Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 95 согтуу жолоочийг илрүүлжээ

ikon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 95 жолоочийг илрүүлэн саатуулжээ.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 411 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7, мөргөлдсөн 13, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж эхэлжээ.

Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр хоёр хүүхэд өртсөн байна. Тухайлбал: БГД-ийн нутаг Өргөө кино театрын урд замд T.Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, ганцаараа явж байсан 6 настай Б-г мөргөж гэмтээсэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Төгсийн хонхор гэх газар асфальтан замд T.Prius-20 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 64 настай, эмэгтэй П-н амь нас хохирсон тус тус хэргүүд шалгагдаж байна. 


Зам тээврийн ослын 15-25 хувьд нь техникийн байдал нөлөөлдөг гэж дэлхий нийтээр үздэг. Манай улсын хувьд 2017 оны эхний 5 сарын байдлаар бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас нийт 18 осол бүртгэгдсэний 14 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Баяр ёслолын өдрүүдэд болон дулааны улиралд хөдөө, орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгддэг. Ялангуяа харанхуй үед замын хөдөлгөөнд оролцох нь хамгийн хүндрэлтэй байдаг. 

Өөрөөр хэлбэл шулуун замд холын гэрэл нь 500-700 метр зайнаас сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлдэг гэсэн тооцоо бий. Чухам энэ зайнаас эхлэн өөдөөс ирж байгаа жолооч холын гэрлийг ойрынход шилжүүлэхийг танаас хүсч эхэлдэг гэсэн үг юм. 

Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлд "...Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ." гэж заасан байдаг.

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед холын гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцоорой. 

 

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба