Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Банкны төв салбарт ажиллаж буй Ц.Эгиймаагийн ХҮСЧ БУЙ АЖИЛДАА ТЭНЦЭХ 5 ЗӨВЛӨМЖ

Б.Ану
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Ц.Эгиймаа,

Цолмонбаатарын Эгиймаа нь Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, Дэлхийн шилдэг “Корнелл” Их сургуульд эдийн засаг, санхүүгийн бодлогын чиглэлээр магистр /МPA, Master of Public Affairs: Economic and Financial Policy/-ийн зэрэгт суралцаж буй юм.  

Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн туршлагаа өнгөрсөн жил манай уншигчидтай хуваалцаж, оюутан залууст үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч байсан билээ. Ц.Эгиймаагийн ФУЛБРАЙТАД ТЭНЦЭХ ТАВАН ЗӨВЛӨМЖ-ийг та ЭНД дарж унших боломжтой. 

Харин энэ удаад Ц.Эгиймаа хэрхэн амжилттай ажлын байр олох тухай зөвлөмжийг бичиж ирүүллээ. 

Тэрбээр энэ зун Вашингтон дахь Дэлхийн Банкны төв салбарт ажиллаж байгаа юм. 

Оюутан, залуусын хувьд сургуулиа төгсөн ид ажил хайж байгаа энэ үед түүний зөвлөгөө танд хэрэг болно гэж найдаж байна. 


Өнгөрсөн хаврын турш ангийн найзууд маань ажил хайх халууралд өртөөд бараг л “Өргөдөл чинь юу болж байна” гэсэн өгүүлбэрээр хоорондоо мэндэлдэг болчихож билээ.  

Би ч гэсэн дуталгүй нэгдүгээр сараас эхлэн дөрвөөс таван газар өргөдөл явуулж сайн профессор, сайн найзын зөвлөгөөний ачаар дөрөвдүгээр сарын эхэнд Нью-Йорк хотод байрлах Нэгдсэн Үндэсний Байгууллагын төв оффис болон Вашингтонд байрлах Дэлхийн Банкны төв оффист зун ажиллах саналууд авсан юм. Би Дэлхийн Банкны төв оффисийг сонгосон. 

Ажил хайх явцад зөвлөгөө өгч байсан хүмүүст талархаж, өөрийнхөө олсон анхан шатны энгийн стратегиудыг хэрэгтэй хүмүүст нь хуваалцахаар боллоо.

Нэг. CV/Resume

Өөрийн тань халаасанд байгаа хамгийн анхны хөзөр бол өргөдлийн багц материал, бүр товчилбол CV байдаг.

CV-гээ хэрэгтэй, хэрэггүй сертификатуудын жагсаалтаар дүүргэлгүй, маш товч бөгөөд өрсөлдөхүйц байлгах хэрэгтэй. Би сүүлийн 5 жилийн турш туулсан хүнд хөнгөн ажлын туршлага бүхнээ бичээд өргөдөл өгч буй байгууллагынхаа сонирхолыг сайтар ухамсарладаггүй байжээ. Надад чухал байсан зүйл зөвхөн надад л чухал гэдгийг ойлголгүй, 2 хуудас шахуу СV-гээрээ бахархдаг ч байсан байх. Судалгаагаар (TheLadders.com) ажил олгогчын зүгээс CV унших дундаж хугацаа ойролцоогоор 6 секунд гэсэн байдаг. Танд байгаа 10 чадварын 2–3 нь л тухайн газарт хамааралтай тохиолдол байх тул боломжоороо хэрэггүйг нь танаж, товч болгох хэрэгтэй. Мөн ирээдүйд өөр хувилбар, боломжууд байлгахын тулд хувийн болон төрийн байгууллага (эсхүл олон улсын байгууллага)-д зориулсан хоёр өөр CV аажмаар бэлдэх, түүнд тохирсон чадваруудыг эзэмшихэд буруудахгүй.

Хоёр. Тоо биш чанарт анхаарах

Энэ хавар нэгэн найз маань 30-аад газар луу өргөдөл явууллаа гэж хэлж байсан. Миний бодлоор олон арван газар луу явуулж хүчээ барж байснаас цөөхөн хэдэн газрыг сонгоод тал бүрээс нь ажиллах хэрэгтэй санагддаг. Албан ёсны вэбсайтыг нь байнга дагах, ажилладаг хүмүүстэй нь холбогдох, шаардлагатай ур чадваруудыг өөртөө эзэмшүүлэх гэх мэт хийх ажил зөндөө. Яг өөртөө хамааралтай газар луу л явуулахгүй бол хэдэн мянган өргөдөл дунд хэний ч уншихгүй зүйлд цагаа үрчихээд хариу хүлээнэ гэдэг зовлон.

