Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баатарцогт: Улсын баяраар Улаанбаатар бүхэлдээ зүлэгтэй, нов ногоон болно

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн хэмжээнд жилд 400-500 гаруй мод сөөг тарьж, ургуулан ногоон байгууламжийг сайжруулдаг байна. Гэвч Улаанбаатар хотын нийт гудамжны 50 гаруй хувь нь одоогоор ногоон байгууламжгүй, сул шороо, хайрга чулуутай байгаа юм.

Хотын ногоон байгууламжийг сайжруулах, ихэсгэх ажилд бага хөрөнгө мөнгө зарцуулдаг учраас бид өнөөдрийг хүртэл хотын бүх гудамжийг моджуулж, зүлэгжүүлэх боломжгүй байгаа талаар Хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Л.Баатарцогт ярьж байсан юм.

Нийслэлийн ногоон байгууламжийн ажилд энэ зуны байдлаар 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд арваннэгдүгээр сарын 30-нийг хүртэл ажил үргэлжлэх гэнэ. Энэ талаар бид дараах зүйлийг түүнээс асууж, тодрууллаа.


-Энэ зун Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сайжруулах тал дээр ямар ажил хийж байна?

-Нийслэлийн Захирагчийн ажлын алба нийтийн эзэмшлийн гудамж талбайн мод сөөг, зүлэгний арчилгааг хариуцдаг. Улаанбаатар хот нийт 240 гаруй гудамжтайгаас одоогоор 110 орчим нь л ногоон байгууламжтай байна.

Энэ жил технологийн дагуу услах, бордох, сэргээх, тарих, шохойдох, тэгшлэх зэрэг 21-22 нэр төрлийн ажилбарыг дөрөвдүгээр сараас эхлэн хийж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд 450,000 орчим мод сөөг тарьсан.

Гол төлөв ургамлан хашилгад хайлаас, шар хуайс гэсэн сөөгүүдийг тарьжээ. Үүнээс гадна том хэмжээний улиас, шилмүүст мод, тэр дундаа 2,000 гаруй том оврын шилмүүст нарс модыг гурван талд нь тулгуур хийж, тарилаа. Урд жилүүдэд ийм ажил хийгддэггүй байсан.

Ингээд нийтдээ Улаанбаатар хотын хэмжээнд 93.5 га ногоон байгууламжийг арчилж, тордох, услах, ургуулах ажил хийгдэж байна.

Арваннэгдүгээр сарын 30-нийг хүртэл үргэлжилнэ. Үүнээс хойш цас орж, хөлдөж, өвлийн байдалд шилжинэ. Ингээд дараа жилийн гуравдугаар сарын 15-наас ажил эхэлнэ.

-Тарих нэг хэрэг. Цаашид арчилж, ургуулах чухал асуудал шүү дээ?

-Хамгийн гол хөрөнгө мөнгө, анхаарлаа мэдээж арчилгаанд зарцуулж байгаа. Гурав хоноод нэг услах, бордоо, нэмэлт тэжээлийг Солонгос, Хятад улсаас оруулж ирж, хийж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхийдөө эхний гурван жил сайтар арчилж, ургуулж чадвал цаашаа мод сөөгүүд өөрөө байгалиасаа шим тэжээлээ аваад ургачихдаг. Тэгэхээр 2020 он дуустал үүнийг бид онцгой анхаарч ажиллана.

-Мод сөөг тарихаас гадна зүлэг ногоо тарих, цэцэгжүүлэлтийн ажил хийгддэг. Хотын өнгө үзэмжийг ч нэмдэг шүү дээ?

-Энэ жилийн хувьд Нийслэлийн хэмжээнд 200,000 м.кв зүлэг шинээр тариад байна. Нэг хэсэг гантай байсан учраас зүлэг огт гараагүй. 30-40 м-ийн  гүний усаар услаад ч нэмэргүй байсан.

Харин бороо орсноор 20-30 см гүн хөрсөнд ус нэвчсэн байна. Тэгэхээр тарьсан зүлэг удахгүй соёолж гарна.

Улсын их баяр наадам гэхэд Улаанбаатар хот бүхэлдээ зүлэгтэй, нов ногоон болно гэж мэргэжлийн хүний үүднээс үзэж байна.

Манайд ногоон байгууламжийг сайжруулах бүх материаллаг бааз бий. Ганцхан хөрөнгө мөнгийг энэ ажилд бага зарцуулдаг.

Харин цэцэгжүүлэлтийн хувьд сүүлийн жилүүдэд бусад орнуудын жишгийн дагуу гоёл чимэглэлийн цэцгийг хотын төвийн гол, гол уулзваруудаар тарьж байгаа.

Энэ жил нийт 3 га газар 200,000 орчим цэцэг тарьж, ургуулсан.

Энэ бол Нийслэл хотын маань өнгө үзэмжинд гол үүрэг гүйцэтгэх зүйл шүү дээ.

Бид цэцэгсийн нэр төрлийг улам олшруулж, харагдах байдал, ургуулах хэв маяг, архитектор шийдэл талаас нь жил бүр шинийг санаачилж, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

-Хэдий хэр хэмжээний хөрөнгө мөнгийг энэ жил төсөвлөсөн бэ?

-Усалгаа, бордоо, цэцэг, мод сөөг тарих зэрэг ногоон байгууламжийн бүхий л ажилд нийт 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэтэл 16-17 тэрбум төгрөг шаардлагатай байдаг.

Нийслэлд энэ чиглэлээр 600 гаруй цэцэрлэгч, 60-70 усны машин ажиллаж байна.

Уг нь манайд хотын ногоон байгууламжийг сайжруулах боловсон хүчин, цэцэрлэгч, ойн инженерүүд, машин техник, тариалах мод сөөг гээд бүх потенциал, материаллаг бааз нь байна.

50 гаруй мод үржүүлгийн аж ахуй манайд ажиллаж байна. Ганцхан хөрөнгө мөнгийг энэ ажилд бага зарцуулдаг.

-Баярлалаа.