Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтан хальс олон улсын индепендент кино наадам"-д Монгол уран бүтээлч түрүүлэв

Б.Ану
2017 оны 6 сарын 20
iKon.MN

Индепендент киноны чиглэлээр Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ болох “Алтан хальс индепендент кино наадам” (AKIFF) энэ сарын 9-11-нд буюу өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болж өндөрлөлөө. Тус олон улсын  наадамд цэвэр арилжааны зорилгоор хийгдээгүй, бүтээгчийн дуу хоолойг чухалчилсан бүтээлүүд оролцдог.  Өмнө нь авангард, экспериментал кино голлодог байсан бол энэ жилээс цар хүрээгээ өргөсгөн индепендент наадам болгосон байна. 

Энэ жил дээд шагнал “Golder Reel Award”-ийг анх удаа монгол уран бүтээлч хүртсэн нь манай улсын залуу кино бүтээгчдийн чадвар нэмэгдэж буйг харуулах буй за. Шагналыг “Алтан хальс” цом, 2.000.000 төгрөг дагалдсан юм.

Тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител группын "Номадиа пикчерс" ажилласан бөгөөд дээд шагнал болох "Алтан хальс" цомыг "Номадиа пикчерс"-ийн продюсер н.Наранбат гардуулж өгсөн болно.

  • Алтан хальс шагнал

"Өөрөөсөө харсан өөр хүмүүс" - Д.Золбаяр

 
 
Баруун гар талаас Д.Золбаяр

Д.Золбаяр AKIFF-т ялснаар Америкийн томоохон кино наадмуудын нэг Афины кино наадмын сонголтын хороонд бүтээлээ үзүүлэх эрхтэй болж байна. Афины наадамд шалгарсан киног Америкийн кино академийн буюу Оскарын наадамд өрсөлдүүлэх боломжтой. Монгол уран бүтээлчдэд томоохон боломж нээгдлээ гэсэн үг. 

Хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, эксперименталь гэсэн гурван төрөл тус бүрт монгол болон гадаад шилдэг нэг нэг бүтээл шалгаруулжээ. Угтаа баримтат киног мөн энэ шалгуураар тодруулах ёстой байсан ч Монголоос маш цөөн уран бүтээл ирсэн тул энэ удаад зөвхөн гадаад баримтат киног шалгаруулсан байна.

“Алтан хальс индепендент кино наадам 2017”-ын шилдгүүд: 

  • Шилдэг хүүхэлдэйн кино (гадаад)

"Миний буруу" (БНХАУ) - Ша Лиу

 
  • Шилдэг хүүхэлдэйн кино (Монгол)

"Аялал" - Б.Ивээлт

 
  • Шилдэг баримтат кино 

 "Мориом" (Швейцарь) - Марк Олекса

 
  • Шилдэг экспериментал кино (гадаад)

"Нүүрэн тал" (Канад) - Кэрол Нгуен

 

Кэрол Нгуен 2015 онд "Энэ эзэнгүй айл биш" бүтээлээрээ Шилдэг хүүрнэлт киноны шагнал хүртэж байсан. 

  • Шилдэг экспериментал кино (Монгол)

 "Төөрөгдөл" - З.Мөнхбат

 
  • Шилдэг хүүрнэлт кино (гадаад)

"Лимбо" (Грек) - Константина Котзамани

 
  • Шилдэг хүүрнэлт кино (Монгол)

"Гайхамшигт нислэг" - Л.Бат-Амгалан

 
 
  • Шүүгчдийн нэрэмжит шагнал

 "Зам" - Ц.Дэнсмаа

 

52 орны 268 бүтээл өрсөлдсөн энэ удаагийн наадамд гадаадын хоёр ч алдартай найруулагч ирсэн юм. Берлиний олон улсын кино наадмын дээд буюу “Алтан баавгай” шагналт, Турк гаралтай герман найруулагч Фатих Акин ирсэн нь Монголын кино сонирхогчдын хувьд нэн онцгой үйл явдал болов. Тэрбээр өнгөрсөн онд олны хүртээл болсон “Чик” киногоо толилуулсан. Өсвөр насныхны амьдралыг маш өвөрмөцөөр харуулсан энэхүү гайхалтай бүтээлийн гол дүрд Б.Ананд нэртэй 14 настай монгол хүү тоглосноороо онцлог. 

 
Фатих Акин орчуулагчийн хамт

“Алтан хальс” холбооноос тав дахь жилдээ зохион байгуулсан уг наадмын ерөнхий шүүгчээр энэ жил ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын найруулагч Элла Манжеева ажилласан. Тэрбээр Уран сайхны кино атлаа баримтат кино мэт сэтгэгдэл төрүүлэхүйц, сонирхолтой өгүүлэмж, содон уур амьсгалтай “Цахлай” киногоо авч ирэв. Э.Манжеева тус бүтээлээрээ Берлиний наадамд шалгаран оролцсон юм. 

 
Фатих Акин орчуулагчийн хамт

Ф.Акин, Э.Манжеева нар кино наадмын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, мастер класс хийн кино бүтээх явцад тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн давах, дэлхийн тавцанд бүтээлээ гаргахын тулд юу хийх боломжтойг хэлж өгсөн. 

Шагнал авсан болон оролцсон уран бүтээлчдэд баяр хүргэе!