны хүүхдийг гар утас, Ipad, Tablet, компьютерт ойртуулахгүй байвал сайн. Эсвэл хүүхдээ цагийн хувиартай зурагт үзүүлж, өдөрт 2 цагаас илүүгүй компьютер, гар утсаар тоглуулж байх хэрэгтэй.

-Дэлгэцийн донд хэдэн насны хүүхдүүд хамгийн их өртөж байна вэ?

-Энэ өвчинд өсвөр насныхан буюу 10-19 насныхан хамгийн их өртдөг.

-Дэлгэцийн дон туссан тохиолдолд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Манай СЭМҮТ-ийн зүгээс шинж тэмдэгт нь тохируулан эмчилгээ хийдэг. Хэрвээ ядаргаа, сульдалт их байвал түүнд нь тохируулан хүүхдийг амраах, нойрсуулах, физик эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээ, витаминт эмчилгээ, тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ зэргийг хийдэг. 

Ер нь ямар ч донг эмчилхэд сэтгэл заслын эмчилгээ хамгийн чухал байдаг.  Тухайн хүүхэдтэй ганцаарчилж уулзах, сэтгэл санааг нь тайван байлгах тал дээр анхаарч, сэтгэл зүйчийн зөвлөгөөний дагуу эмчилдэг.

-Эмчилгээг хэр удаан хийдэг вэ?

-Манай тасагт бол 10 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг. Эмнэлэгт байх хугацаанд нь суурь эмчилгээг нь тавиад өгдөг. Харин эмнэлэгээс гарсанаас хойш дор хаяж зургаан сар сэтгэл заслын эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. 

Гэвч эцэг эхчүүд хүүхдээ эмнэлэгээс гарсны дараа эргэн сэтгэл зүйчид нь хандах тал дээр их хойрог хандаж байгаа. 

-Гар утас компьютер хоёрын аль нь илүү сөрөг нөлөөтэй вэ?

-Гар утас хор нөлөөгөөрөө компьютероос илүү байдаг. Ухаалаг утсанд бүх зүйл ороод ирсэн. Интернэтгүй утас гэж байхгүй болсон. Наад зах нь дэлгэц нь жижиг учраас түүнийг харах гэж нүдний булчин хэвийн хэмжээнээсээ илүү ажилладаг. Тархи нь хөгжиж амжаагүй байгаа хүн ийм зүйл рүү ороод ирэхээр хөдөлгөөний хомсдолтой, сурах идэвх багасч, найз нөхөдгүй болж, худлаа хэлж, зорилго чиглэлгүй болдог.

Гэхдээ аль нь илүү хор хөнөөл багатай, ихтэй гэж ялгаж болохгүй юм. Хоёулаа л хүүхдийг донтуулж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. 

-Сүүлийн үед  газ үнэрлэснээс болж СЭМҮТ-д хандаж эмчлүүлж байгаа хүүхдүүд цөөнгүй болсон гэсэн шүү дээ. Газ үнэрлэх нь ямар сөрөг нөлөөтэй вэ? Хар тамхи, мансууруулах бодисноос ямар ялгаатай вэ?

-Хүүхдүүдийн сонирхлыг татах болсон бас нэг зүйл нь ахуйн газыг уутанд цацаж байгаад түүнийгээ сорж үнэрлэж донтож, мансуурах. Энэ бол бас нэг донгийн хэлбэр. Энэ байдал сүүлийн үед их элбэг болсон. 

Газ бусад мансууруулах бодисыг бодвол багаар хэрэглэсэн тохиолдолд хэсэг хугацаанд мансуурж байгаад буцаад гарчихдаг. Харин нэг дор их хэмжээгээр хэрэглэх юм бол амьсгал хураах эрсдэлтэй. Мөн мансуурсан үед хүүхдийн сэтгэцэд нөлөөлж нисэж байгаа, аз жаргалтай байгаа мэт мэдрэмж төрж, маш их зоригтой болдог. Тэгээд бэртэж гэмтэх эрсдэл гарна. 

Ер нь аливаа мансууруулах бодис, газ, PC тоглоом, гар утас юуг ч бай хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хүний бие махбодь, сэтгэц, эрүүл мэндэд маш их хор нөлөө үзүүлдэг. Тийм учраас хэрэглээгээ хязгаарлаж зөв болгох нь хамгийн чухал.