Гурав. Stalker for smart

Хэрэв таны толгойд аль хэдийнээ тэнд л ажиллана гэсэн мөрөөдлийн зураг байдаг бол тухайн газрынхаа талаар сайн судал. АНУ-д л гэхэд ажилчдынх нь мэдээлэл албан ёсны сайт болон Линкедин дээр дэлгэрэнгүй бөгөөд нээлттэй байдаг. Тэдгээрээс ямар сургууль төгссөн, аль төслүүдэд ажиллаж байсан болон ямар ур чадвар эзэмшсэн талаар нь харж болдог. “Харилцааны чадвартай, НҮБ-ын албан ёсны 3 хэлээр ярьдаг, санхүүгийн мэргэжлийн шалгалтын зэрэгтэй, судалгааны “XYZ” програм дээр ажиллах чадвартай” гэх мэт. Аль нэг чадвар өөрт тань дутагдалтай байгаа бол та эхлэх цэгээ мэдэж авлаа гэсэн үг.

Би ч гэсэн унших, үзэх юмаа олохгүй үедээ хүндэлдэг хүмүүсийнхээ Линдкедин, Фэйсбүүк дээр тавьж байгаа нийтлэлийг нь гүйлгэж унших эсхүл “лайк” дарсан мэдээллийг нь сонирхдог.

Дөрөв. Нэтворк, Нэтворк, Нэтворк

Хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээний зарим өрсөлдөхүйц газрууд зуны дадлагын ажилд л гэхэд ойролцоогоор 17,000 орчим өргөдөл хүлээж авахаас хоёр хүрэхгүй хувийг нь ажилд авдаг (http://www.businessinsider.com/morgan-stanley-intern-acceptance-rate-2014-6).

Зарим газар хэдэн мянган өргөдлүүд унших цаг гаргадаггүй учраас нөлөө бүхий хэн нэгний чадвартай гэж тодорхойлсон хүнийг хураангүй жагсаалтад оруулдаг ч гэдэг. 

Тодорхойлох захидал, танилын хүрээгээ өргөжүүлэх зэрэг ойлголт АНУ-д маш чухал нөлөөтэй байдаг. Тиймээс их сургуулийн профессор, дадлагын удирдагч, төсөлд хэдхэн сар хамт ажилласан хүмүүстэй ч харилцаагаа үргэлж тааламжтайгаар дуусгаж байгаарай.

Энэ хэсэг маань өндөр ур чадвартай, ойролцоо мэдлэгтэй 1,000 хүнээс 20-ыг сонгох явцыг хөнгөвчилж буй талаар ярьж байгаа болохоос тэнцэхгүй ах дүүгээ арын хаалгаар ажилд авахаас тэс ондоо зүйл юм шүү.

Тав. Hello, I am from Mongolia

Сүүлийн хэсэг маань олон улсын байгууллага сонирхогчдод арай түлхүү хамааралтай байх. НҮБ, Дэлхийн Банк зэрэг байгууллага ажлын байран дээрээ олон талт соёлыг дэмжих хандлагатай байдаг. Тэд таны ур чадвар, туршлагыг харахын зэрэгцээ тухайн байгууллагад байхгүй эсхүл цөөнх үндэстний хүмүүсийг сонирхдог. Хэрэв тэрбум хүмүүсийн төлөөлөл болсон хятад юмуу энэтхэг найзуудтайгаа нутаг нэг байсан бол надад олгогдсон боломжууд байх байсан болов уу гэж боддог. Тиймээс зөв газар, зөв цагт “I am from Mongolia” гэдгээ хэлж, давуу талаа ашиглаж байгаарай.

Нөгөө талаас, давуу талыг нь амсаж байгаа болохоор хариуцлагаа ч давхар ойлгох хэрэгтэй санагддаг. I am from Mongolia, бид итгэл даахуйц байж чаддаг, бид цаг барьдаг, бид бусад үндэстний соёлыг хүндэлдэг, бид хариу тооцоолохгүй тусладаг. Үүнийгээ ажлын гүйцэтгэлээр, харилцаагаар, ёс зүйгээрээ батлавал хожим ирэх олон Монгол залууст өөрөөрөө тодорхойлох захидал болно. Зарим нэг гадаад хүний хувьд та бид эхний бөгөөд эцсийн удаа уулзсан Монгол хүн байх тул өөрийгөө 3 сая хүнийг төлөөлж буй “соёлын элчин сайд” (cultural ambassador) гэдгээ санаж яваарай.

Өнгөрсөн улиралд зөвлөгөө өгч, үнэ цэнэтэй туршлагаасаа хуваалцаж байсан эрхэм найздаа баярлалаа. 

Цолмонбаатарын Эгиймаа 
2017 оны 6 дугаар сарын 20
Вашингтон хот, АНУ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.